Видео: Эзэн хааны баг талбайдаа бут ниргүүллээ

2019 оны 03 сарын 06

Европын Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолт өчигдөр явагдлаа. Голландын “Аякс” багийг талбайд нь 2:1 ялсан Мадридын “Реал” энэ удаад тэднийг нутагтаа хүлээн авлаа. Айлын талбай дээр ялалт авсан мадридчууд дараагийн шатанд шилдэг 8-д шалгарна гэдэгт эргэлзэх хүн байгаагүй биз ээ. Харин “Аякс” болон Голландын фэнүүд Эзэн хааны багийг ялж чадна гэдэгтээ итгэлтэй байв. Учир нь Амстердамд болсон эхний тоглолтод шүүгч “Реал”ын талд хэд хэдэн эргэлзээтэй шийдвэр гаргасан тул голландчууд тоогоор ялагдсан ч тоглолтоор бол давсан юм. Үүнийхээ хариуг тэд Мадрид хотноо бахархалтайгаар авж чадлаа.

Мадридад залуу голландчууд “Реал”-ын оддыг бүх талаар илүүрхэж,  "Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд нь олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь нүдэн дээр ёстой л бут ниргэлээ. Өнгөрсөн 7 хоногт нутагтаа “Барселона”-д 2 дараалан ялагдаад байсан “Реал” ийнхүү дахин талбай дээрээ хожигдсоноор дасгалжуулагч Соларигийн хувь заяа тодорхой боллоо.

Тоглолт эхлээд 18 минут өнгөрөхөд л Тадичийн агуу хоёр дамжуулалтаар Зийех, Нерес нар гоол хийж, тооны харьцаа 0-2, “Аякс” ялж байлаа. Тоглолтыг тэнцүүлэхээр зорьсон “Реал” голландчуудыг талбайд нь шахсан ч тэд эрэлхэгээр хаалгаа хамгаалж, эгзэг нь таарвал сөрөг довтлон сандаргаж байлаа. “Реал” эхний үед хоёр сэлгээ хийж, тоглолтыг аврахыг оролдсон ч бүтсэнгүй. Асенсио нэг гоол оруулсан ч “Аякс” хоёр гоолоор хаалгыг нь мялааж, Эзэн хааны багийг талбай дээр нь 1-4 яллаа. “Реал” Мадрид ийм доромжлол амсаагүй удсан байв. “Аякс” багийн серб довтлогч Тадич энэ тоглолтын гол баатар байлаа.

Реал Мадрид Испани – Аякс Голланд 1:4 (0:2, 1:2)

“Сантьяго Бернабеу”

Гоол: 0:1 – 7 Зиеш, 0:2 – 18 Нерес, 0:3 – 62 Тадич, 1:3 – 70 Асенсио, 1:4 – 72 Шене.

“Реал” Мадрид – Куртуа, Карвахаль, Варан, Начо, Регилон, Кроос, Каземиро (Вальверде, 87), Модрич, Васкес (Бэйл, 29), Бензема, Винисиус Жуниор (Асенсио, 35).

“Аякс” –          Онана, Мазрауи (Велтман, 81), де Лигт, Блинд, Тальяфико, Шене (де Вит, 73), де Йонг, Зиеш, ван де Бек, Нерес (Дольберг, 74), Тадич.

Шар хуудас: Мазрауи (26), Карвахаль (30), Начо (90).

Улаан хуудас: Начо (90).

Эхний тоглолт – 2:1

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top