Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзлаа. Хатагтай Наоми Китахарагийн томилолтын хугацаа дуусч эх орондоо буцах гэж байгаа юм. Тэрээр Монгол Улсад ажиллах хугацаандаа залуучуудын хөгжил, жендерт суурилсан хүчрхийлэлтэй тэмцэх асуудал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны эрүүл ахуйг сайжруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлсэн билээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, НҮБ-ын Хүн амын сантай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэхүү хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд санаачилга гарган ажиллаж, бүх талаар дэмжлэг үзүүлж, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж хатагтай Наоми Китахараг “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа.
НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт маш олон төсөл хэрэгжүүлсэн бөгөөд үр дүнг нь хэдийнэ үзсэн. Мөн тодорхой цаг хугацааны дараа үр дүн нь гарах олон ажлыг хамтдаа эхлүүлсэн гэдгийг БСШУС-ын сайд онцолсон. Тухайлбал, олон жил тасарсан эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг сэргээж оруулсан нь өөрөө эцэг, эхчүүд болон олон нийтээс талархал хүлээгээд байгаа билээ. Хатагтай Китахарагийн хувьд БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлсэн төслүүдээ дэмжин ажиллахаас гадна НҮБ-ын харьяа байгууллагуудыг идэвхжүүлж, манлайлан ажилласанд нь талархаж байгаагаа Ц.Цогзолмаа сайд илэрхийлсэн юм.
Уулзалтад НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь салбарын тэргүүн Каори Ишикава байлцсан юм. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүнийг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь салбарын тэргүүнээр ажиллахаар болсонд баяр хүргэн, тус сантай цаашид олон хөтөлбөр, төслүүд дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: БСШУСЯ
Сэтгэгдэл ( 2 )
Суурин төлөөлөгчид хугацаагаа дуусахаар байгууллага аймаг дамжаад бэлэг сэлт аваад, болсон болоогүй төмөр энгэртээ зүүгээд яваад байдаг болчихсон юм уу. Дипломат ёс, НҮБ-ын дүрэм нь ийм болчихсон юм уу. НҮБ-ын байгууллагууд хүртэл авилгат идэгдэж эхэлсэн үү.
Удахгүй суудлаасаа ховхрох энэ хүнийг төрийн хэрэгт оролцуулахаас зайлсхийх хэрэгтэй. Ер нь бол нүүр халуу оргиулсан, ичмээр дамшиг шүү дээ. Юу юу гэж донгоссон бол...