Хөлбөмбөг: Охидын шигшээ баг япон дасгалжуулагчтай боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 16, 19 насны шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар ажиллах Японы мэргэжилтэн Наоко Кавамото энэ сарын 26-нд Монголд хүрэлцэн ирлээ. Наоко Кавамото МХБХ-той танилцаж, тамирчидтайгаа уулзсан бөгөөд 3 дугаар сарын 6-ны өдрөөс Монгол Улсад суурьшин ажиллахаар болжээ. Кавамото нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч, 2002 оноос  дасгалжуулагчаар ажилласан. 2014 оноос эхлэн Малдивийн эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар 3 жилийн хугацаанд ажилласан мэргэжилтэн юм. Түүний Монголд ажиллах цалин урамшууллыг Японы хөлбөмбөгийн холбоо дааж байгаа билээ.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Германы дасгалжуулагч Михаэль Вайсс ажиллаж байгаа бол Цагаан сарын өмнө мөн гадаадын хоёр мэргэжилтэн ирсэн.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Техникийн захирлаар ажиллах Хатем Соусси нь УЕФА “А” болон AFC “PRO” дасгалжуулагчийн зэрэглэлтэй бөгөөд АНЭУ, БНХАУ-д ажиллаж байсан туршлагатай, Азийн Хөлбөмбөгийн Холбооны шилдэг зөвлөхүүдийн нэг. Тэрбээр тунис гаралтай бөгөөд Шинэ Зеланд улсын шигшээ багт хамгаалагчаар тоглож байгаад дасгалжуулагчийн ажилд шилжсэн. 2005 оноос ОУХБХ-ны (FIFA)-ийн Зөвлөхөөр ажиллаж байгаа нэр хүндтэй мэргэжилтэн юм.

Түүний хамт дасгалжуулагчийн боловсрол болон өсвөр үе, идэрчүүдийн хөлбөмбөг хариуцсан менежерээр словак мэргэжилтэн Растислав Бозик ажиллана. Бозик мөн УЕФА “PRO” зэрэглэлийн дасгалжуулагч бөгөөд Словакийн “Нитра”, АНЭУ-ын “Ал Шааб”, “Ал Вада” багуудыг удирдаж байсан. Малайзын шигшээ багийн биеийн тамир, чийрэгжилт хариуцсан дасгалжуулагч, Вьетнамын 23 насны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд одоо Шинэ Зеландын Спортын шинжлэх ухааны хэлтсийн зөвлөх мэргэжилтнээр ажилладаг.

Ийнхүү 2019 онд Герман, Румын, Тунис, Словак, Япон гэсэн 5 орны шилдэг мэргэжилтнүүдтэй Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө хамтран ажиллахаар боллоо гэж Монголын Хөлбөмбөгийн Холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top