Зуны олимпийн наадмын дараа орох спортын том баяр наадам болох хөлбөмбөгийн ДАШТ-ий зохион байгуулалтад өөрчлөлт орж магадгүй болжээ. Тус тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18-нд Катарт явагдах юм.
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос “ДАШТ 2022” тэмцээний зарим тоглолтыг Оман, Кувейт улсуудад зохион байгуулахаар шийдвэрлэж магадгүй байна. Учир нь хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд 32 биш 48 баг оролцуулах хувилбар ид яригдаж эхлээд байгаа юм. Хөлбөмбөгийг дэлхий дахинд түгээх, жижиг буурай оронд ч дэлхийн тэмцээнд оролцох боломж олгох, ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн хэд хэдэн шалтгаанаар багийн тоог нэмэх гэж байгаа билээ.
Багийн тоо нэмэгдэхээр тоглолтын тоо нэмэгдэнэ. Тиймээс Катар улс дангаараа зохион байгуулж чадахгүй. Одоогийн байдлаар FIFA Кувейт, Оман улсуудад хэсгийн хэдэн тоглолт явуулах хувилбарыг хэлэлцэж байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино өнгөрсөн сард Кувейтэд айлчилж, хэлэлцээ хийсэн бол энэ Ням гарагт Оманд очих гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )