ШБОС: Монгол эрдэмтдийн БҮТЭЭСЭН литийн батарей

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

Багачуудын тоглодог удирдлагатай машин, электрон жин, өдөр тутамдаа байнга хэрэглэдэг ухаалаг гар утаснаас авахуулаад өдгөө Улаанбаатарын “симбол” болсон приус автомашины батарей бүгд литийн йон батарей ашигладаг. Хэрэглээ нь өргөн ч хүн бүрийн сайн мэддэггүй ч эчнээ танил бол литийн йон батарей юм. Тэгвэл энэ чухал батарейн судалгааг монгол эрдэмтэд хийж, товчин батарей гаргаж авсан гэвэл та итгэх үү?

 

ЛИТИЙН БАТАРЕЙ - ШИНЭ БОЛОМЖ

 

Манай улсад электродын батарейн судалгаа 2008 онд эхэлсэн ч өнөөдрийн сурвалжлагын гол баатар литийн йон батарейн судалгаа 2012 оноос эхэлжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан Цөм технологи хөтөлбөрт 2016 онд ялалт байгуулан, Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн Материал судлалын салбар литийн йоны батарейн судалгаанд шамдан оржээ.

 

“Судалгаа эхэлснээс хойш нийтдээ таван эрдэмтэнтэй үйл ажиллагаа явуулж байна. Литийн йон батарейн тусгай лабораторийг ч байгуулсан. Литийн йоны хамгийн гол бүтээгдэхүүн болох литийн карбонат болон бусад материалыг хийхэд амаргүй байсан. Түүнчлэн зоосон батарейн кейсийг Монголд үйлдвэрлэдэггүй учраас бид БНХАУ-аас авдаг. Одоо ч гэсэн зарим судалгааг хийж байна” гэж Физик технологийн хүрээлэнгийн Материал судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Л.Сарантуяа ярьсан юм.

 

 

Зургаа илүү жилийн судалгааны явцад гарган авсан литийн йон батарей нь 20, 32 маркийн дахин цэнэглэх боломжтой 3.7-9 вольтын хүчин чадалтай, 40 мА цагийн багтаамжтай, дахин цэнэглэх боломжтой зоосон хэлбэртэй батарей юм. Компьютерын санах ойн төхөөрөмж, цаг, удирдлагатай машины удирдлага, электрон жин зэргийг цэнэглэх боломжтой. Зөвхөн зоосон батарей хийхээс гадна литийн йон батарейн анодын материалд ашиглах нано хэмжээст шпинел Li4Ti5O12-ыг хатуу төлөвийн урвалын арга ашиглан гарган авах улмаар литийн йон батерей үйлдвэрлэх технологийг судалсан юм. Судалгааны явцад олон саад бэрхшээл тохиолдсон ч химийн бодисын хүрэлцээ хангалтгүй байдаг нь хамгийн том саад болжээ.

 

“Ганцхан манайх ч биш суурь судалгааны хүрээлэнгүүдэд үйл ажиллагаа явуулж буй судалгааны багийнханд хамгийн гол нь химийн бодис л байдаг. Манай улс дотооддоо химийн бодис үйлдвэрлэдэггүй. Элбэг биш учраас эрх бүхий компаниудаар дамжуулж бодисоо авдаг. Хугацаа маш их алдахаас гадна үнэ нь тогтмол өсч байдаг” гэж Физик технологийн хүрээлэнгийн Материал судлалын салбарын Лабораторийн эрхлэгч, Доктор Г.Сэвжидсүрэн ярив.

 

Хэдийгээр уншигч та бүхэнд жижигхэн мэт харагдаж байгаа ч эрдэмтдийн гаргаж авсан энэхүү батарей Монгол Улсын ашигтай загварын гэрчилгээ авчээ. Энэ нь цаашид хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэдгийг илтгэж байгаа юм. Эрдэмтэд энэхүү судалгаагаар Монгол улс дотооддоо литийн йон батарей хийх боломжтой гэдгийг харуулах байсан бөгөөд энэ төрлийн батарей үйлдвэрлэхэд шаардлагатай суурь судалгаа хийсэн байна.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

МОНГОЛД БОЛОМЖ БИЙ ЮУ?

 

Ингэхэд ер нь Монголд литийн орд байдаг юм болов уу? Ашигт малтмал газрын тосны газрын мэдээллээр бол Монгол Улсад 16-17 литийн илэрц байдаг аж. Үүнээс хайгуулын лицензтэй ердөө тавхан орд байна. Литийн илэрцүүд Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймагт тогтоогдсон байдаг. "Оюуны Ундраа" групп литийн ордыг бодитой судалж байгаа ганцхан компани. Тус компани Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гянт болд, литийн илрэл бүхий талбай дээр судалгаа амжилттай хийсэн юм. Литийн йоны бүх төрлийн батарейнд ашиглах литийн карбонатын хангалттай их нөөцтэй гэж тогтоогдсон уг уурхай олборлолтоо эхэлбэл жилд ойролцоогоор 15 мянган тонн литийн карбонат хийх хүчин чадалтай. Дэлхийн зах зээл дээр нэг тонн литийн карбонатын үнэ 6-9 мянган тонн гэж тооцвол нүүрс, зэс, төмрийн хүдрээс ч илүү ашиг авчрах түүхий эд юм.

 

Физик технологийн хүрээлэнгийн судалгааны баг литийн йон батарей үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж буй бөгөөд суурь судалгааг аль хэдийнээ бэлэн болгоод байна. Хэрэв литийг дотооддоо олборлоод, бизнес эрхэлдэг томоохон компаниуд анхаарвал үүнээс ч том хэмжээтэй, ухаалаг төхөөрөмж, ус төрөгчөөр ажилладаг автомашинд хүртэл хэрэглэж болох литийн йон батерейг үйлдвэрлэх боломжтой гэдгийг судлаач эрдэмтэд хэлж байлаа.

 

 

 

 

“Хүмүүс ихэвчлэн одоо хэрэглэгдэж байгаа литийн батарейтай өрсөлдөх үү, яагаад томоохон батарей хийж болохгүй байна гэж их асуудаг. Бид Монголд байгаа нөөц боломжоо ашиглаад л өнөөгийн судалгааг эхлүүлсэн. Дотооддоо лити олборлож, батерей үйлдвэрлэх боломжтой гэгээн өдрүүд ойрхон гэдэгт итгэлтэй байна”гэж Г.Сэвжидмаа ярилаа.

 

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа лити хэмээх түүхийн эдийн олборлолт огцом нэмэгдээд байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн дотор литийн олборлолт даруй 60 дахин нэмэгдээд байна. Литийн йон батарейн зах зээлд 2023 он гэхэд  26 тэрбум ам.доллар эргэлдэнэ гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргасан юм.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin (68.145.61.75) 2019 оны 02 сарын 16

Sain bna ulam ih amjilt husen erooy

0  |  0
ИРГЭН(66.181.164.222) 2019 оны 02 сарын 15

Заавал хужаагаас бүх юмаа зөөлгүй. Өөрсдөдөө байгаа баялагаа түшиглээд үйлдвэрлэнэ гэдэг зөв шүү. Энэ хүмүүст амжилт хүсье.

0  |  0
SS(66.181.168.8) 2019 оны 10 сарын 25

yaduu medeegeer bitgii atsar

0  |  1
Top