Хорватын Загреб хотод болж буй Чөлөөт бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн монголчууд бидний хувьд Пүрэвдоржийн Орхоны барилдаанаар өндөрлөх гэж байна.
Үлдсэн өдрүүдэд сонгомол бөхийн барилдаан болох юм. Монголын баг тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар Хорватад очиж, Дэлхийн дэвжээнээ хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос Т.Тулга мөнгөн медаль хүртсэн бол Т.Алтжин, Т.Энхжин нар хүрэл медаль хүртээд байна. Өнөө орой Дэлхийн П.Орхон хүрэл медалийн төлөө барилдах болно.
Та бүхэнд П.Орхоны талаар Дэлхийнх Бөхийн Нэгдсэн Холбооны албан ёсны цахим хуудаст өнгөрсөн зун нийтлэгдсэн нэгэн материалыг хүргэж байна.
П.Орхон: Гунигтай байсан ч хүүгээ өсгөж, жирийн амьдрахаар шийдсэн...
“...2017 онд Дэлхийн аварга болохоосоо жилийн өмнө Иваны Ярыгиний нэрэмжит Алтан Гран-При тэмцээнд Каори Ичогийн 13 жилийн турш үргэлжилсэн ялалтын цувралыг тэр зогсоосон юм.
.jpg)
2018 онд Бишкект болсон Азийн АШТ-д түрүүлээд мөн Монголын Улаанбаатарт зохиосон нээлттэй УАШТ-д түрүүллээ. Гэвч хэдэн сарын дараагаар Азийн наадамд 62 кг-ын жинд түрүүлсэн ч допингийн шинжилгээнд бүдэрлээ.
Цойлж гарч ирснээ үхлийн уналтад орж, дөрвөн жил барилдах эрхээ хасуулав. Энэ урт хугацаанд П.Орхон хувийн амьдралдаа анхаарлаа хандуулжээ.
“Их гунигтай байсан хүүгээ өсгөж, жирийн амьдрахаар шийдсэн. Гэр бүлдээ анхаараад завгүй байлаа. Хамгийн гол нь миний оюун ухаан, сэтгэл санаа хүчтэй байх ёстой байлаа” гэж ярьж байна.
.jpg)
Одоог хүртэл Монголын сүүлчийн Дэлхийн аварга хэвээрээ байгаа тэрбээр 2022 онд спортдоо буцан ирж, ДАШТ-д оролцох Монголын шигшээд багтсан юм. 2023 оны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, 2024 оны Парисын олимпын эрхээ авлаа.
Барилдах эрхээ хасуулснаас хойш 7 жил өнгөрч, бөхийн хувьд харих үедээ орсон ч гэлээ тэмцлийн галаа дахин бадраахыг хүссэн хэвээр байна. Үүнийхээ төлөө эхний алхмаа ч хийж, Улаанбаатар OPEN тэмцээний алтан медаль хүртлээ.
31 настай тамирчин бүсгүй зөвхөн Монголд биш Азид шилдэг нь гэдгээ хөгжөөн дэмжигчид, гэр бүлийнхнийхээ өмнө харуулахыг зорьсон юм.

Алтан медалийн төлөөх барилдаанд элэг нэгт, өрсөлдөгч Сүхээгийн Цэрэнчимэдийг 11:2-оор ялсныхаа дараагаар “Энэ жил би хоёр дахь тэмцээн /олон улсын бол эхний/-дээ оролцож байгаа болохоор хүнд байна. Тайван байсан тулдаа ялж чадлаа. Сэтгэлээ санаа тавгүй байсан болохоор эхний барилдаанд бэлэн биш байсан юм. Гэвч дараа дараачийн барилдаандаа илүү сайн барилдаж чадлаа. Хүнд байлаа гэж би хэлсэн шүү дээ. Үнэндээ би одоо юунд ч бүрэн итгэлтэй байж чадахгүй байна” хэмээн Парисын олимпоос хойш анхны олон улсын тэмцээндээ оролцсоныхоо дараа хэлсэн юм.
.jpg)
17 жилийн өмнө үеэлүүдээ дагаж Улаанбаатарт бөхөөр хичээллэж эхлэхдээ П.Орхон ийм өндөр түвшний бөх болно гэж төсөөлж байсангүй. Тиймээс Дэлхийн аварга болсныхоо дараагаар энэ спортыг сонгон хичээллэж, бахархам амжилтад хүрсэндээ аз жаргалтай байлаа.
“Би гэрийнхээ долоо хүүхдээс ганцаараа бөх. Үеэлүүд маань барилддаг байсан ч удалгүй больчихсон. Харин би болиогүй, үргэлжлүүлсэн. Надад бөх маш их таалагдсан юм” гэж өгүүллээ.

Олимпын медальгүйдээ харамсаж явдгаа ч хэллээ. Хоёр ч удаа Олимпын дэвжээнд гарсан ч медаль хүртэж чадаагүй. 2016 оны Рио-гийн олимпын наадамд дагах барилдаанд ялагдсан бол Парист хүрэл медалийн төлөө сайн мэдэх өрсөлдөгч Айсүлү Тыныбековад ялагдсан.
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмаас медаль хүртэх нь одоо түүний ганц хүсэл тэмүүлэл нь. “Лос-Анжелесийн олимп хүртэл барилдаж чадна гэдэгтээ би итгэлгүй байна. Гэхдээ ямар ч байсан хичээгээд үзнэ. Сүүлийн олимпын наадам миний бөхийн замналд маш хүндээр туссан. Гэлээ ч дахиад нэг оролдоод үзнэ. 62 кг-ын жинд олон сайн бөх бий. Тийм болохоор бэлтгэлээ маш сайн хийх хэрэгтэй” гэж хэлсэн юм.
Та бүхэнд Дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн Т.Алтжин, Т.Энхжин нарын баярт агшны гэрэл зургуудаас хүргэж байна.

















Сэтгэгдэл ( 0 )