Ираны дүрвэгч Бехруз Бучанийн WhatsApp мессенжер аппликейшн ашиглан бичсэн ном нь түүнд уран зохиолын салбарын Викторианы шагналыг авчирчээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Бучани одоогоор Австралийн хилийг хууль бусаар зөрчсөн хэргээр Папуа Шинэ Гвинейн Манус арал дээр хоригдож байгаа юм. Тэнд байх хугацаандаа курд үндэстэн Бучани “No Friend But the Mountains: Writing from Manus Prison” /Уулнаас өөр найзгүй: Манус шоронд бичсэн тэмдэглэлүүд/ номоо бичжээ.
Энэхүү бүтээл нь түүнд уран зохиолын салбарын томоохон шагнал, нэр хүндийг авчирснаас гадна 55 мянган фунт стерлинг буюу 72.5 мянган ам.долларын эзэн болгожээ.
Тэрбээр 2013 онд Зүүн Өмнөд Азиас Австралид завиар ирсэн даруйдаа саатуулагдсан байна. Сэтгүүлчийн ажил нь эрх баригчидтай үл ойлголцол үүсгэсний дараа тэрбээр эх орноосоо зугтаан гарчээ. “Би Ираны шоронд орохыг хүсээгүй тул тэндээс явсан” гэж Бучани ярьжээ.
Одоогоор Бучани Манус арал дээр байгаа бөгөөд өмнө нь тэнд дүрвэгсдийн төв байжээ. Тэрбээр Австралид хуулийн дагуу нэвтрэх боломжгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )