ТОМИЛОЛТ: Тэмээчин Ц.Намжилмаа 45 жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

-Сар шинийн өмнөхөн буюу гахай жилийн босго дээр хонгор нутгаас Улсын аварга малчин найм, Улсын аварга саальчин хоёр, Улсын аварга тариаланч нэг төрлөө. Тэдэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд "Улсын аварга малчин", "Улсын аварга саальчин", "Улсын аварга тариаланч" цол, тэмдгийг нь гардуулж өглөө-

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Жинст зэрэг суманд ажиллалаа. Тэрбээр гахай жилийн босго дээр ажил, хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж "Улсын аварга малчин", "Улсын аварга саальчин", "Улсын аварга тариаланч"-аар шагнуулсан малчдад цол, тэмдгийг нь гардуулж өглөө.


Энэ жил буюу сар шинийн босго дээр хонгор нутгаас Улсын аварга малчин найм, Улсын аварга саальчин хоёр, Улсын аварга тариаланч хоёр төржээ. Харин тэдний дөрөв нь Баянлиг, Баянговь, Жинст сумаас тодорсон юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын нэр дэвшиж, парламентад сонгогдсон тойргоос гурван Улсын аварга малчин, нэг Улсын аварга саальчин төрсөн байна.

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

-БҮТЭН 45 ЖИЛИЙНХЭЭ ХӨДӨЛМӨРИЙН ШИМИЙГ ХҮРТЭЖ "УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН" БОЛЛОО-

 

Өнөө жил хонгор нутгаас “Улсын аварга саальчин” хоёр тодорчээ. Үүний нэг нь Баянлиг сумын гуравдугаар багийн малчин Цэрэнноровийн Намжилмаа юм. Тэрбээр 1974 оноос хойш өнөөг хүртэл мал маллаж байгаа аж. Харин төр, засаг түүний бүтэн 45 жилийн хөдөлмөр, ажлыг нь үнэлж гахай жилийн босго дээр “Улсын аварга саальчин” цол, тэмдгээр шагналаа.


Шинэхэн аварга маань эцэг, эхээсээ тавуулаа. Гурван эгчтэй, нэг дүүтэй айлын бага охин. Бага байхад нь ээж нь бурхан болсон тул аавдаа хань болохоор мал дээр гарчээ. Харин гурван эгч, нэг дүү нь эрдэм, номын мөр хөөхөөр хот бараадсан байна. Тэрбээр гурван хүүхэдтэй аж. Гурван хүүхдийнх нь хоёр нь хот, соёл бараадсан бол нэг хүүхэд нь мал дээр гарч, мал маллаж байгаа юм байна. “Улсын аварга саальчин”-аар тодорсон Ц.Намжилмаа “Би дунд сургуулийн охин байхдаа л мал дээр гарсан. Амьдралынхаа 45 жилийг мал маллаж өнгөрүүлж байна. Хөдөлмөрийн үр шимийг минь төр, засгаас үнэлж байгаад баяртай байна” хэмээн ярилаа.  

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!


 

-ДҮҮ МААНЬ БАГААСАА Л ИНГЭ СААЖ ӨССӨН -

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг Баянлиг сумын гуравдугаар багийн малчин, “Улсын аварга саальчин” цол, тэмдгээр шагнуулсан Ц.Намжилмаагийн гэрт очиход түүний гэр бүлийнхэн болон хамаатан садан нь бүгд цуглажээ.


“Улсын аварга саальчин” Ц.Намжилмаагийн төрсөн эгч Ц.Нарантуяа хэлэхдээ “Бид эцэг, эхээсээ тавуулаа. Манайх хэдэн үеэрээ л мал, маллаж ирсэн. Мал маллахдаа ихэвчлэн тэмээ малладаг байсан. Бид тэмээ гэдэг малыг л сайн мэдэж өссөн. Дүүгээ “Улсын аварга саальчин” цол, тэмдгээр шагнуулсанд нь баяртай байна. Манай дүү багаасаа л ингэ саасан. Сүүлийн хоёр жил л хөл нь өвдөөд ингэ саахаа больсон доо” хэмээн ярилаа.


ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!




 

-"УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН" Ц.НАМЖИЛМАА НЬ ДӨРВӨН ӨРХӨД 327 ТОЛГОЙ МАЛ ӨГЧ МАЛЖУУЛЖЭЭ-

 

Улсын аварга саальчин Цэрэнноровын Намжилмаа нь 1958 онд  төржээ. Тэрбээр 1974 оноос эхлэн мал аж ахуйн үйлдвэрлэл дээр тогтвор суурьшилтай хөдөлмөрлөж, тэр дундаа дэлхийд ховордож байгаа тэмээн сүргийг өсгөн үржүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн байна. Өөрийн малч хөдөлмөрч ажиллагааны үр дүнд цаг агаар хүндэрч байгалийн бэрхшээл тохиолдсон сүүлийн жилүүдэд төл малын хохирол, гарз хорогдолгүй мал сүргээ тогтвортой өсгөж байгаа аж.

 

Тэмээчин Ц.Намжилмаа нь төлөвлөлгөөт эдийн засгийн үед илгээлтээр гарч Улаан-Оч нэгдэлд тэмээн сүрэг маллаж байгаад 1992 онд анх хувьчлалаар авсан мал сүргээ өсгөн үржүүлж жил дарааллан 100 хувиар бойжуулан, малын өсөлтийг жигд тогтвортой байлгаж иржээ. Түүнчлэн малгүй өрхийг малжуулахад ихээхэн анхаарч дөрвөн өрхөд 327 толгой мал өгч малжуулан, 15 хүнийг амьдралын  баталгаатай болгосон байна.

 

Тэрбээр бэлчээрийн соргогийг даган захлаж нутаглаж мал сүргээ тарга тэвээргийг сайн авахуулж цаг агаар хүдэрсэн ямарч нөхцөлд мал эр сувайгаар нь ялган хорогдолгүй даван туулж олон нийтийн ажилд бусдыг манлайлан орорлцдог мал сүргийн үүлдэр угсааг сайжруулж Баянцагааны хуц, Бөмбөгөр, Жинстийн ухна, Ханын хэцийн хүрэн, Ламын гэгээний улаан зэрэг сайн угшилын хээлтүүлэгчээр сүргийн бүтцээ чанаржуулж мөн мал сүргээ мал эмнэлгийн үйлчилгээнд тогтомол хамрагдаж татвар тооцоог цаг хугацаанд төлдөг баг сумын тэргүүний саальчин аж.

 

ЗУРАГЛААЧ: М.ТЭНҮҮН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.190) 2019 оны 01 сарын 31

yamar mundag yum be. bayar hurgie. ervvl enh, az jargaliig husie

0  |  0
zochin(202.126.89.190) 2019 оны 01 сарын 31

yamar mundag yum be. bayar hurgie. ervvl enh, az jargaliig husie

1  |  0
b(66.181.168.8) 2019 оны 01 сарын 30

bayar huregeyee

0  |  0
Top