Хараагүй иргэд өдөрт 60-70 даавуун уут оёдог

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоол болон Засгийн газрын 189 дүгээр тогтоолд 0,035 мм ба түүнээс нимгэн нийлэг уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны гуравдугаар сарын 01-нээс эхэлж хориглохоор болсон.


УИХ-ын болон Засгийн газрын тогтоолын биелэлтийг хангах үүднээс УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар даавуун тор, бичиг хэргийн цаасан дугтуй үйлдвэрлэдэг Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцсан байна.


Төвийн захирал З.Болдсайхан танилцуулгадаа “Гол захиалга төрийн байгууллагуудаас ирүүлдэг бичиг хэргийн дугтуй байдаг. Сард 100 мянган ширхэг дугтуйг ажилчид гар аргаар хийж байна. Бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэх, үйлдвэрлэлийг автомат үйл ажиллагаанд шилжүүлж хүчин чадлаа сайжруулахын тулд төсөл, зээлд хамрагдахаар жил бүр хөөцөлддөг ч санхүүжилт авч чаддаггүй. Хүчин чадлаа нэмэгдүүлснээр сургалт үйлдвэрлэлийн төвийн хэмжээнд 200 хүнийг ажлын байраар хангах боломж байна. Одоогоор 100-аад ажилчинтай, 70 орчим нь хараагүй иргэд байдаг” гэв. Харин оёдолчин Б.Нансалмаа “Манай оёдлын цех 5 оёдолчинтой. Нэг оёдолчин өдөрт 60-70 тор оёдог. Захиалга сайн байвал үүнээс ч илүүг оёх боломжтой. Гялгар уутыг хязгаарлаж, даавуун уутны зах зээл тэлэхээр захиалга нэмэгдэх болов уу гэж найдаж байна. 7-8 төрлийн уут үйлдвэрлэдэг. Зах зээлд 400-800 төгрөгийн хооронд зарагддаг” гэлээ.


Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолд  химийн хорт бодисыг үлдэгдэлгүй устгах,  аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалттай газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар тусгасан. Энэ ажлын хэрэгжилт ямар байгаа талаар  Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа танилцуулахдаа, Газрын тухай хуулийн дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар гурван байршилд уг байгууламжийг барих санал оруулсан ч хурлаас суурьшлын бүс болон ундны усны эх  үүсвэр, салхин дээр байрласан зэрэг үндэслэлээр боломжгүй гэж үзсэн учир эцсийн байдлаар дахин байршил судалж, тэргүүлэгчдийн хурлаар оруулан шийдвэрлэхээр ажиллаж байна гэлээ. Тэрбээр сар шинийн баярын дараа гэхэд энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top