Дэлхийн аварга Японы жүдоч Абэ Үта сургуулиа төгслөө. Абэ Кобэ хотын Шюкүгава ахлах сургуулийг дүүргэн, “Мөнгөн хонхны баяр”-таа оролцжээ. Алдарт тамирчны ёслол тул сэтгүүлчид ч олон ирсэн байлаа.
Энэ жил 18 настай Абэ Үта “Гунигтай байгаа ч амьдралын минь шинэ гараа эхэлж байна. Дэлхийн хошой аварга болж, Токио олимпод түрүүлэх зорилготой” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Цаашдаа ахынхаа суралцаж байгаа “Nippon Sport Science University” их сургуульд дэвшин суралцах гэнэ.
Сургуулийнхаа нэрийг дэлхийд мандуулсан Үтад “Шюкүгава шёо” хэмээх шагнал гардуулж, багш нар нь “Алсын аянд мордохын өмнө” гэдэг дуу дуулж өгсөн байна.
Абэ Үта “Уйлахгүй гэж дотроо бодож байсан ч сайхан дурсамжууд нүдэнпд харагдаад асгартал уйлж орхилоо. Энэ сургуульд маш их юм сурсан. Найзуудаа хэзээ ч мартахгүй” гэж дурсамжаа хуваалцжээ.
Сургуулиа төгслөө гээд түүнд амралт байхгүй. Энэ сарын 15-нд эхлэх “Екатеринбург Их Дуулга” тэмцээнд оролцохоор Абэ Үта бэлтгэлдээ гараад байна.
Сэтгэгдэл ( 0 )