Монголын бурхны шашны гурван зулын нэг VII Зая гэгээн таалал төгслөө. Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын бичсэн эмгэнэл болон Зая гэгээн таалал төгссөнд зориулсан “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэж байна.
МОНГОЛЫН АРД ТҮМЭНД СОНОРДУУЛАХ НЬ
Адистидын дээдийг хайрлагч язгуур үндэсний лам
Агуу шидийн хурыг буулгагч амирлангуй хилэнт ядам,
Ад зэтгэр бүгдийг арилгагч дагинас номын сахиусанд
Ариун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн мөргөмүй.
Умар зүгийн Монгол орны аврал итгэл, Монголын Бурхны шашны оройн чимэг Зая Бандид хутагт Лувсанданзанпүлжинжигмэд гэгээнтэн бээр шавь олныг дээдийн номын рашаанаар цэнгүүлэн зохиож байгаад XVII жарны шороон нохой жилийн өвлийн сүүл сарын бүтүүний өдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр ертөнцийн мөнх бусын ёсыг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураалаа.
Зая Бандид хутагт Лувсанданзанпүлжинжигмэд бээр урьд дүрүүдийн Зая гэгээдийн адилаар Монгол орны шашин номын үйлсийг тэтгэж, шавь олноо таалал нигүүлсэлдээ болгоон, цөвүүн цагийн аврал итгэл болон оршиж байлаа. Тодорсон даруй Монгол орноо залран саатахуйд нийт сүсэгтэн болоод төрөлх нутгийн шавь, нийтийн сүсгийн хумх дэлгэрэн мишээж, шавь нийтийн итгэл сүсгийн орон болж байсан. 1999 оны туулай жилд Сэра, Брайвун тэргүүтэй хийд орноор саатан морилж байхад Энэтхэг Төвөдийн гэгээн хутагтууд, эгэлгүй номын мэргэдүүд "Монголын Зая бандид хутагт" залран ирлээ хэмээн сүсэглэн залбирч урьд дүрүүдийн ач гавьяаг нэхэн санагалзаж байсан нь Зая бандид хутагт нар Монгол төдийгүй нийт Бурхны шашинт орнуудад "Номын далай хутагт" хэмээн алдаршиж байсныг илтгэн харуулж байлаа. Гэлүгвагийн номын ёстон бүхний дамжлагын дээд багш нарын тоонд анхдугаар дүрийн Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй гэгээнтэн бээр албан ёсоор ордог.
Учир юун хэмээвээс Богд Зонховын гэгээний үндэслэн гаргасан Гэлүгвагийн шашинд тасрах шахсан Ганжуур эрдэнийн лүнг /аман иш/ бүрэн гүйцэд хүртээд, Монгол Төвөдийн номын мэргэдэд дамжуулан хүртээсэн нь өнөөг хүртэл тасралтгүй оршиж байгаа юм. Зая гэгээнтний алдраар алдаршсан "Заяын сан ег" хэмээх 4 боть ховор бүтээлийг дуулаагүй, үзээгүй номын мэргэд гэж үгүй юм. Хоёрдугаар дүрийн Зая гэгээнтэн бээр VII Далай лам Галсанжамц гэгээнтний хайрласан Нандэн Лхам, Сэра хийдийн нандин шүтээн Дамдин янсан, Дүвчэн Дарчарвын Пүрэв, Логшир тэргүүтнийг хүрээндээ залж ирсэн нь Заяын хүрээний шүтээний эрхэм болон оршиж байсан. V дүрийн гэгээнтэн бээр илт мэдэл хэтийдсэн эрдэмтэй сайхан гэгээн байсан. Энэ дүрийн гэгээнтэн маань номын үйлс шавь олноо гэх онцгой сэтгэл нь дээд төрөлхтөн бодисадвагийн явдал үйлийг биечлэн үзүүлж байсан санагддаг юм. Хөдөө орон нутгуудаар ихэнхдээ морилж зарлиг сургаалиа айлдаж, элдэв гамшиг аюул гарахвий хэмээн онцгой нигүүлсэн болгоож тахилга тайлга, даатган залбирлыг онцгойлон үйлдэж байлаа. Бодисадва нарын амьтнаа туслах арга бүхэн нь онц гайхамшигтай байдаг.
Монголын Бурхны шашны номын зул болсон гэгээн хутагт минь таалал төгссөнд гүнээ гашуудан гүн эмгэнэл илэрхийлье. Зая гэгээнтний минь гэгээн хойд дүр шавь олныхоо эгээрэл хүслийг тольдон болгоож, шашин амьтны тусад Монгол орноо үтэр түргэн залрах болтугай.
XVII Жарны тийн урвуулагч хэмээх гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 2 буюу 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдөр
ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ, ГАВЖ Д.ЧОЙЖАМЦ
***
“ГОНЗОГ” ЕРӨӨЛ БУЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
2019.02.13, ШИНИЙН 8-НД 09:00-12:00 цагт
2019.02.13, ШИНИЙН 8-НД 12:00-23:00 цагт
2019.02.14, ШИНИЙН 9-НД 09:00-07:00 цагт
2019.02.15-НД 07:00-11:00 цагт
Зохион байгуулагч: МБШТ, Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшог дацан
Сэтгэгдэл ( 0 )