Холимог тулааныг та хатуу, ширүүн гэж бодож байна уу? Үгүй шүү, дэлхийд холимог тулаанаас хамаагүй илүү зэрлэг тулааны тэмцээн олон байдаг. Дундад зууны рыцарь, бүлэг зодоон гээд хамгийн хачирхалтай тулааны тэмцээнүүдээс зургааг танилцуулья.
Hip Show Arena Combat
Паркур засалтай торон дотор тулалдана. Өөрөөр хэлбэл саадтай зодоон гэсэн үг. Тамирчид саад даван зугтааж, эсвэл ашиглаж, үсэрч харайн зодолдоно. Нэг баг хоёр хүнтэй. Нэг нь хүнд цохилтод орох, эсвэл баригдвал хасагдаж, үлдсэн нь хоёр хүнтэй тулалддаг. Дүрэм сонгодог ММА шиг, эмзэг газар өшиглөхгүй, нүдрүү чичихгүй. Энэхүү тэмцээн анх 2012 онд ОХУ-д үүссэн бөгөөд 2014 онд AXS TV кабелийн телевизээр Хойд Америкт гарснаар АНУ-д дэлгэрсэн.
CALCIO FIORENTINO
Флоренцийн хөлбөмбөг хэмээх энэ спортыг хөлбөмбөг гэхээсээ холимог тулаан гэвээс зохилтой. Тус бүр 27 хүнтэй хоёр баг талбайд гарна. Мэдээж гоол оруулах ёстой, гэхдээ тааралдсан тоглогчоо зогсоогоод, цохиж, барилдаж болох дүрэмтэй. Ийм дүрэмтэй хойно ихэнх хөлбөмбөгийн тоглолт нийтийн зодоон болон хувирдаг. Хөлбөмбөгчид нь ч ихэнх бэлтгэлээ боксын танхимд хийдэг гэж байгаа. Алс тэртээ 14 дүгээр зуунд үүссэн энэ спорт одоо ч явагддаг хэвээр.
X-ARM
Энэ тэмцээний уриа “Энд армрестлинг, кик бокс аль аль нь бий”. Юу болдгийг маш товч тодорхой заасан үг. X-ARM-д хоёр тамирчныг гар барилдааны ширээнд нэг гарыг нь хүлнэ. Ингээд нөгөө гараараа хэн хэнээ нам цохих гэж үзнэ дээ. Өшиглөж ч болно. UFC-ийг үүсэхэд гар бие оролцсон гэх Арт Дейви гэгч эрхэм энэ төрлийг зохион бүтээж, “Шинэ үеийн холимог спорт" гэж сурталчилж байлаа. Гэвч үзсэн хүмүүст энэ спорт хэт зэрлэг, муухай харагдаж байв. 2012 онд Дейви тэмцээндээ мэргэжлийн тулаанчдыг оролцуулна гэж зарласан ч холбоог нь хаасан билээ.
KNIGHT FIGHTING
Вадим Финкельштейний “M-1 Global” компани дундад зууны рыцариудыг боксын рингэнд гаргаж ирсэн. Хуяг дуулгатай тамирчид сэлмээр цавчиж, нударгалж, өшиглөж, хэвтээ барилдаж ч болно. Илд сэлэм нь үзүүргүй ч хүнд нокаут маш их гардаг.
TEAM FIGHTING CHAMPIONSHIP
Энэ бол бас бүлэглэн зодолдох тэмцээн. Дөрвөн хүнтэй хоёр баг рингэнд гарч, зодолдоно. Унасан өрсөлдөгчөө дэвсэж ч болдог дүрэмтэй. “Team Fighting Championship”-ийн төв штаб Латвийн Рига хотод байрладаг бөгөөд бүрэн хэмжээний гурван тэмцээн зохион байгуулаад байгаа. Хамгийн сүүлийн тэмцээн 2015 онд болж, ОХУ, АНУ, Латви, Бразил, Польш, Английн багууд оролцжээ.
SHOCK FIGHTS
Тамирчдын бээлийнд тог цохиулагч бэхэлсэн зодоон. 2000-аад оны үед АНУ-ын хэд хэдэн мужид тэмцээн зохион байгуулсан ч удалгүй хаагдсан юм. Shock Fights-ийг үүсгэн байгуулагч Майкл Александр өөрийн төрлөө “Манай спорт бол тулааны урлагийн ирээдүй болсон шинэ төрөл. Боксыг бөх, бөхийг холимог тулаан даван гарч ирсэн бол бид холимог тулааныг орлох болно” гэж бахархалтай мэдэгдэж байв.
Сэтгэгдэл ( 1 )
Stribtiz clabad uuraar shurshih hortoi gej delhii dayar uzej bna