Монгол иргэд АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт хамрагдах ХУГАЦААГ сунгалаа

2019 оны 01 сарын 30

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас 2019 онд түр хугацаагаар Н2 визээр ажиллах хүч авах гадаад орны жагсаалтыг шинэчлэн баталж, Монгол Улсыг энэхүү жагсаалтанд үргэлжлүүлэн хамруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр манай улс АНУ-д түр хугацаагаар цагаачлалын бус ажиллах хүч нийлүүлэх Н-2А болон Н-2В  визийн хөтөлбөрийг 2019 оны нэгдүгээр сарын 18-наас 2020 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов.


2019 оны жагсаалтад Мозамбик, Парагвай, Самоа улсыг нэмсэн бол Этиоп, Филлипин, Доминикан гэсэн 3 улсыг дээрх жагсаалтаас хасчээ.


Манай Улсын хувьд 2018 онд АНУ-ын хөдөө аж ахуйн Н2-А визийг 5 иргэн, хөдөө аж ахуйн бус Н2-В визийг 2 иргэн тус тус авчээ. Чингэхдээ тэд хувийн шугамаар АНУ-ын ажил олгогч нартай холбогдон ажлын байраа олж, одоо Мизүри, Хавай, Калифорни, Мэрилэнд зэрэг мужид ажиллаж байна.


Энэ дашрамд иргэдийг АНУ-д ажилд зуучилна, Н2 виз гаргана гэх нэрийдлээр иргэдийг бүртгэх, төлбөр хураамж авах зэрэг хууль бус, залилангийн шинжтэй үйлдэл гарч байгааг олон нийтэд анхааруулж байна. Эдгээр байгууллага нь АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Засгийн газартай ямар нэгэн хамаарал холбоогүйг Улаанбаатар дахь тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдсэн болно.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top