Хонгор нутгаас сар шинийн өмнөхөн буюу гахай жилийн босго дээр Улсын аварга малчин найм, Улсын аварга саальчин хоёр, Улсын аварга тариаланч нэг төрлөө.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Шинэжинст суманд ажиллаж, Улсын аварга саальчин болсон Баянлиг сумын гуравдугаар багийн малчин Ц.Намжилмаад цол, гарын бэлгийг нь гардуулж өгсөн юм. Мөн Баянговь сумын Цоохор багийн малчин Ц.Бат-Эрдэнэ, Шинэжинст сумын Зараа багийн малчин Ө.Адилбаяр, Жинст сумын нэгдүгээр багийн малчин С.Түвшин нарт Улсын аварга малчин цолыг нь гардуулж өглөө.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар энэ үеэр малчид, сонгогчидтойгоо уулзаж, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим үйл ажиллагаа болон УИХ-аас баталж гаргасан хууль, эрх зүйн талаар мэдээлэл өгөн ажиллалаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2019.01.28/ Баянхонгор аймгийн төвд иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийх юм.
Сэтгэгдэл ( 0 )