Туркийн тува бөх Чингисхан Дэлхийн Цомд оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Энэ сарын 16-17-нд ОХУ-ын Якутскт болох чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээнд оролцох Туркийн шигшээ багийг Чингисхан Эрдоан тэргүүлнэ. Шигшээ багт олимпийн аварга, дэлхийн хошой аварга Таха Акгюль болон Сулейман Атли, Якуп Гор, Демирташ Сонер, Мустафа Кайа, Яшар Селим зэрэг томчууд орсонгүй. Тэд энэ хавар болох Европын аваргын тэмцээнд бэлтгэж байгаа гэнэ.

Дэлхийн Цомд орох Туркийн багийн хамгийн алдартай нь 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт Фатих Эрдин (86 кг), Европын 3 удаагийн аварга Чингисхан Эрдоан буюу бидний сайн танил Опан Сат байна.

ОХУ-ын гавьяат тамирчин, Европын 3 удаагийн аварга, тува бөх Опан Сат 2017 оноос Турк улсын иргэн болж, тус улсын нэрийн өмнөөс барилдаж байгаа. Тэр иргэншлээ төдийгүй нэрээ ч сольсон. Гэхдээ манай их хаан Эзэн Богд Чингис хааны нэрийг авч, Чингисхан Эрдоан нэрээр барилддаг болсон билээ. Опан Сат Чингис хааны нэрийг авахад асуудал гараагүй бол харин Эрдоан нэртэй болох гэж нэлээд хөөцөлджээ. Түүний багийн эзэд Туркийн Ерөнхийлөгч Эрдоаны гэрбүлд хандаж байж, ийм нэр зүүх эрх авсан гэнэ.

Тувагийн сэтгүүлчид түүнээс яагаад нэрээ Чингисхан болгон өөрчилсөн талаар сонирхоход тэр “Энэ бол маш том үүрэг, хариуцлага юм. Үнэнийг хэлэхэд надад Монголын ард түмний өмнө эвгүй байдаг. Тийм болохоор би Монголд болдог тэмцээнд оролцдоггүй. Нэр сольж болох ч иргэншил өөрчилнө гэдэг том зүйл. Зарим хүн намайг урван тэрсэллээ гэдэг ч тамирчид бидний хувьд гадаад орны өмнөөс барилдлаа гээд хэнд ямар ч муу зүйл хийгээгүй шүү дээ. Африк, Европын орны өмнөөс тэмцээнд орлоо гээд бид ээжийнхээ хүү хэвээр үлдэнэ. Дасгалжуулагч багш минь надад нэр өгөхдөө мэдээж сайн санааны үүднээс л өгсөн байгаа. Өөр соёл иргэншилтэй орны хүн мөртлөө багш минь Чингис хааныг их хүндэлдэг. Түүний хувьд Чингис хаан гэдэг нэр ялгуусан ялалттай холбоотой” гэж ярьж байв.

Туркийн шигшээ баг

Али Карабога (57 кг)

Седат Оздемир (61 кг)

Чингисхан Эрдоан (65 кг)

Серхат Арслан (70 кг)

Назим Селами Кара (74 кг)

Абдулкадир Озмен (79 кг)

Фатих Эрдин (86 кг)

Сулейман Карадениз ( 92 кг)

Али Бончеоглу (97 кг)

Абдулла Омак (125 кг)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top