Якутын анхны олимпийн аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриев агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн долоо дахь удаагийн залуучуудын олон улсын тэмцээн 2019.03.08-нд Сахагийн “Триумф” спортын ордонд эхэлсэн. Тус тэмцээний хоёр дахь өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болсон талаар МЧБХ-оос мэдээллээ.
74 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Journeymen Cliff Keen” ОУТ-ий аварга, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр Якутын дэвжээнд шөвгийн наймд АНУ-ын Эмиль Шэнноныг 9:6-гаар, хагас шигшээд Казахстаны Адирхан Амирханылыг оноогоор цэвэр (10:0) ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд Кемеровогийн Дмитрий Купринд 3:5-аар ялагджээ.
Мөн 86 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын улсын аварга, Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний тамирчин спортын мастер Энхтүвшингийн Батмагнай хүрэл медаль хүртсэн байна.Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Алексей Пархоменкаг 9:7-гоор ялснаар өнгөрсөн жилийн амжилтаа бататгажээ.
Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Азербайжан, Армен, Беларусь, Болгар, Грек, Казахстан, Кыргызстан, Молдав, Польш, Иран, Узбекистан гэсэн 13 орны 150 гаруй тамирчин 10 жинд өрсөлдөж байгаа юм. Тэмцээний нийт шагналын сан 2.4 рубль бөгөөд түрүүлсэн бөх 70, мөнгө 50, хүрэл 40 мянган рублийн эзэн болно. Түүнчлэн аваргын багшийг 40 мянган рублиар шагнана.
Өнөөдрийн тоглолтын хуваарь /2019.03.10/
10:00-12:00 - 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн дагах барилдаан
13:00-15:00 - 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан
Сэтгэгдэл ( 0 )