Хорватын Загреб хотноо болсон Чөлөөт бөхийн ДАШТ-д таван өрсөлдөгчөөсөө нийт 49 оноо авсан хэрнээ нэг ч оноо алдалгүй түрүүлсэн бөх бол АНУ-ын Захид Валенсиа байлаа. Сүүлийн 35 жилийн хугацаанд АНУ-ын чөлөөт бөхийн тамирчдаас Дэлхийд оноо алдалгүй түрүүлсэн нь Кайл Дэйк, Жэйден Кокс нар юм. Гэхдээ энэ хоёр тамирчин хоёулаа олимпын бус жинд ийм амжилт үзүүлсэн.

Мексик гаралтай Захид Валенсиа одоо 28 настай. Өдий хүртэл Дэлхийгээс нэг л хүрэл медаль хүртсэн. Өмнө нь АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Олимп, Дэлхийн АШТ-д оролцсон нь бараг үгүй. 2023 онд ДАШТ-ий 92 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэнээс өөрөөр том тэмцээнээс медальгүй.
2024 оны Олимпын эрхийн төлөөх өрсөлдөөнд Аарон Брукст ялагдсан. 2018 онд ДАШТ-д оролцох эрхийн төлөөх өрсөлдөөнд Кайл Дейкт ялагдсан тул оролцож чадаагүй юм.
Аризонагийн Их сургуулийн нэрийн өмнөөс барилддаг Захид Валенсиа NCAA-гийн хошой аварга. Өнгөрсөн жилийн аравдугаар сард бууриа сэлгэж, Оклахомагийн Их сургуулийн багт очиж, Олимпын аварга Дэвид Тейлорын удирдлага дор бэлтгэлээ базаах болсноор амжилтад хүрлээ.

“Аризонагаас явах амар байгаагүй. Яагаад гэвэл тэнд үнэхээр аз жаргалтай байсан. Таатай сайхан орчиндоо дасчихсан болохоор юу ч өөрчлөх хэрэггүй юм шиг л бодож явлаа. Гэхдээ амжилтад хүрэхийг хүсэж буй бол нэг газраа, нэг л зүйл хийгээд байна гэдэг солиорол. Тиймээс ая тухаас татгалзах ёстойгоо ойлгож, Оклахомад очсон юм” хэмээн ярьжээ.
Багш дасгалжуулагч Дэвид Тейлор шавийнхаа талаар ярихдаа “Энэ ДАШТ түүний хувьд том өөрчлөлт боллоо. Захидыг ямар их авъяас, чадалтайг бүгд мэднэ. Одоо л түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж эхэлж байна” гэжээ.

Аризонад дасгалжуулагчаар нь ажиллаж байсан Зик Жонс “Миний гар дээр ирсэн шилдэг гурван бөхийн нэгд би Захидыг нэрлэнэ. Гэхдээ одоо Дэлхийн аварга болчихсон болохоор бүр хамгийн шилдэг нь гэж хэлж болохоор боллоо. Бид нар Захидыг Дэлхийн аварга болох боломжтой гэдгийг мэдэж байсан. Өмнөөс нь баярлаж их бахархаж байна.
Захид удаан хугацааны турш Дэлхийн дэвжээнд гараагүй нь булчингийн масстай холбоотой. Булчингийн массаа нэмэгдүүлэхэд олон жил зарцуулсан. Одоо л яг өөрийн жиндээ тохирохоор болжээ. Тэрнээс сэтгэлзүй өндөртэй. Мөн ур чадвар нь Дэлхийн түвшнийх. Хурд сайтай нь хамгийн гол давуу тал нь. Хойш, урагш дайрах чадвартай тамирчид олон байдаг. Гэхдээ чөлөөт бөхөд хойш, урагш гэхээс гадна мөн диагоналдсан дайралт маш чухал. Энэ тал дээрээ Захид их сайн шүү. Матрикс шиг агаарт тогтож ч чадах хүн” хэмээн ярьжээ.

2028 оны Лос-Анжелесийн олимпод Захид Валенсиа 31 настай, ахмад тамирчин болчихсон байх болно. Гэхдээ дасгалжуулагч Зик Жонс олимпын дэвжээнд амжилт гаргана гэдэгт нь итгэж байгаа гэнэ. “Насыг нь харвал ахмад тамирчин гэнэ л дээ. Харин яаж барилдаж буйг нь харвал ид үедээ байна шүү дээ” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )