“Түүн шиг улстөрч өнөө цагт цэвэр агаар мэт дутагдаж байна”

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 11 сарын 23

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьдрал, замналыг өгүүлсэн  хөрөг номын хурим боллоо.


“Цэндийн Шинэбаяр: Намтар, замнал, үйл хэрэг, үзэл санаа, түүхэн баримт” хөрөг номыг түүний мэндэлсний 65 жилийн ойг тохиолдуулан гэр бүл, үр хүүхдүүд нь бичиж хэвлүүлжээ. Номд Бүргэд овгийн Цэндийн Шинэбаяр агсны эрчим хүчний салбарын инженерээс Улсын Их Хурлын гишүүн хүртэлх амьдралын түүхийг он цагийн дарааллаар өгүүлсэн байна. Мөн түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүсийн дурсамж, хэвлэлд өгсөн ярилцлага болон хэлсэн үгээр нь эшлэл түүвэрлэн багтаажээ. Цэндийн Шинэбаяр агсан Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын дарга, үндэсний үйлдвэрлэгч “Найнги” компанийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын шилдэг татвар төлөгч, Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд 58 насандаа өвчний улмаас таалал төгссөн юм.  

Ш.БЯМБАСҮРЭН: ҮЗЭЛ САНАА, ҮЙЛ ХЭРЭГ ЧИНЬ ЗОГСООГҮЙ ШҮҮ, ААВ АА...

Номын хуримыг нээж Цэндийн Шинэбаяр агсны хүү, УИХ-ын гишүүн Шинэбаярын Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Аавынхаа богинохон амьдралдаа туулсан баялаг намтар, бардам замнал, бахархам үйл хэрэг, баларч үл арилах үзэл санааг үе үеийн эх орончдын түүхэнд баринтаглан нэмлээ. Миний аав Цэндийн Шинэбаяр буруутай этгээдийн өмнө үл эмээгч, буурай ядуугийн өмнө үл эрдэгч, шударга ёсны харуул, энх цагийн эх оронч байлаа. Энэ бүхнийг нь  эргэн дурсахад би сэтгэл дүүрэн байдаг. Ийм аавын хүү болж төрснөөрөө үргэлж бахархаж явдаг. Аавын минь шударга ёсны тэмцэл,үнэний төлөө үйл хэрэг үр хүүхдүүд бидний гол чиг баримжаа болж ирсэн. “Үзэл санаа, үйл хэрэг чинь зогсоогүй шүү, аав аа”  гэж энэ өдрийг тохиолдуулан тэнгэрт байгаа аавдаа хэлье” гэв.

Энэ үеэр Ц.Шинэбаяр агсны гэр бүлийнхэн болон найз нөхөд, хамтран зүтгэгчид мөн дурсамжаа хуваалцан сэтгэгдлээ илэрхийллээ. “Хүний туулсан амьдрал тухайн цаг хугацааныхаа түүх нь болж үлддэг. Түүний Монголын төрд үлдээсэн шударга үнэний төлөөх зам мөр, нийгэмд танигдсан үзэл санааг түмэн олонд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Энэ үүднээсээ ач холбогдолтой ном болжээ. Төрд үүрлэсэн хулгайчдыг илчилж, эрх баригчдыг айлгүй шүүмжилж, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж явсан Шинэбаяр шиг улстөрч өнөө цагт цэвэр агаар мэт дутагдаж байгаа”-г тэд хэлж байсан юм.Тэдний байр суурийг хүргэе.   


Ө.ОТГОНБААТАР: ИЙМ ХҮМҮҮСИЙН ҮЗЭЛ САНАА, ҮЙЛ ХЭРГИЙГ ОЛОНД ХҮРГЭЖ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ  ХОЙЧ ҮЕД ХЭРЭГТЭЙ

/МСНЭ-ийн Ерөнхийлөгч/

-Цэндийн Шинэбаяр агсан бол Монголын түүхэнд тод өнгөөр бичигдэн үлдсэн өөрийн гэсэн зам мөртэй, чанга дуу хоолойтой, худалдагдаагүй үзэл санаатай, зарим үед эрх баригчдыг айлгаж ичээж явсан, бараг ганцаараа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан улстөрчийн нэг байлаа. Улс эх орондоо оруулсан түүний хувь нэмэр их, Монгол Улсын  шилдэг татвар төлөгч, цэвэр шударга бизнесмэн байсныг нь би мэднэ. Адуунчулууны нүүрсний уурхайд  очиж цөөнгүй удаа уулзаж ярилцаж байлаа. Намтар замналыг нь хөрөг ном болгон бичиж хэвлүүлсэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд олзуурхаж байна. Ийм хүмүүсийн үзэл санаа, үйл хэргийг аль болох олон хүнд  хүргэж санан дурсуулж, түгээн дэлгэрүүлж  байх нь ирээдүй хойч үед тун их хэрэгтэй юм.


Т.МӨНХТУНГАЛАГ: НАМТРААС ГАДНА ЮУНД ЗОРЬЖ, ЯМАР ЗАРЧИМ БАРИМТАЛЖ ЯВСНЫГ НЬ  ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭСЭН

/Ц.Шинэбаяр агсны зээ дүү, номын зохиогч/

-Миний хувьд үндэсний өдөр тутмын сонинуудад парламентын сэтгүүлч, улс төрийн тоймчоор 10 гаруй жил ажилласан. Анх 1996 онд буюу одоогоос 28 жилийн тэртээ миний том нагац ах Цэндийн Шинэбаяр намайг тухайн үеийн Засгийн газрын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонинд дагуулан очиж Ж.Нэргүй ахтай уулзуулж байв. Миний ажил, мэргэжлийн зам мөрийг нагац ах минь ийнхүү эхлүүлсэн гэж би боддог. Тиймээс тэнгэрийн оронд байгаа том нагац ахдаа зориулж, номын хөшөө босгох амаргүй ажлыг зориглон барьж авсан. Энэ бол миний хүлээсэн үүрэг гэж бодсон. Номыг намтар, замнал, үйл хэрэг, үзэл санаа, түүхэн баримтад тулгуурлан бүтээлээ. Мөн юунд зорьж, ямар зарчим баримталж зүтгэж, тэмцэж явсныг энэ номд харуулахыг хичээлээ. Энэ ташрамд нагац ахынхаа тухай баримтат кино бүтээх ажилд орсон гэдгээ та бүхэнд дуулгая.

 


 

Д.БАЛДАН-ОЧИР: ШУДАРГА ЁС БИДНИЙГ НӨХӨРЛҮҮЛСЭН ЮМ

/БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын Бага хурлын болон УИХ-ын гишүүн асан/

-Би түүнтэй 1990-ээд оны сүүлээс намын хурал дээр таарч, уулзаж хуучилдаг байв. Би баруун хязгаараас, тэр зүүн хязгаараас ирдэг ч үзэл бодлын хувьд ойролцоо байсан нь биднийг дотно нөхөрлүүлсэн. Биднийг холбож байсан зүйл бол шударга ёс, эх орон, газар шороо, сайн сайхан амьдрал, үнэний төлөө байх зарчим. Тэр л нандин зүйл дээр бид зангидагдаж  явлаа. 2008-2012 онд бид олон хуулийн ажлын хэсэгт хамтарч ажилласан. Ц.Шинэбаяр хэзээ яаж амжуулдаг юм бэ гэмээр маш их зүйл уншаад судалчихсан,“тэрийг уншсан уу, харсан уу” гэж байдагсан.“Эдийн засгийн алуурчид” номыг хамгийн түрүүнд уншчихсан “За нөхөд минь, ийм л юм болох гээд байна шүү. Оюутолгой, Тавантолгойгоо хар” гээд ярьж явсан. Тухайн үед Монголын хөгжлийг чирч явах хэдэн том төсөл ид яригдаж, тэр төслүүдэд бид шийдвэр гаргаж байсан. Мань эр инженер мэргэжилтэй, үзсэн судалсан зүйл их, өөрийн гэсэн хатуу үзэл бодолтой, түүндээ үнэнч. Намын дарга, Ерөнхий сайд С.Баяр нараас айх ичих юм огт байгаагүй. Бид зарим тохиолдолд хамтдаа тэр гэрээ, хуулиудыг эсэргүүцэж, “Эсэргүү” нэр зүүж явсан. Оюутолгойн гэрээг л гэхэд хоёр ч удаа УИХ буцааж  байсан түүх бий.

Д.ОДБАЯР: БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ, ШИНИЙГ САНААЧЛАГЧ БАЙСАН

/УИХ-ын гишүүн асан/

-Манай Дорнодынхон “Шинээ дарга”  гэдэг байлаа. бид олон жил хамтран ажилласан. Оргил үе нь 2000-2004 он. Маш бүтээлч сэтгэлгээтэй хүн. Шинийг санаачлагч. Аймаг, орон нутаг, тэр ард түмний төлөө мятрашгүй тэмцэнэ, хэлэх үгээ хаана ч айж эмээлгүй хэлнэ. Хэлснээ ажил хэрэг болгохын төлөө маш эрчтэй зүтгэдэг. Жижиг зүйлийг жижиг гэхгүй ач холбогдол өгнө. Том юмыг үр дүн үзтэл зүтгэдэг, ийм хүн байсан. 2001 оны улсын наадам  Дорнодын түүхт ойтой давхцлаа. Тэр жил гантай байсан. Наадмын талбайн зүлэг ногоог яана гэтэл Дорнод аймаг  төсөвт өртэй, ажилчдын цалин олгогдоогүй, ахмадууд гурван сар тэтгэврээ аваагүй хүнд байдалтай. Гэтэл Шинээ дарга “Би урагшаа явья. Цацдаг бороожуулагч авчиръя” гэж байна. “Тэгээч та минь” гэсэнд төд удалгүй том трактор аймгийн гудамжуудаар ус цацаад явж байна. Энэ юу вэ гэтэл Шинээ дарга аваад ирсэн гэнэ. Тэгж байтал “Би энэ тракторыг чинь аймагтаа  авчраад угсарчихна” гээд удалгүй уурхай дээрээ трактор угсарчихсан. Бас хүйтэн өвөл болж магадгүй, Оросын Чита муж манайхаас нүүрс авч магадгүй ярьж өгөөч гээд явж байсан нь ёсоор болсон. Оросын Хар нуурын уурхай цасанд дарагдаж, Мурманскаас онгоц очих гээд асуудлууд үүссэн. Тэрийг маш сайн анзаарч, тооцоолж, манайх нүүрсээ зарж чадвал ашигтай гэдгийг харсан байгаа юм. Тэр жил их сонин дүн гарсан, манай аймаг сая гаруй тонн нүүрс, сая гаруй тонн мах экспортолж эдийн засаг 83 хувиар өссөн. Шинээ даргын ажлын үр дүн ийм маягаар аймаг, орон нутагт тусаж байсан. Онцгой саналууд гаргана.Мянганы зам тавигдаагүй байхад аймгаа онгоцтой болгох  санал дэвшүүлж, Засгийн газрын комиссын хуралдаанаар  хүртэл хэлэлцүүлж байлаа. Адуунчулууны уурхай хувьцаагаа тараатал Ховд, Баян-Өлгийд оччихож. Уг нь Дорнодынхондоо зарчихмаар байх юм, аймагтаа зүүн бүсийн хөрөнгийн бирж байгуулж болохгүй юм уу гэж ярьж байсан хүн дээ. 


Ж.НЭРГҮЙ: БИД ХОЁР БАРОН УНГЕРНААР “ӨВЧИЛЖ”, МОНГОЛЫН МАШ ХОВОР ГАЗРЫН ЗУРГИЙГ ОЛЖ ЯВЛАА

/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, орчуулагч/

 

-Дорнодын ус сувгийн газарт ерөнхий инженерээр ажиллаж  байхад Дулааны станц Шинэбаяр гэдэг инженертэй болсон байсан, тэр үеэс бид нөхөрлөсөн. Сүүлд бид Барон Унгернаар “өвчилж” явлаа. “Барон Унгерны хойноос Монгол руу орж ирэхдээ алтаа ачиж ирсэн тэргийг би олчихлоо. Энэ яах аргагүй мөн, чи ирж үз” гэж хэлүүлсэн байсан. Зузаан төмөр ширэмтэй тэр тэргийг мань эр Дорнодын Булганаас олж авсан. Тэнд тэр тэрэг байх магадлал маш өндөр. Дорнодын музейд ч тавьж болох тийм өв одоо  гэр бүл, хүүхдүүдэд байгаа байх. “1903 г, Город Тула” гэсэн  бичигтэй тэрэг байсныг  санаж байна. Миний “Домогт Барон” номыг хүмүүст хүргэхэд хөрөнгө оруулсан юм. Бас Монголын хаягдсан газрын зураг болох Коростовецийн газрын зургийг бид хоёр анх олсон. Мань эр яаж судалж, хаана байгааг олсныг би гайхдаг. Мөн бидний олох гэж зөндөө хайгаад чадаагүй 1927 оны газрын зураг ч бас бий. Олох гэж хэчнээн хайгаад ч олоогүй. Найзын минь унаган мэргэжил инженер, тиймээс зорьсондоо үнэнч, нэг л төлөвлөгөө гаргасан бол тэрэндээ зүтгэдэг хүн байлаа.

 

Г.УЯНГА: ТҮҮНИЙ ҮЗЭЛ САНАА ҮЕИЙН ҮЕД ҮЛДЭХ ЁСТОЙ

/УИХ-ын гишүүн асан/

-Ц.Шинэбаяр гуайн тухай анх 20 гаруй насандаа сонсож байсан. Яагаад гэвэл, Т.Мөнхтунгалаг бид найзууд. Ахыгаа их ярина. Сүүлд 2010 онд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байхдаа Ц.Шинэбаяр гуайтай анх нүүр учирч байлаа. Улс төрийн болоод үзэл санааны хувьд бид  “гудамжны хамтран тэмцэгч“ болсон түүх тэр. Охинтойгоо зүйрлэж, биеэ бодоорой, битгий их ярь, ядарна гэж захиж байсан. Тэр цагаас айхтар дотно биш ч хүндэлж явсан. Характер нь ширүүн, ямар нэг зүйлээр тохиролцож болдоггүй, чигээрээ, яг шийдсэн үед нь тулж ярихаас халширмаар ч юм шиг шийдэмгий дүр төрхтэй хүн байсан. Оюутолгой дээр баримталж байсан байр суурь нь Монголын олигархижсан тогтолцоо цааш явахгүй гэдгийг мэддэг, тэрийгээ хэний ч өөдөөс хэлж чаддаг, тэр үзэл санаагаар бид яв цав нийлдэг байлаа. Би улстөрчдийг дотроо хоёр хуваадаг. Зарим нь карьерист улстөрчид байдаг. Албан тушаалын төлөө юугаа ч зольдог. Тийм л зүйл хөөцөлдөж, тэрний төлөө намтайгаа ажиллаж чаддаг улстөрчид энэ ангилалд орно. Тэдний золио бол үнэ цэнтэй биш зөвхөн албан тушаалын төлөө. Бас үзэл санаатай хүмүүс байдаг. Тэдэнд бол албан тушаал чухал биш, зөвхөн үзэл санааныхаа төлөө тэмцдэг. Үзэл санааныхаа төлөө албан тушаалыг ч, намыг ч орхиж чаддаг. Шинэбаяр гишүүн бол үзэл санааны төлөө тэмцэгч, ховорхон улстөрч байсан. Үзэл санааны улстөрчид Монголд олон биш. Үзэл санаатан байсных нь хувьд түүний номыг заавал гаргах ёстой байсан. Хөрөг ном хэвлэгдсэнд нь баяртай байна. Үзэл санаатнуудын үзэл санаа үеийн үед үлдэх ёстой. Зүгээр нэг намтар биш Монголын  маш адармаатай цаг үеийн, улсаа зарж идсэн луйварчдын дунд  босож тэмцэж яадсан цөөхөн хүмүүсийн намтар Монголын нийгмийн тэмцлийн түүх болж үлдэх учиртай.
 

Ж.СҮХБААТАР: УРСГАЛ СӨРЖ АМЬДАРСНААР НЬ ҮРГЭЛЖ БАХАРХДАГ

/УИХ-ын гишүүн асан/

-УИХ-ын танхимд бид тохой залган дөрвөн жил суусан. Анх суудал хуваарилахад миний хажууд Ц.Шинэбаяр гишүүн, цаад талд нь Ш.Сайхансамбуу гишүүн сууж таарсан. Тэр үед нэг гишүүн “Сонин хүмүүс нэг дор суучихаж” гэж инээлгэж байлаа. Гэтэл бүлгийн даргын зүгээс зориуд тэгж хуваарилсан гэж байсан. Хувь заяаны тохиолоор тэгж суусан хэдэн гишүүн АН-ынхантай ойрхон. Тавуулаа Засгийн газар, УИХ-ыг шүүмжилдэг, харьцангуй биеэ даасан гишүүд байлаа. Б.Чимид багш би биеэ тоосон биш, биеэ даасан хүн гэж өөрийгөө тодорхойлж байсан шиг. Би тийм хүмүүсийн дэргэд сууж байсны нэг нь Ц.Шинэбаяр гишүүн байв. Тэр үеийнхээ намын удирдлагын эсрэг, хотын удирдлагын эсрэг, улс орны болж бүтэхгүй байгаа асуудлуудын талаар шийдэмгий байр суурийг илэрхийлдэг. Намаас гарахдаа хүртэл намайг цуг гаръя гэсэн саналыг олон удаа тавьж байсан. “Би УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд тогтолцооны өөрчлөлт хийх ажлыг гардаж байна, үүнийгээ хийж дуусгах ёстой. Та бол сонголтоо хий дээ” гэсэн. Тэгээд Ц.Шинэбаяр гишүүн намаасаа гарч байлаа. Сүүлд Д.Балдан-очир гишүүн бид хоёр ч намаасаа гараад явцгаасан. Хүн нь бол даруухан, гэхдээ асуудал үүсээд барьц авах юм бол бөхөөр бол давхар шуудагны барьц аваад тэсрэх мэт характертай хүн байсан. Бусад үед энгийн, бусдыг ажигладаг, хардаг, сонсдог хүн байлаа. Гэхдээ тэр загас шиг дуугүй байгаагүй. Бас үхсэн загас урсгал дагаж хөвдөг гэдэг үг байдаг, эрхэм ах тийм хүн байгаагүй, дандаа урсгал сөрж амьдарсан. Түүгээр нь би дандаа бахархаж явдаг. Эргээд харахад он жилүүдийн урсгал сөрсөн зурвас үед бид хамт зүтгэж явжээ.


Ц.ШИНЭБАЯР: МОНГОЛ ХҮНИЙ ДАЙСАН БОЛ ОЛИГАРХИ БҮЛЭГЛЭЛИЙН ТОГТОЛЦОО ЮМ ШҮҮ ДЭЭ

Энэхүү ярилцлагыг 2010 онд Ц.Шинэбаяр агсныг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад авч “Зууны мэдээ” сонинд нийтлүүлж байсан нь хөрөг номд багтжээ. “Улс төрийн ой санамж” булангаар уг ярилцлагыг товчлон  хүргэж байна.

-МАН-д элсэхгүйгээ илэрхийлж, МАХН-ын түр штаб байгуулсан. Ийм алхам хийхэд хүргэсэн шалтгаан юу байв?

-Миний шийдвэрт МАХН-ын 26 дугаар их хурал, түүнээс байгуулагдсан МАН нэг талаар нөлөөлсөн. Нөгөө талаар түүнээс өмнө ийм шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл бүрдчихсэн байсан. Өөрөөр хэлбэл, МАХН 2008 оны УИХ-ын сонгуульд олонх болж 45 суудал авчихаад дангаараа засгийн эрх барихаас сайн дураар татгалзаж, стандарт бус шийдвэр гаргаж, парламентыг сөрөг хүчингүй болгосон. Энэ алхмыг би буруу гэж үзсэн. Сэтгэл дундуур байсан. Өөр нэг асуудал бол Засгийн газар Оюу Толгойн гэрээг хэт яаравчлан хийж, олон зүйлийг орхигдуулсан. Монгол Улсын эрх ашигт нийцсэн нөхцөлийг хангаж чадаагүй, маш муу гэрээ болсон. Саяхан болж өнгөрсөн 26 дугаар их хурлаас намын нэрийг зохион байгуулалттайгаар өөрчлөх кампанит ажил хийж МАХН-ыг үндсэндээ алга болголоо. Энэ олон бусармаг явдлыг эсэргүүцэж би МАН-д элсэхгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Одоо Монгол оронд үүссэн нөхцөл байдал, МАХН-ын гишүүдэд тохиолдсон онцгой байдлыг харгалзан үзэж, түр штаб байгуулан ажиллаж байна.

-МАН-д элсэхгүй гэсэн шийдвэр гаргахаас өмнө болон хойно танай намын удирдлагууд таныг дуудаж уулзсан уу. Нууц биш бол ямар яриа, хөөрөө өрнөсөн бэ?

-МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нартай уулзсан. Гэхдээ намайг шийдвэр гаргахаас өмнө уулзаагүй. Би өөрийн үзэл, бодол, ухамсар, хүмүүжил төлөвшлийнхөө үүднээс тэр шийдвэрийг гаргасан. Шийдвэрээ гаргасныхаа дараа намын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нартай уулзсан. Тэд “Хувь хүний гаргасан шийдвэрийг хүндэтгэж байна” гэсэн. Гэхдээ “Эргэж, буцах зүйл танд байна уу” гэж асууж байна лээ. Миний хувьд зөвхөн нэг удаагийн явдлаас биш олон удаагийн үйлдлээс удаан хугацаанд бодож эргэцүүлсний дүнд гаргасан учраас эргэлзэх зүйлгүй шийдвэр эцсийнх гэдгийг хэлсэн.

-Тэгвэл танд дарга нараасаа хүсэх, зорьж хэлэх зүйл байсан биз дээ?

-Өмнө нь нэг нам болж хамтарч ажиллаж байсны хувьд би тэднээс бидний ажилд саад болохгүй байхыг л хүссэн.

-МАН-д элсэхгүй гээд гарсан юм чинь, УИХ дахь сул гишүүн байна гэсэн үг үү?

-Тийм.

-Энэ чинь хууль дүрэмтэй таарч байгаа бил үү?

-Би анх МАХН-аас нэр дэвшиж, сонгогч олны итгэлийг авч УИХ дахь тэдний төлөөлөл болсон. Тэр статусаа хадгалж байгаа.

-Олон хүчин зүйл байсан учраас шийдвэрээ нэлээн эрт гаргасан байсан гэж та хэллээ. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна?

-МАХН-ын 26 дугаар их хурлаас өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр өргөн хэлэлцүүлэг явагдсан. Шилжилт дууссан уу, үгүй юу гэдэг асуултад МАХН-ын гишүүд бараг бүгдээрээ хариулсан. Би ч хариулсан. Бид 1990 оноос хойш улс төр, эдийн засгийн шилжилтийг эргээд харахад өнгөрсөн 20 жилийн хугацаанд ямар үр дүнд хүрэв гэдгээ дүгнэх цаг болсон. Үүнийг төрийн болоод намуудын зүгээс зайлшгүй дүгнэх шаардлага байсан. Харамсалтай нь төр, засгийн зүгээс дүгнэж байгаа юм алга. Намуудын зүгээс анхаарал хандуулж байгаа улс төрийн хүчин алга. Манай улс 1990 онд хэдэн ажилгүй хүнтэй байсан бэ. Хүн амын хэд нь ядуу байсан юм, бид хэдэн нинжатай байсан бэ. Үүнээс гадна хэчнээн хүн гадаадад дүрвэж гарсан бэ. Манайхан үүнийг нэг их гоёор яриад байдаг, гадаадад ажиллаж байгаа гэж. Үнэндээ эх орондоо эдийн засгийн боломж нөхцөлгүй болоод гадаадад гарч байгаа хүмүүсийг цаад хүлээж авч байгаа орон нь цагаачид гэдэг. Ид хийж бүтээх, улс орныхоо бүтээн байгуулалтад хүчээ өргөх 200 мянган иргэн маань дүрвэн гадаадад амьдарч байна. Хэчнээн гэр бүл тусдаа амьдарч, үр хүүхдүүд нь эцэг, эхээ санаж байгаа бол. Гадаадын улс орнуудад олон монгол хүүхэд эх хэлээ мэдэхгүй амьдарч байгаа шүү дээ.

Хамгийн аймшигтай нь иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй, амьдрах эрх нь асар их зөрчигдөж байна. Ойрын жишээ хэлье л дээ, зөвхөн Налайхын уурхайд гэхэд л он гараад 14 хүн нас барсан. 1990 оноос хойш 185 хүн нас барсан байна. Энэ нь социализмын үед бүх үйлдвэр, аж ахуй нэгжид гарсан 30 жилийн ослын дүнгээс илүү байна шүү дээ. 21 аймагт алт ухаж байгаа 70 мянган нинжа нараас хэчнээн мянган хүн амь эрсдэж байгааг төр, засаг анхаарахгүй байна. Энэ бүхнээс үзэхэд бид хаашаа явж байна вэ гэдгээ бодож үзэхгүй бол болохгүй байгаа биз. Зарчмын хувьд Монголын төр зөвхөн монгол хүний төлөө байх байтал гадаадын хөл гар болсон олигархиудад бид төрөө атгуулчихсан байна. Газар нутгаа лиценз буюу хөрөнгө оруулалт татах гэдэг нэрээр гадаадынханд худалдсан, өнөөдөр улс төрийн намыг олигархиуд гартаа авсан. Ард түмний амьдрал өдөр ирэх бүр доройтож, 300 мянган хүн ажилгүй, ядуурал 37.8 хувьд хүрчихээд байна. Энэ тоо жилээс жилд өсч байна. Эрх мэдэлтнүүдийн ярьж хэлж байгаа болон ард түмний амьдрал хоёрын хооронд асар их зөрүү бий. Үүнийг өөрчлөхгүй бол  бид юунд хүрэх вэ, ийм байдалтай байсаар Монгол орныг улам хүнд байдалд оруулах ёстой юм уу. Үүнийг гаргаж тавьж, өөрчлөхийн төлөө зорилгоо нэгтгээд тэмцэх шаардлагатай байна шүү дээ. Энэ нөхцөл байдлын үүднээс би шийдвэр гаргасан.

Өнөөдөр олигархийн тогтолцоо нь Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоо болоод хувирчихсан бөгөөд олигархиудын амласан албан тушаалын төлөө улайрагч, тэдний гар хөл бологсод олигархийн тогтолцоо оршин оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэж байна. Олигархийн хамгийн том илрэл нь улс орноо худалддаг бөгөөд ард түмнээ ядуу зүдүү байлгадаг. Энэ талаар маш олон жишээ, баримт бий. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордууд бүгд олигархиудын гарт орж, гадаадын компаниуд ямар ч хяналтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ болгоныг таслан зогсоох нь Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хүн, улс төрийн хүчнүүд хамтран ажиллахаас шалтгаална. Тиймээс би монголчуудаа уриалж, бас алхам хийсэн.

-Шүүмжлэл хэлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлж байгаа хүмүүсийн ард хэн байна гэсэн хардлага дагадаг. Таны ард хэн нэгэн байна уу?

-Ард түмнээс мандат авч УИХ-д орж ирчихээд хувийнхаа эрх ашгийн төлөө ажилладаг, эсвэл хэн нэгний далбаан дор, ивээлд нь багтаж явна гэдэг байж боломгүй. Үнэхээр ардчилал хөгжөөд байгаа юм бол ийм байж болохгүй шүү дээ. Хэрэв тийм байгаа бол манай улс төр ялзарчихсаны илрэл. Би сонгогчдынхоо төлөө, тэднийг болоод өөрийгөө хуурч мэхлэхгүйн төлөө шийдвэр гаргаад ажиллаж байгаа.

-Намын нэр, үзэл баримтлалыг өөрчлөх талаар салхи ч гараагүй байхад, та “Манай нам үгээр тоглож байна” гэж хэвлэлд ярьсан. Тухайн үеэс л хэлбэр хөөлөө гэсэн шүүмжлэлийг өрнүүлсэн үү?

-Би намын нэр, үзэл баримтлал солихыг анхнаас нь эсэргүүцсэн. Эсэргүүцэхээс өөр арга байхгүй. Бид хэлбэр хөөдөг явдлаа болих хэрэгтэй. Өнөөдөр манайд үгээр тоглодог хүн олон бий. Энэ байдал газар авч байна. Анх Тавантолгойн нүүрсний ордын лицензийг Засгийн газар 100 хувь төрийн мэдэлд авлаа гээд л зарласан. Үүнд ард түмэн баярласан уу, баярласан. Дараа нь “Нэгэн зууны дөрөв дэх үсрэлт боллоо” гэж С.Баяр дарга хэлсэн. Гэтэл тэр үсрэлтээ хийж чадсангүй. “Таван төгөлдөршил” гээд зарласан. Түүнийгээ бас л хийгээг үй. Ашигт малтмалын баялгийг ашиглахгүй байгаагаас бид өдөрт нэг сая ам.доллар алдаж байна гээд яаравчлуулсан. Мөн ашигт малтмалын орд буюу газрын доорх баялаг бол баялаг биш ээ, үнэ цэнэгүй юм. Гаргаад ирсний дараа л баялагт тооцогдож үнэлэгддэг гэсэн. Дараа нь стандарт бус гэдэг томъёоллыг гаргаж ирсэн. Өнөөдөр уугуул нэрээ сэргээж байна гээд л үгээр тоглоод байгаа байхгүй юу. Энэ хэнд хэрэгтэй юм бэ. Ингэж худлаа ярьж, ард түмнээ хууран мэхэлж байдгаа болих хэрэгтэй. Би үүнийг удаа дараа хэлж байсан. Тиймээс намын нэр, үзэл баримтлал өөрчлөхийг анхнаас нь эсэргүүцсэн. Нэр, үзэл баримтлал ярьж МАХН-ыг устгаж байгаагийн эсрэг тэмцэнэ.

-Тэмцэнэ гэснээс үзэхэд 2012 оны сонгуульд мөрийн хөтөлбөр боловсруулж, оролцоно гэж ойлгогдож байна?

-Ард түмний амьдралыг яавал сайжруулах вэ гэж бид тэмцэж байгаа. Түүнийхээ төлөө тууштай явна.

-Гаднаас нь харахад “Х” үсэг хассан мэт боловч, хувьсгалт гэдэг үгээс татгалзах бодит шалтгаан юу байсан юм бол?

-Ажил хийхгүй, хэлбэр хөөж, ард түмнээ төөрөгдүүлж байна. Ард түмний анхаарлыг өөр зүйлд хандуулж, үе үе үгээр тоглодог, үзэл баримтлал, нэр, хэлбэрээ өөрчилж өдөр хоногийг аргацааж байгаа юм.

-С.Баяр даргын үед та “С.Баярын үед манай нам байргүй, архивгүй боллоо” гэж хэвлэлээр ярьсан. Долдугаар сарын 1-ний үйл явдлын үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдсан гэсэн ойлголт нийгэмд бий болсон. Хоёр намын хариуцлагатай хүмүүс ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар ямар байр, суурьтай байна?

-Намын байр галдсан, намын архивыг шатаасан, таван хүний амь нас сүйдсэн, МАХН-ын нэрийг устгасан нь зүгээр нэг тохиолдол гэж үү. Тохиолдол гэвэл дэндүү олон тохиолдол биш үү. Эсвэл үүнийг хувь тавилан гэж үзэх ёстой юм уу. Эсвэл урьдаас зохион байгуулсан үйлдэл үү. Хэрэв тэгж үзвэл үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ гээд асуулт гарч таарна аа даа, тийм биз.

-Манай нам олигархийн гарт орсон гэж та ямар үндэслэлээр тодорхойлов?

-Манай нам олигархийн нам болсныг нотолж байгаа нэг зүйл бол 25 дугаар их хурлын зургадугаар тогтоолын 7-д “Монголд буй болсон нам, улс төр, бизнесийн үйл ажиллагааг хязгаарлах, устгаж үгүй болгох чиглэлээр тууштай ажиллана” гэсэн байгаа. Энэ заалтууд үндсэндээ хэрэгжээгүйгээр барахгүй, тэр чигтээ алга болчихож байгаа юм. Харин ч энэ заалтыг эсрэгээр нь хэрэгжүүлж, бизнес, эдийн засаг, улс төрийн бүлэглэл олигархиуд МАХН-ыг тэр чигт нь эзлээд авчихсаныг саяын их хурлын жишээ, баримтуудаас харж болохоор байна.

-Энэ хэвээр цааш явбал ямар байдалд хүрэх бол?

-Нэгэнт олигархийн тогтолцоонд шилжчихсэн улс оронд ажилгүйдэл, ядуурал туйлдаа хүрдэг. Ийм жишээг Африк, Латин Америкийн орнуудаас харж болно. Өнөөдөр Монгол Улсад гадаадын улс орнууд аюул занал учруулаад байгаа юм үндсэндээ алга байна. Хамгийн том дайсан хаана байна гэвэл дотооддоо төр, засгийн эрхийг авч, хяналтаа тогтоохыг санаархсан олигархиуд. Олигархи болон диктатурууд хэзээ ч сайн хувь тавилангаар дууссан түүх хүн төрөлхтний түүхэнд байдаггүй. Бас олигархи, диктатурын тогтолцоо тэнгэрээс буугаад ирчихсэн юм биш ээ. Бидний хажууд амьдарч байгаа буруу хүмүүс олон хүний сайн сайхны төлөө бүтээгдсэн эрх мэдлийг зөвхөн өөрсдийн өчүүхэн амьдралын төлөө захиран зарцуулснаас үүсдэг шүү дээ. Олигархиудад анхааруулж хэлэх нэг зүйл бол үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хулгай хийж дээрэмдэхээ зогсоох нь таны үе үеийн амьдралд тань хэрэгтэй. Ард түмэн хэзээд ялдаг.

 

Магваны Эрдэнэбат бид хоёр

 

1992 оны өвөл, яг өдийд юмсан. Арлааны Эрдэнэ-Очир бид хоёр хэсэж яваад Их монгол сургууль оров. Магваны Эрдэнэбаттай тэр өдөр танилцсан юм. Тэдний ангийн нэг оюутан бүсгүй Ээгийг /Эрдэнэ-Очирыг/ дагуулаад алга болов. Эрка бид хоёр үлдэв. Очирбатын Дашбалбарыг би шүтдэг гэлээ. Үнэндээ ч би Балбар ахын “Дорнын аялгуу”-г цээжээр уншдаг байлаа. Эрдэнэбат бас хэлж байна. Би ч бас Балбарыг уншдаг гэв. Хоёулаа хоолой нийлүүлээд

Ус аваад эргэдэг арван долоотой охин

Уянга дуулал авчирсан анхны ичимхий дурлал ... гээд авч өгөв. Шүлэг уншиж дуусаад би, “Миний Дагестан бол миний ширээний ном” гэсэнд Эрка мөн л “Миний ч ширээний ном” гэв.

Хуур хутга хоёрыг нэг хадааснаас өлгөдөг. Ойд төөрсөн гөрөөс үхэл жим хоёрын аль нэгийг олно... ая яа яа. Алаад хаясан байгаа биз... гэлцэж Расул Гамзатовыг хэсэг шүтэв. Ийм л нэг адилхан ном уншдаг, ижилхэн зохиолчид шүтдэг хоёр нөхөр найзлаж билээ. Өвлийн тэр өдрөөс хойш 32 жил өнгөрсөн ч бидэн хоёр огт салсангүй.

1995 онд хоёулаа Монголын радиод орж, Пүрэвжавын Баярсайхан зохиолчийн цэрэг болж нэг өрөөнд хамт суудаг байв. Миний том хүүг гарахад, хоёрдугаар төрөхийн гадаа нэг их бороотой өдөр Родопи гэдэг Болгар янжуур ар араас нь угсруулан баагиулж, догдлон хамт зогсож байв. Эркагийн хүү Мөрдоржийг төрөхөд бас өвлийн дангинасан хүйтэн өдөр нэгдүгээр төрөхийн үүдэнд найздаа хань болж холхив. 2002 оны зун манай нутагт очиж амардаг юм. Том хөвөнтэй дээл өмсөж, боодолтой дүнсэн тамхи өвөртлөөд, номхон морьд унаж өвс хадахаар ууланд явав. Говьд өссөн мань хүн хадуур барьж ч үзээгүй, чаддаг ажил нь бор цай чанах. Зуны аагим халуунд ам цангасан бид, “Эрка цай дөхүүлээрэй. Булгаас хүйтэн ус утгаад ир” гэж хашгирна.

Миний анхны ном “Аргал хатаагүй зун”, Эркагийн анхны ном “Хөлгүй цэнхэр нуур” номууд 1996 онд “Зөн”цувралаар хамт гарав. Бид хоёр Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор нэг өдөр хамтдаа Алтан гадас одон хүртэв. Бид хоёр Их Нацагийн 110 жилийн ойгоор нэг өдөр Нацагдоржийн шагнал хамт гардав. Бид хоёр 1993 онд нэгдүгээр хороололд халаасны өрөөнд хамт амьдарч байв. Тэр хавартаа хоёулаа Эрдэнэ-Очирыгоо эргэхээр Дорноговь хамт явж, галт тэрэгний билетээ Айраг хүртэл авсан учир тэнд золтой хөөгдөж буух шахаж, азаар яруу найрагч, хилийн цэргийн офицер Жишигийн Дорж ах таарч аврагдажявав. Бас бид хоёр амьдрал хөөж, нэг нэгнээ уруу татаж Солонгос явав. Миний оюутан цагийн найз, Эркагийн нутгийн нөхөр Зандан бид хоёрыг тосч аваад гэртээ авчирч, хүний нутагт хэсэгхэн зуур хамт амьдарч байв. 2019 онд яруу найрагч Х.Лхамжав ах, Ө.Пүрэвсүрэн найзын урилгаар Америк явж, арван хэдэн цаг хамт нисч, Конгрессийн номын сангийн өмнө зураг хөргөө татуулж явав. Дараа нь Чикаго хот явж, тэнд очоод Болдоо ахынд хэд хонов. А.Батболд бол биднийг Солонгост хоёр гар дээрээ тосч авсан ах нарын нэг байсан юм. Эртний хувь ерөөлөөр Америкт бид ахин уулзцгаасан билээ. Амьдралын хол замд Эрка бид хоёр ингэж л хамт явж ирлээ дээ.

Эрка намайг бодвол юм үзэж нүд тайлсан товариш байлаа. Загдын Түмэнжаргал багшаа дагаж Оросоор хэрэн тэнэсэн, Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга, Х.Бүрэнтогтох, М.Батттөмөр, Д.Чинзориг нарын ах нар, Г.Аюурзана, О.Чинбаяр, Э.Ганболд нарын үеийнхэнтэйгээ алтан Москвад бужигнуулж явсан эр. Юм л яривал, “Тэндээс хоёр шил архи аваад, онгоцонд суугаад Эрхүүд буугаад гэх юм уу, эсхүүл Москвад иртэл Түмээ багш -Пешка, тарваганы арьсаа энд нухъя” гэсэн гэх мэтээр үлгэр домог шиг юм ярина. Хол явж юм үзээгүй би тэгэхэд нь ангайнаа.

Тэр үед гудамжны камер гэж байсан бол Багшийн дээд, Их монгол сургууль, Арслантай гүүр, Оюутны байр, Урлаг кафе хавийн камерт хар пальтотой нэг товариш, ногоон дээлтэй хөдөөх байрын нэг товариш өдөр бүр бичигдэх байсан байх. Куртикээ алдсан би нүцгэн. Тэр өвөл Эркагийн хар пальтог өмсөж өвөлжив. Эрка ногоон даавуу дээлтэй, минжин малгайтай. Ийм зураг өнөө ч харагддаг юм

Тэр үед би шүлэг л бичдэг, харин Эрка чинь өгүүллэг бичээд Очирбатын Дашбалбараас урмын үг сонсчихсон, 90-ээд оныхон дотор өгүүллэг бичдэг ганц зохиолч байв. О.Энхжавхлан бас өгүүллэг бичдэг байсан. Яг тэр үедээ бол бусад нь бүгд шүлэг бичиж байлаа. Өгүүллэг, тууж, роман бичиж өөрсдийгөө тунхагласан М.Уянсүх, Л.Өлзийтөгс, Ц.Буянзаяа, Г.Аюурзана, Т.Баянсан, Б.Батрэгзэдмаа... тэр үед бүгд шүлэг бичиж байсан үе. Магадгүй дор дороо л хүүрнэл зохиол бичиж байсан байх. Гэхдээ л ил гаргаж хэвлүүлж, олонд танигдаагүй л байсан юм даг. Тийм учир тэр ганцаараа томчуудын итгэл найдварыг хүлээж байсан байх. Аугаа их О.Дашбалбар “Чи ийм арван өгүүлэгт бичихэд монголын уран зохиолд, ийм зуун өгүүллэг бичихэд дэлхийн уран зохиолд гарна” гэж Эркаг үнэлж байсан нь үнэн юм. Балбар ахын захиасыг хэр биелүүлж, хэр олон өгүүллэг бичив гэдгийг дүгнэхэд харьцангуй ойлголт юм даа. Миний мэдэхээр Эрка өгүүллэгийг бол цөөн бичсээн. Илүү их бичсэн бол Санжийн Пүрэв ах шиг язгуурын монгол сэтгэлгээтэй, нүүдэлчин монгол ахуй дүрслэл сайтай, цөлх монгол өвгөдийн тухай сайхан зохиол олныг бичих байсан. Гэхдээ энэ бол оройтсон гэсэн ч үг биш дээ. Би бол мань эрээс Пүрэв ахын “Уулын намар”, Дарма Батбаяр гуайн “ Цахилж яваа гөрөөс”, Норов ахын “Жаргалын булаг” шиг сайхан тууж хүлээж суудаг хүн. Ийм зохиол Эрдэнэбатаас л гарна. Яагаад гэвэл тэр сайхны эрэлчин юм. Сайхан хүн, сайхан сэтгэл, сайхан үйл явдлын тухай, гэрэл гэгээтэй амьдрал, итгэл найдварын тухай түүний зохиолуудад зонхилдог. Санжийн Пүрэв ахын зохиолд бараг нэг ч муу хүн байдаггүй. Нэг ч муухай үйл явдал гардаггүй. Амьдралын гэрэл гэгээг түүж яваа юм шиг санагддаг. Миний найзад тэр чанар бий. Авьяас, бичих туршлага, туулсан зам, үзсэн амьдрал, уншсан, мэдсэн, мэдэрсэн бүх тохироо нь түүнд одоо бүрдсэн. Одоо бичихгүй бол хэзээ бичих вэ.

Өгүүллэг, туужаас хөндийрсөн нь телевизийн ажилтай хоблоотой байж мэдэх юм. Радио телевизийн нэвтрүүлэг ер нь теле зохиомж, радио жүжиг бичихэд дөхөм, илүү тэр тал руугаа байдаг. Магадгүй энэ ч оносон байж мэдэх юм. Эрка теле жүжиг, олон ангит кино, бүрэн хэмжээний уран сайхны кино руу хальтирсан. Тэглээ гээд өөрийгөө алдаагүй, Балбарын итгэлийг ч алдаагүй гэж би боддог.

Анхны киног нь бидний найз Чингис найруулсан юм. Алтны хэлтэрхий Дамбадаржаагийн Намсрайн хүү Чингис шүү дээ. Киноны зарим зураг авалтад бид хамт явж л байв. Миний санахаас бид хамт явж Зайсанд нэг богино сценийн зураг авч байлаа. Энэ бол “Хөлгүй цэнхэр нуур” өгүүллэгээр нь хийсэн кино. Энэ кино Эркад их урам өгсөн. Тэр үед манай үеийнхнээс өөрийн гэсэн кинотой хүн байсангүй. Дараа нь “Сарны нулимс” гэж телевизийн сериал хийсэн. Удалгүй “Хүйтэн бороо”, “Хүний үнэр” гэсэн хоёр ч теле жүжиг нь үзэгчийн хүрээл болов. Арай хожуу байхаа, 2019 онд байна уу даа, “Би нар” гэдэг хүүхдийн кино бичиж, Ж.Сэнгэдорж найруулсан нь Берлиний кино фестивалиас шагнал хүртэж, кино нь Берлинд гарах болоод тийшээ уригдаж явсан юм даг.

Хоёр жилийн өмнө дөө, миний найз “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртэж цайллага хийлээ. Цайллагын танхимд ороход үүдэнд нь маш том самбар хийж, М.Эрдэнэбатын бичсэн ном, хийсэн кино, тоглуулсан жүжиг тэргүүтэй том уран бүтээлүүдийн нэрсийг хэвлэж тавьсан байв. Одоо санаж байгаагаар “Хөлгүй цэнхэр нуур”, “Сарны нулимс”, “Би нар” кино, “Юу ч мартаагүй”, “Хүйтэн бороо” ном, “Хүний үнэр” жүжгийн нэрийг томоор сийлсэн байлаа. Энэ их сонирхолтой зөв шийдэл. Нээрээ, энэ хүн юу бүтээж,ямар гавьяа байгуулаад төрийн өндөр цол хүртсэн билээ. Орж ирсэн хүн бүхэн анзаарах ёстой юм билээ. Самбарыг нэгбүрчлэн үзэж байгаад би, “Миний муу найз бас их юм хийжээ. Нас байна, чадал байна. Ахиад ч ихийг хийнэ дээ” гэж бодсон.

Саяхан Эрка надад “Хорвоо хэнээр ч дутаагүй” шинэ номоо өглөө. Өгүүллэг, дурсамж, жүжиг гэсэн гурван хэсэгтэй юм. Дурсамжийн бүлэгт аавынхаа тухай, Түмэнжаргал багшийнхаа тухай, Уянга ахын тухай дурсамжууд оруулж. Сайхан энгүүн, ямар сайхан сэтгэлийн үнэн юм бэ, үнэхээр сайхан. Мөн тэнд долоо найман өгүүллэг, бүрэн хэмжээний хоёр жүжиг байна. Өгүүллэгүүдийг өмнө нь би бараг уншсан юм байна. Тэр дунд “Аав хүү хоёр” гэж нэг шинэ өгүүллэг орсон байна лээ.Совин билэг, ёр зөнгийн сэдэв Эркагийн өгүүлэгт нэг их ажиглагдаж байгаагүй. Энэ өгүүллэгээр мань хүн шинэ туршилт хийжээ. Зориглож хийсэн оролдлого нь итгэл үнэмшил төрүүлж чадахуйц сонирхолтой шийдэл болсон байна лээ.

“Юу ч мартаагүй” гэж сайхан ном бий. Загдын Түмэнжаргал ах өмнөтгөлийг нь бичсэн санагдана. Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт зураг чимэглэлийг нь хийсэн. Эркагийн өгүүллэгүүдээс нэг онцгойрох содон өгүүллэг бол энэ “Юу ч мартаагүй” байгаа юм. Энэ тухай доктор Г.Батсуурь тодорхой задалж бичсэн. Их ч нарийн ажиглаж, сэтгэлзүйн хөрөг талаас нь шинжилсэн байдаг. Харин би бол Эркагийн өгүүллэгүүдээс хамгийн сайн өгүүллэг, санаа, өгүүлэмж, зохиомж, туурвилзүйн талаасаа онцгой сайн өгүүллэг бол “Хөрөг” гэж боддог. Ганц би ч биш байх л даа, 2006 онд “Утгын чимэг” наадамд До.Цэнджав, С.Пүрэв, Ц.Түмэнбаяр, Д.Энхболдбаатар нарын хүүрнэл зохиолын олон сайчуултай уралдаад түрүүлж байсан юм. Франц хэлээр Парист хэвлэгдсэн Монголын орчин үеийн өгүүллэгийн түүвэрт мөн энэ өгүүллэг багтсан даа. Бид хоёрын нэг нэг өгүүлэг бас энэ номд хамт орсон юм байна шүү.

Магваны Эрдэнэбат жүжиг, кинонд бол гаршчихсан. Одоо түүнээс хамгийн их хүлээх юм гэвэл сайхан тууж. Бас шинэ содон өгүүллэг хүлээнэ. Хөрөг шиг, Юу ч мартаагүй шиг, Шарга морьтой хүн шиг, Хөлгүй цэнхэр нуур шиг, Ханхай гэр, Хар хүн шиг, Хайр шиг, Сохор шиг тийм өгүүллэгүүд хүснэ. Би өнөөг хүртэл жүжиг бичих гээд, кино бичих гээд нэг л эвлэж өгөхгүй байгаа юм. Эркагийн “Орчлон хэнээр ч дутаагүй” драмын жүжгийг номноос бүрэн эхээр нь уншлаа. Уул нь энэ жүжигт гарч буй үйл явдлын тасархай, эрээвэр хураавар үйл явдлыг надад дээхнэ нэг ярьж л байсан юм. Тэгээд л мартчихаж. Бүрэн хэмжээний жүжиг болсныг нь үзээд найзаараа бахархсан. Би ч бас өөрт тээглэсэн сэтгэл доторх саадыг давчихвал энэ хэмжээнд бичиж чадах юм байна гэсэн итгэл төрсөн дөө.

Энэ намар радиогийн 90 жил болов. Хоёр жил сэтгэлд бэтгэрсэн гомдлоо тайлж найз минь нэг уужирч, миний цээж бас онгойв. Ялихгүй жаахан маргаанаас болж би мунхаглан Эркатай харилцаагаа таслав. Утсаар ч ярьсангүй. Уулзаж учирсангүй. Тэгэвч дотроо би найзыгаа санасаар байлаа. Тэрнийгээ нуухгүй ээ. Радиогийн баяр дээр багагүй халамцсан найз минь уйлав. “Чи надад гомдож болно. Тэгэхдээ чи тиймхэн юмны төлөө 30 жилийн нөхөрлөлөө хаяад, үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болоод байхдаа яадгийм” гэв. Би ч бас хатуу сэтгэлтэй тэнэг хүн л дээ. Бодохоос өр зүрх шимшрээд явчихлаа. Ихэр хурга шиг, эр хоёр загал шиг туулсан гучин жилийг нэг муу маргаан баллаж яаж чадах билээ дээ. Миний найз тэгж л намайг хүлээж байж гээд бодсон чинь нулимс ивлээд ирдэг байна шүү.

МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Бидэрийн Баярсайхан

2024.11.17

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(71.114.39.81) 2025 оны 03 сарын 13

1990 оны цагаан морин жилээс хойш ажилласан бүх засгийн газар, УИХ, засгийн газрын гишүүд, их хурлын гишүүд үр дүнтэй нэг ч ажил хийгээгүй байдаг. Харин эсрэгээрээ хүний эрх үөрчсөн 300 гаруй хууль, 500 гаруй хуулийн заалт балуулж бас баталж Монгол улс, монголчуудад илт дайсагнасан үйл ажиллагаа явуулж бүгд гэмт хэрэг үйлдэж хариуцлагаас зугтаж гэмт үйлдлээ нуун дарагдуулсан хар мөртэй. Тэр хар мөрөөр нь орж илрүүлэх цаг удахгүй.

3  |  0
Close menu