ОХУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээн ирэх сарын 15-17-нд Улаан-Үд хотноо болох гэж байна. Энэ тэмцээн Байгаль далайг хамгаалах уриатай явагдах бөгөөд анх удаагаа ийм том хэмжээний тэмцээн Байгаль далайд анхаарал хандуулж байгаа нь энэ юм. Байгаль бол дэлхийн хамгийн гүн (1642 метр) цэнгэг уст нуур бөгөөд дэлхийн цэвэр усны нөөцийн 20 хувь нь энд байдаг. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн ч ОХУ-ын аж үйлдвэрийн газруудын бохир ус, хог хаягдлаас болж, маш их бохирдоод байгаа юм.
Тиймээс УАШТ хүлээн авсан буриадчууд Байгаль далайгаа хамгаалахад улсын аваргын тэмцээнийг ашиглахаар шийджээ. УАШТ-ий логог Японд захиалан хийлгэжээ.
Буриадын алдарт эмэгтэй тамирчид энэ уриалгыг дэмжин, хуванцар сав, загас, хог хаягдал барин селфи зураг авахуулан нэгдэж байна.
Чөлөөт бөхийн Ирина Ологонова, Ульяна Тукуренова, хөнгөн атлетикийн Алена Мироманова, хүндийг өргөлтийн Сэсэг Санжиева нарын алдартнууд өөрөг зургаа авахуулаад “Хэрэв дэлхийд цэвэр ус алга болбол Байгаль нуур хүн төрөлхтнийг 40 жил усаар хангаж чадна. Харин ямар усаар?” гэж бичин, #baikal_without_garbage, #ЧР_ЖенскаяБорьба_Байкал хэштаг тавьжээ.
Гадаад дотоодын бөхийн хорхойтнууд ч энэ аянд нэгдэж болох юм байна. Та спорт хувцастай хуванцар сав барьсан зургаа авахуулаад дээрх үгийг бичин, Байгаль нуураа хамгаалахад хувь нэмрээ оруулаарай.
Сэтгэгдэл ( 0 )