СУРВАЛЖЛАГА | Цагаан сарын төсөв төлөвлөхөд туслах ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

Монголчуудын хамгийн өндөр ач холбогдол өгч тэмдэглэдэг Цагаан сарын шинийн нэгэн ирэх хоёрдугаар сарын 05-нд тохиож буй. Урвуулагч хэмээх гал гахай жилийн сар шинийн баяраас урьтаж ZINDAA.mn сайтаас уншигчдадаа зориулан "Цагаан сар ба төсөв" цуврал сурвалжлагыг бэлтгэн хүргэж байна. Энэ удаа Улаанбаатар хотын хамгийн том зах, худалдааны төвүүд болох "Нарантуул", "Хүчит шонхор", "Барс" захын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг нэгбүрчлэн хийж, харьцуулж харах боломж олгож байна. Мөн өнгөрөгч арванхоёрдугаар сард цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, ууц, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ ханш ямар байсан талаарх мэдээллийг бэлтгэж, цагаан сараар өргөн хэрэглэдэг хүнсний үнэ, өртөг хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахыг зорилоо.

 


 

2018 БА 2019 ОНЫ ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

 

Нийслэлийн Статистикийн газраас танилцуулсан 2019.01.09-ний өдрийн байдлаарх үнийн судалгааг харъя. Төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвийн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнд судалгаа хийхэд 14 нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногийнхоос нэмэгдсэн байжээ. Тухайлбал, оны өмнө буюу арванхоёрдугаар сарын сүүлээр 4900-9144 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан ямаа, хонь, адуу, үхрийн махны үнэ нэмэгдсээр өчигдрийн байдлаар /2019.01.13/ 5900-11000 төгрөгийн хооронд хэлбэлзэх болж. Мөн иргэдийн өргөнөөр хэрэглэдэг хүнсний ногоо, ургамлын тос, цагаан будаа, элсэн чихэр зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнүүд өмнөх сараас 50-100 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нэмэгдэл ихэнх захуудад ажиглагдах бөгөөд сүүлийн саруудад үнэ нэмэгдээгүй өргөн хэрэглээний бүтээгдэхүүн гэж байхгүй болсныг захын худалдаачид ч, үйлчлүүлэгчид ч хэлж байна. Ингээд өдөр тутам хэрэглэдэг өргөн хэрэглээний хүнс, барааны үнийн талаарх мэдээллээ цааш үргэлжлүүлье.

 

ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН

 

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа”-н нэг кг-аар савласан гурилын үнийг харьцууллаа. Дээд гурил 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.

 

“Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр, 2-р зэргийн гурил 800 төгрөгөөр зарагдаж байгаа бол "Хүчит шонхор" захад дээд зэргийн "Алтан тариа" гурил 1300 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөг, 2-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

 

ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО

 

Монгол үрийн төмс хүнсний зах, дэлгүүрт 600-1000 төгрөгийн үнэтэй болжээ. Төмс “Хар хорин" захад хамгийн хямд буюу 600 төгрөг, харин “Меркури” захад хамгийн үнэтэй буюу 1 кг нь 1000 төгрөгийн үнэтэй. "Барс" худалдааны төвд 900 төгрөг, "Хүчит шонхор" захад 1000 төгрөгийн үнэтэй байлаа. Дээрх захуудад дунджаар монгол лууван 900-1299 төгрөг, байцаа 900-1500, манжин 1500-1800, сонгино 1000-1500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

 

БУСАД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

 

Хүмүүсийн хамгийн их худалдаж авдаг ОХУ-д үйлдвэрлэсэн цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 4200-4500 төгрөгийн үнэтэй. “Барс" худалдааны төвд хамгийн хямд буюу 4200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 4500 төгрөгөөр “Хүчит шонхор" захад худалдаалж байна. Ургамлын тос дунджаар 3453 төгрөг буюу 3200-3750 төгрөгийн үнэтэй болжээ. Гүрж ногоон цайны дундаж үнэ 2018.07.18-ны үед 1513 төгрөг байсан бол өнөөдрийг хүртэл тогтмол 1522 төгрөгийн дундаж үнээ хадгалж иржээ.

 

Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 2600-2750 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд “Хүчит шонхор" зах, “Бөмбөгөр" худалдааны төв, “Барс" худалдааны төв, “Хар хорин" захад хамгийн хямд буюу 2600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 2750 төгрөгөөр “Баянзүрх" зах худалдаалж байлаа. Фүжи алимны дундаж үнэ 2018.11.07 өдөр 4280 төгрөг байсан бол түүнээс хойш 2019.01.14-ний өдрийг хүртэл тогтмол 4350 төгрөгийн дундаж үнэтэй худалдаалагдаж иржээ.

 

ОХУ-аас оруулж ирсэн өндөг ихэнх захуудад 324 төгрөг буюу дунджаар 280-390 төгрөгийн үнэтэй байна.

 

"БАРС" БУСДААС ХЯМД, ГЭХДЭЭ!

Үнийн сурвалжлагын явц дахь судалгаагаар Баянгол дүүргийн III хорооны Тээвэрчдийн гудамжинд байрлах “Барс” захын хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд бусад захаасаа бага зэрэг хямд байгаа нь ажиглагдсан. Гэхдээ бүх төрлийн ястай, цул махны үнэ өнгөрөгч арванхоёрдугаар сараас илт өссөн байв. Жишээлбэл, үхрийн цул мах кг нь бусад захтай ижил нэмэгдэж, 11000 төгрөг болжээ. Жимс, ногоо зэрэг импортын хүнсний бүтээгдэхүүн шууд буудаг болохоор тус захын төрөл бүрийн жимс, ногоо харьцангуй хямд байдаг тухай худалдаа эрхлэгчид нь хэлж байв. Угаасаа хүмүүст ч тийм ойлголт байдаг.

 

"Барс" зах 600 орчим түрээслэгчтэй. Нийслэл хотын жимс, хүнсний ногооны төв цэг бөгөөд зөвхөн жимс, жимсгэний 80 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Энд жирийн өдрүүдэд 2-8 вагон жимс буудаг бол баяр ёслолын үеэр арваад вагон хүрдэг хэмээн худалдаа эрхлэгчид бидэнд ярьсан. Бусад захыг бодвол зай талбай бага бөгөөд ердөө нэг га талбайд үйл ажиллагаагаа эрхэлдэг байна. Вагоноос байнга ачаа буулгадаг, хөл хөдөлгөөн ихтэй учир энд цэвэр цэмцгэр байдлын тухай яриад ч хэрэггүй санагдсан. Хэрвээ нийслэлээс газар шийдээд өгчихвөл "Барс" захад шинэ захын зураг төсөл бэлэн байгаа тухай “Барс импэкс” ХХК-ийн орлогч захирал М.Эрдэнэчимэг нэгэн ярилцлагадаа онцолсон байсныг санав. Хүний хөл хөдөлгөөн их, өрөөтэй бараа нь ихэдсэн энэ газар тун удахгүй шинэчлэгдэнэ гэж найдья.

 

"ХҮЧИТ ШОНХОР"-ООС ХӨӨГДӨВ

Өглөөний 06 цагаас оройн 16 цаг хүртэл ажилладаг "Хүчит шонхор" захад бид 07.30 цагт сурвалжлага бэлтгэхээр очлоо. Хамгийн хямд махтай гэгддэг “Хүчит шонхор” зах Улаанбаатар хотыг махаар хангадаг ганц бөөний төв. Хөдөөнөөс орж ирж байгаа мах ачсан машинууд бүгд энэ захыг зорьдог. Мөн нийслэлийн бүх хүнсний зах, дэлгүүр, зоогийн газар зөвхөн эндээс махаа татдаг гэдгийг бид мэднэ. Задгай талбай, чингэлэгийн худалдаа олонтой энэ газрыг 2018 онд хааж, хотоос гаргах тухай Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж байдаг ч өнөөдрийн байдлаар тус зах үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. Ер нь энэ захыг тойрсон маргаан олон бий. Түрээслэгчдээ хохироодог, баталгаагүй мах зарагддаг гээд тоочоод байвал гарч ирээд л байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч оны аравдугаар сараас ямааны махыг хятадууд бөөнөөр худалдаж аваад, махны хомсдолд ороод байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд гарсан. Тиймдээ ч тэр үү, худалдаа эрхлэгчид болоод захын удирдлагууд хэвлэл мэдээллийнхэнд тийм ч таатай хандахгүй байгаа нь ажиглагдсан юм. 

 

Гадаа талбайд гурил, гурилан бүтээгдэхүүнээ борлуулах худалдаа эрхлэгчдээс үнийн судалгаагаа хийж яваад бид тун удалгүй хөөгдөж орхив. Учир нь удирдлагууд нь ямар нэгэн хэвлэлд тодруулга өгөхийг хориглосон байдаг аж. Ингээд ном журмын дагуу "Хүчит шонхор" захын удирдлагаас зөвшөөрөл авахаар очсон боловч "Ямар ч мэдээлэл өгөхгүй, энэ хүмүүсийг яг одоо хөөж гарга" гэсэн тушаалаар гурван хүнээр дамжлуулах шахам захаас хөөгдсөн билээ. Бид хаалгаар гарч явахдаа ууцны үнэ асууж амжсан бөгөөд тус захад цагаан сарын ууц 150-250 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан юм.

 

"НАРАНТУУЛ" ДЭЭР Ч МАХНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

"Нарантуул" захаар сар шинийн бэлтгэл хангасан хүмүүс байгаа нь илт. Хүмүүс хамгийн түрүүнд ширээний гол зоог ууц болон хэвийн боов сураглаж, худалдан авах бөгөөд цаашлаад хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүнээ бэлтгэх аж.

 

Өдрийн 14.30 цагт Баянзүрх дүүрэгт байрлах "Нарантуул" захын гадаа лангууг зорих хүний хөл татарсан байлаа. Харин "Нарантуул" захын хүнсний бүтээгдэхүүний худалдааны хэсэг “Баялаг-Ундраа” төвд түм түжгэнэж, бум бужигнан байв. Хаалгаар дөнгөж ороход цагаан идээний тасаг байх бөгөөд үргэлжлэн жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүний худалдааны цэг байрлах аж. Үнийн судалгаагаа иргэдийн хамгийн хэрэгцээт махан бүтээгдэхүүнээс эхлэн хийв. “Үхрийн цул мах 11000 төгрөг, миний дүү хэдэн килограммыг авах вэ” гэсээр махны тасгийн худалдагч нар угтав. Худалдаж буй мах бүрээ нэг бүрчлэн хүнсний гялгар уутаар ороосон худалдагч эмэгтэй "Махны гүйлгээ тааруу байгаа учир махаа хатаахгүйн тулд гялгар уутаар ороодог юм" гэж хонины цул махаа санал болголоо. Энэ мэтчилэн "Нарантуул" захын мах махан бүтээгдэхүүний тасгийг үдэв. Өнгөрөгч сараас махны үнэ илт нэмэгдсэн нь мах, махан бүтээгдэхүүний тасгаас гарах даруйд ажиглагдаж байлаа.

 

Дээрх өгүүлсэн болон үнийн талаарх бусад нэмэлт мэдээллийг уншигчдад хялбар мэдээлэх үүднээс ИНФОГРАФИК ашиглан хүргэж байна.

 

ИНФОГРАФИК

 

Мах, махан бүтээгдэхүүн /2019.01.11/

 

Гурил, гурилан бүтээгдэхүүн /2019.01.11/

 

Хүнсний ногоо /2019.01.11/

 

Жимс, жимсгэнэ /2019.01.11/

 

Цагаан идээ /2019.01.11/

 

Бусад бүтээгдэхүүн /2019.01.11/

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуус(202.9.43.4) 2019 оны 01 сарын 15

цагаан сараар амралтанд явах гэхээр ажиллах амралт алга Саунд фитнестээ л явсан хамаагуй дэээр хагиад хурч бхаар

0  |  0
Bayarallaa(115.171.244.105) 2019 оны 01 сарын 14

Orgon heregleenii baraa, benzin shatahuunii uniig osgej ogson Hurelsuh dee bayarallaa. Iim baidald hurgehed ni setgel hamgui tusalj toroo tsatsaani Oyun-Erdene dee tuilaas bayarallaa. Dahiad unee osgoorei Ta 2 l hiij chadna.Ta 2 l ard tumee bodoj,ulsaa hogjuuleh gej orgon heregleeni baraa buteegdehuunii uniig osgoj chadna. Zovhon ta 2 shuu ard tumen ni naidaj baigaa shuu. amijilt husie !Ta 2-too hairtai shuu Byarallaa bayarta Baka chau.

0  |  0
Bayarallaa(115.171.244.105) 2019 оны 01 сарын 14

Orgon heregleenii baraa, benzin shatahuunii uniig osgej ogson Hurelsuh dee bayarallaa. Iim baidald hurgehed ni setgel hamgui tusalj toroo tsatsaani Oyun-Erdene dee tuilaas bayarallaa. Dahiad unee osgoorei Ta 2 l hiij chadna.Ta 2 l ard tumee bodoj,ulsaa hogjuuleh gej orgon heregleeni baraa buteegdehuunii uniig osgoj chadna. Zovhon ta 2 shuu ard tumen ni naidaj baigaa shuu. amijilt husie !Ta 2-too hairtai shuu Byarallaa bayarta Baka chau.

0  |  0
asd(112.72.2.206) 2019 оны 01 сарын 14

yumnii usuud l bh shivdee. hestuu l bolj bndaa

0  |  0
zochin(112.72.2.206) 2019 оны 01 сарын 14

ih aytaihan yum bolj bayarlalaa

0  |  0
zochinj(103.57.92.37) 2019 оны 01 сарын 14

yariltslaga ugch chaddagui ed tegeed yu yum be sudalgaa avch boldoggui yumuu tegeed xotiin udirdlaguud ajilluulaad l baix yum zuvshuurlii ni xuraaj avaad xaagaa ch davarsan chatsga ve,

0  |  0
Top