Өнгөрсөн Даваа гаригт /2019.01.28/ МУБИС өөрийн хөрөнгөөр барьсан хичээлийн III байран дахь Математик байгалийн ухааны сургууль, Биеийн тамирын сургуулийн оюутны номын сангийн хоёр давхар өргөтгөлийг хүлээн авч, ашиглалтад орууллаа. Оюутан хүний бие даан амжилттай суралцах, өөрийгөө хөгжүүлэх хамгийн таатай орчин бол номын сан байдаг. МУБИС-иас сүүлийн жилүүдэд оюутан суралцагчдынхаа тав тохитой суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэх, үйлчилгээг сайжруулахад онцгойлон анхаарч ирсний нэгэн томоохон бүтээлч ажлуудын нэг нь 2018 оны 6-р сараас өөрийн дотоод санхүүжилтээр барьж эхэлсэн 424 м2 талбай бүхий 200 суудалтай номын сангийн өргөтгөлийн барилгыг ийнхүү шинэ оны эхэнд хүлээн авч, ёслолын туузаа хайчлав.
Нээлтийн ёслолын үеэр МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах ”МУБИС-иас сургалт, судалгаа, мэдлэгийг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц шинжлэх ухааны мэдлэгийн сан хөмрөг бүхий, шинэлэг, эрүүл аюулгүй, тав тухтай, нээлттэй, насан туршийн боловсролыг дэмжих номын сангийн орчинг бүрдүүлж, МУБИС-ийн мэдлэгийг дэлхийд сурталчилах зорилго тавьж байна. Тус номын сангийн өргөтгөл ашиглалтад орсноор профессор багш, судлаачид, оюутнуудын сургалт, судалгааны орчин бүрдэж байгаа юм. Цаашлаад бид МУБИС-ийн номын сан нь багш, судлаач, суралцагч болон төгсөгч нарыг дэлхийн түвшний мэдлэг, мэдээлэлтэй холбох гүүр болох учиртай. Хэдхэн хоногийн өмнө бид "Номын сангийн хөгжлийн хөтөлбөр 2019-2024" баримт бичгийг баталлаа. Ингэснээр бид олон улсын жишигт нийцсэн номын сангийн программ хангамж нэвтрүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмж, мэдээллийн технологи, үйлчилгээний шийдлийг нэвтрүүлсэн, тав тухтай нээлттэй орчин бий болгох, мэдээллийн системийн дэд бүтцийг хөгжүүлэх, виртуал орон зайд суурилсан номын сангийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх алхмуудыг хийхээр төлөвлөж байна. Манай үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаачдын хичээнгүй хөдөлмөрөөр цогцлоон бүтээсэн ололт амжилт, баялаг туршлагаа улам баяжуулах, шинэ зууны оюутан залууст мэдээлэл хүргэх ажлыг тус номын сангийн хамт олон нэр төртэй биелүүлнэ гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэрхийлэхийн ялдамд манай номын сангийн эрдмийн хаалга нийт судлаачид, оюутнууд, уншигчид та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно гэдгийг илэрхийлэхэд таатай байна” гэлээ.
Номын сангийн өргөтгөл барилгын нээлтийн ёслолын туузыг БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа, МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, дэд захирал, профессор Д.Наранцэцэг, дэд профессор Х.Тамир, Б.Сүхболд нар хайчлав.
Тус арга хэмжээнд МУБИС-ийн эрдэмтэн багш нар, Оюутны зөвлөлийн гишүүд болон оюутан залуусын төлөөлөл, хамтын ажиллагаатай номын сангуудын төлөөлөгчид, МУБИС-ийн Номын сангийн хамт олон өргөнөөр оролцож баяр талархлаа дэвшүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )