Ц.Мөнхнасан: Архангайг Хөвсгөлтэй холбох авто замын ажлыг эрчимжүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

- ЗАСАГ ДАРГА ЯРЬЖ БАЙНА -

 

Архангай аймаг улсдаа мал сүргийн тоогоор дээгүүрт бичигддэг. Энэ жил тус аймагт өвөлжилт ямар байгаа болон 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцаж, тодрууллаа.

 

ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХНАСАН:

 

-Архангай аймгийн хувьд өнгөрсөн 2018 он үр бүтээл өндөр, бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. Өнгөрсөн онд улсын төсөвт 6.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстойгоос найман тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 1.3 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн. Ер нь сүүлийн гурван жилийн хугацаанд байнга төлөвлөгөөгөө давуулан биелүүлж ирсэн.

 

Архайнгай аймгийн бүтээн байгуулалтаас танилцуулъя. Бид “Архангайд  үйлдвэрлэв” худалдааны төвөө ашиглалтад оруулснаар аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах нэгдсэн нэг төв бий болсоноос гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх гарцыг бий болгоод байна. Мөн Ноосны үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

 

Архангай аймаг өнгөрсөн онд эрүүл мэндийн салбартаа гурван шинэ технологи нэвтрүүлсэн. Эмэгтэйчүүд болон дурангийн хагалгааг орон нутагтаа хийх бүрэн боломжтой болсон байгаа. Ингэснээр гурав дахь шатлалын эмнэлэг буюу Улаанбаатар хот руу явах хөдөлгөөн эрс багассан. Мөн Гемодиализийн үйлчилгээ болон элэгний вирусын шинжилгээг бүрэн хийж байна.

 

“Багшийн хөгжил хөтөлбөр”, “Ирээдүй 1+1” хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 20-25 хувь нь өөрсдийн сонирхлоороо хичээлээс гадуур дугуйлан, секцүүдэд хамрагдаж, аймаг, улсын уралдаан, тэмцээнүүдэд амжилт үзүүлэн, сурлагын чанар илт нэмэгдэж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үзүүлэлт нэмэгдэж, улсын хэмжээнд 13-р байрт жагслаа.

 

Энэ жил хүн ам болон малын тоо толгой өссөн үзүүлэлттэй гарсан. Нийт малын тоо толгойгоор улсад гуравдугаарт, үхэр, адуу, хонин сүргийн тоогоороо улсад тэргүүлж байна.

 

Өвөлжилтийн тухайд нийт нутгийн 70 орчим хувь цасгүй бараан, малын хорогдол одоогоор гараагүй. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг энэ жил сайн хангасан. Харин хаваржилт хүндэрч болзошгүй байгаа учраас бэлтгэл ажилд анхаарал тавин ажиллаж байна.  Ялангуяа өнгөрсөн зун сум бүрт өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхээр 10, 10 га газарт тариалах ногоон тэжээлийн үр өгсөн. Тэр хэмжээгээр Архангай аймгийн сум бүр ногоон тэжээлийн нөөц бий болгож, нийт 700 орчим тонн ногоон тэжээлийг нөөцлөөд байна.

 

Энэ онд Архангай аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 46 ажил, орон нутгийн хөгжлийн сангаас таван тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалт буюу иргэдийн нийгмийн асуудал болох сургууль цэцэрлэг, соёлын төвүүдийн барилга шинэчлэлт, их засварын ажлууд хийхээр тусгаад байна.

 

Хэвтээ тэнхлэгийн авто зам болох Өгий нуураас Батцэнгэл сумаар дайрч, Их тамир сумаар дамжин Хөвсгөл аймагтай холбогдох авто замын ажлыг энэ жил бид үргэлжлэхээр болсон нь сайн хэрэг юм.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.90) 2019 оны 02 сарын 15

Ихтамираас Хөвсгөлийн чиглэлд зам тавих худлаа байхаа. Харин Өлзийтөөс Хайрхан Рашаант гэсэн зам тавигдаж болох юм.

0  |  0
ssss(64.119.24.75) 2019 оны 02 сарын 14

сурвалжлагч Болдын Монхзаяа худлаа бичсэн байна

0  |  0
Зочин(66.181.161.22) 2019 оны 02 сарын 13

Хөгжлөөрөө хамгийн сүүлийн байранд орчихоод худлаа хуцахаа боль.

0  |  0
зочин(66.181.160.68) 2019 оны 02 сарын 12

Шаагаад байгаараа яахаараа Өгий-Батцэнгэл-Ихтамир гээд Хөвсгөл ордог юм бэ

1  |  0
Top