МҮОНРТ боловсон хүчнээ дэмжих БОДЛОГО хэрэгжүүлж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

Өнгөрсөн онд “MNB WORLD” сувгаа нээж, Монголын телевизийн түүхэнд шинэ жим татуулсан МҮОНРТ-ийн уран бүтээлчид шинэ оныг сэтгүүлч, уран бүтээлч, боловсон хүчнийхээ боловсрол, ур чадварыг дээшүүлэхэд анхаарал тавих жил болгожээ.

 

МҮОНРТ-ийн боловсон хүчнийг урт болон богино хугацааны давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх онол-дадлагын сургалтад хамруулах хүсэлтийг Москвагийн алдарт Бүх холбоотын Кино урлагийн дээд сургуулийн Эрхүү хот дахь салбар сургууль, мөн 100 гаруй жилийн түүхтэй Байкалийн их сургууль найрсгаар хүлээн авч, сургалтын эхний шатууд эхэллээ.

 

Шинэ оны эхний энэ өдрүүдэд тус телевизийн уран бүтээлчид хилийн дээс алхаж, эхний сургалтаа зориод байна. МҮОНРТ-ийн 100-гаад ажилтан, уран бүтээлч ОХУ-д болж буй "Тунгалаг харц" кино наадмын хүрээн дэх медиа боловсролын сургалтад хамрагдах ба сургалт нэгдүгээр сарын 24-27-нд үргэлжлэх юм. "Тунгалаг харц" кино наадмын хүрээн дэх медиа сургалт нь Эрхүү мужийн Боловсролын газар, Байкалийн их сургууль, Кино урлагийн их сургууль, ОХУ-ын "Киноны залуу уран бүтээлчдийн холбоо", "Байгаль нуурыг хамгаалах Олон улсын экологийн төв", "Криэйторуудын төв" болон бусад томоохон уран бүтээлийн нэгдлүүдийн шууд санаачлаган дор зохион байгуулагдаж байгаа ач холбогдол, нэр хүнд өндөр сургалт юм.

 

Хэвлэл, мэдээллийнхний түүхэнд ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр хилийн чанадад сургалтад хамрагдаж байсан тохиолдол ховор. Харин сувгийн хүртээмж, технологийн шинэчлэл, гадаад харилцаагаа сайжруулж, хөрөнгө оруулалт татаж чадсан МҮОНРТ-ийн удирдах баг энэ чиглэлд даацтай анхаарал хандуулж, одоо боловсон хүчнийхээ мэдлэг, боловсролд анхаарал тавьж байгаа нь сэтгүүл зүйн хөгжил дэх сайн жишээ билээ.

 


 

"Тунгалаг харц" кино наадмын хүрээн дэх медиа боловсролын сургалт нь дараах чиглэлийг онцлох аж.


1. Тайзны урлаг

2. Драм

3. Медиа контентын найруулагч

4. Анимаци (Хүүхэлдэйн кино)

5. Операторын ур чадвар

6.Гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж

7.Дууны тоног төхөөрөмжтэй ажиллах

8. Видеомонтаж

9. Сэтгүүлзүй

10. Жүжиглэх урлаг. Хүүрнэх чадвар

11. Уран бүтээлчидтэй ажиллах сэтгэлзүй

12. ОХУ-ын бүс нутгийн 600-гаад уран бүтээлийн байгууллагынхантай туршлага солилцох уулзалт.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top