Бүтээлч үйлдвэрлэл “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ”-д нэвтрэх үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

Шинэ бүтээл, оновчтой санаа. Хуучин цагт нам төрийн удирдлагууд нийгмийн амьдралд шинжлэх ухааны бүтээлийг нэн даруй нэвтрүүлэх зорилгоор ийм уралдаан зарладаг байжээ. Тухайн үед дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад томоохон үйлдвэрлэл байгаагүй ч ШБОС-ын ачаар хэрэглэж болох “технологийн дэвшил”-үүд нэвтэрч байсан цаг. Нуршсан оршлоо цааш нь түлхээд гол асуудалдаа оръё. “Эрдэнэс-Тавантолгой” нүүрсээ баяжуулаад, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл гоё уу? Мэдээж муухай гэж хэлэх хүн байхгүй нь лав. Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” уул уурхайн салбарт шинэ тутам нэвтэрч буй техникийн дэвшлүүдийг ашиглах, эрдэмтдийн зөвлөгөөг компанийн бодлогодоо нэвтрүүлж байхаар болжээ. 

 

Метан хий том боломж

 

Уул уурхайн салбар ч бус экспортын бүх л бүтээгдэхүүн бүтээлч бус, нэмүү өртөг шингээгүй байдгийг эрдэмтэд онцолж байлаа. Нийт экспортын бүтээгдэхүүнд бүтээлч байдал дунд зэрэг шингэсэн бүтээгдэхүүн ердөө тавхан хувийг эзэлж байгаа гэх. Дэлхийн томоохон эдийн засгууд нэмүү өртөг шингээгээд, бүтээлч үйлдвэрлэлийн салбараа дэмжсэн учраас том тоглогч хэвээрээ байх үндсээ тавьсан байдаг. Тухайлбал манайх 30 ам.доллароор дэлхийн зах зээлд гаргалаа гэж бодъё. Тэгвэл манайхтай яг адилхан бүтээгдэхүүн хийдэг ч түүнийг хэрэгтэй зүйл болгон дахин боловсруулаад 130 болгон бүтэн 100 ам.долларын ашигтай ажиллаж байгаа гэх.

 

“Одоогоос бараг 100 гаруй жилийн өмнө нүүрснээс шингэрүүлсэн хий гаргаж байсан түүх бий. Гэтэл манайх өнөөдөр ч үүнийг хийж чадахгүй байна. Шинжлэх ухааны академийн гишүүд, эрдэмтэд үүнийг боломжтой гэдгийг аль хэдийнээ тогтоочихсон байгаа. Бүтээлч үйлдвэрлэлийн салбараа дэмжиж, эрдэмтдийн санаа бодлыг сонсч байгаа нь талархууштай хэрэг” гэж Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал, Ph.D Ш.Түвдэнбалжир ярьсан юм.

 

Дэлхийн зах зээл дээр гарч, ногдол ашгаа тараах хүлээлттэй байгаа “Эрдэнэс-Тавантолгой” ирэх жилүүдэд нүүрсний хаягдал, бусад нөөц бололцоогоо ашиглан хөгжих зорилт тавиад байгаа гэх. Ялангуяа ихээхэн хэмжээний нөөцтэй монголчууд тоохгүй байгаа метан хийг ашиглах боломжтой ажээ. Одоогоор Тавантолгойн бүлэг ордын талбайд нийтдээ 10 хүртэл тэрбум шоо метр метаны нөөцтэй байгаа аж. Хятадын зах зээл ялангуяа метан хийг асар их хэмжээгээр сонирхож буй. Хэрвээ ашиглаад эхэлбэл 800 мВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой аж. Гэхдээ энэ бол зөвхөн эхний ээлжид яригдаж буй тоо. Монгол эрдэмтэд нүүрсний давхаргын метан хийг ашиглах боломжийг судалж, төлөвлөгөө боловсруулжээ. Биднийг тоохгүй байхад өрөөл бусад үүнийг сонирхоод эхэлсэн. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Elixir Petroleum компани метан хий ашиглахаар хөрөнгө босгож, улмаар 2021 он гэхэд олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж буй . Энэ оны гуравдугаар улиралд багтаан өрөмдлөгийн ажлаа эхлүүлэхээр болжээ. Хайгуулын ажилдаа зориулж одоогийн байдлаар 1.25 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм. Тэд Хятад болон европын орнуудыг гол худалдан авагчаа гэж харж буй. Ялангуяа урд хөрш Хятад улсыг хамгийн том зах зээлээ гэж үзэж байгаа юм.

 

 

Амь ордоггүй баялгийн сан

 

Засгийн газар олон жил ярьсан “Баялгийн сан”-г амилуулахаар төлөвлөж буй аж. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон албаны төлөөлөгчид Норвеги улсад айлчилж, “Баялгийн сан”-гийн туршлага судлахаар болжээ. Норвегийн баялгийн санг үндэсний онцлогтоо тохируулан өндөр хөгжилд хүрсэн Казахстан улсыг ч Монгол улс судална. Баялгийн сан гэж ярьж, хэлсээр ирсэн ч сонгуулиас сонгуулийн хооронд, эрх мэдлийн төлөө байлдаж байсан улс төрчдийн оноо авах “үг” байсаар өдийг хүрчээ. Хэрэв тиймгүйсэн бол ижил гараанаас гарсан Казахстанаас өртөө илүү хоцордоггүй юм аа гэхэд туурайг нь харах хэмжээнд шил даран давхих байлаа. Төрийн өмчийн томоохон ордуудыг төр мэдэлдээ авч, улмаар ашигт ажиллагааг нь төрийн оролцоо хамгийн багатайгаар нэмэгдүүлэн, томоохон тоглогчдыг орох боломжоор ханган, ард иргэддээ тараадаг тогтолцоо юм. Баялгийн сангийн хуримтлалыг иргэдийн цалин хангамж,тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд ашигласан Норвеги нь одоо дэлхийн хоёрдугаар дайны дараа “гуйлгачин” байсан энэ улсыг дэлхийн өндөр хөгжилтэй, аз жаргалын индексээр тэргүүлэгч улс болгосон байна.

 

“Цаашид Норвегийн баялгийн сан зэрэгтэй адил баялгийн сан байгуулж, уул уурхайн салбараас олсон орлогоос иргэддээ хуваарилдаг сайн туршлагыг нэвтрүүлнэ.Энэ санг улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд түлхүү хуртэх учиртай” гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Л.Оюун-Эрдэнэ ярьсан юм.

 

Баялгийн сан байгуулж болох ч хэт популист санаагаар бус олон жил судалж, үндэсний онцлогтоо нийцүүлэх учиртай. Нийцүүлж чадаагүй африкийн хэд, хэдэн улс авлигалд идэгдсэн улстөрчдийн мөнгө саах хэрэгсэл болоод дууссан гашуун түүх бэлхнээ бий.


ШБОС


“Эрдэнэс-Тавантолгой”-д олон ШБОС-ын сонголт байна. Тухайлбал Гашуунсухайт чиглэлийн авто замын нэвтрэлтийг сайжруулахын тулд Гашуунсухайтын төмөр замыг хагас автомат төмөр зам болгох, баяжуулах үйлдвэрийн технологи, цахилгаан станцын бүтээн байгуулалт, био түлш, нүүрсний хаягдлыг дахин боловсруулж утаа багатай нүүрс гаргах зэрэг олон шинэ, шинэлэг санааг эрдэмтэд хэлж байлаа.

 

“Компани нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийсний нэг нь эрдэмтдийн зөвлөл байгуулсан явдал. Цаашид компанийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд эрдэмтэдтэй зөвлөлдөх болно” гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярьсан юм.

 

Төр муу менежер байж болно. Гэхдээ бүгдэд муу биш. Ялангуяа “Эрдэнэс-Тавантолгой” дээр муу менежерээ харуулж болохгүй. Тийм үүрэг энэ компанид байгаа. Ийм ч учраас олон улсын зах зээлд гарахаар болж, 1072 хувьцаагаа амь оруулахаа олон нийтэд, олон улсад зарласан. Олон жил эрдэмтдээ үл тоож ирсэн Монгол улсад нэг ч гэсэн компани эрдэмтдээ сонсч байгаа нь сайн хэрэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top