Сүүлийн хоёр жилд НҮБ-ын ажилтнууд болон гэрээт ажилтнуудын гуравны нэг нь бэлгийн дарамтад өртсөн талаар НҮБ-ын тайланд дурджээ.
Deloitte олон улсын сүлжээнээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард явуулсан онлайн судалгаанд НҮБ, түүний системийн байгууллагуудад ажилладаг 30364 хүн оролцжээ.
Үүнээс үзвэл, судалгаанд оролцогчдын 21.7 хувь нь насанд хүрэгчдийн онигоо, яриа сонссон, 14.2 хувь нь гаднах төрх, бие, бэлгийн амьдралынх нь талаар хоёрдмол утгатай үг сонсож байсан гэсэн бол 13 хувийг нь насанд хүрэгчдийн сэдэвт ярианд татан оролцуулахыг оролдож байсан гэж хүлээн зөвшөөрсөн байна. Мөн 10.1 хувь нь өөрт нь тааламжгүй мэдрэмж төрүүлэхүйц байдлаар биед нь хүрч байсан гэжээ. Эдгээр ажилтнуудын талаас илүү хувь нь ажлын байран дээрээ бэлгийн дарамтад өртсөн бол 17.1 хувь нь ажилтай нь холбоотой арга хэмжээн дээр ийм байдалд орж байсан гэнэ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш эрх тэгш байдал, нэр хүнд, хүний эрхэд суурилсан байгууллагын хувьд өөрсдөө үлгэр жишээ үзүүлж, стандартыг тогтоох ёстой гээд маш олон зүйлийг өөрчилж, тунгалаг, нээлттэй байдлыг хангахад бодит арга хэмжээ авах шаардлагатай байна гэж онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )