Садулаев юмуу, Снайдер Дэлхийд дахин түрүүлбэл ямар дээд амжилт тогтоох вэ?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 24

Энэ жилийн чөлөөт бөхийн ДАШТ-ий 97 кг-ын жинд АНУ-ын Кайл Снайдер түрүүлж, дөрөв дэх түрүүгээ хүртсэнээр монгол бөхөөр дүйцүүлэн ярих юм бол дархан аваргын болзлоо хангасан.

Снайдер 2015 онд буюу 10 жилийн өмнө анх Дэлхийн аварга болж байсан юм. Бүр нарийн хоногоор тооцвол 10 жил 6 хоногийн дараа Дэлхийд түрүүлжээ. Энэ үзүүлэлтээрээ чөлөөт бөхийн ДАШТ-ий түүхэнд хамгийн олон жилийн зөрүүтэй түрүүлсэн бөхчүүдийн жагсаалтын тавдугаар байрт бичигдэх боллоо.

Тэгвэл Снайдерын өмнө буюу дөрөвдүгээр байрт домогт Бувайсар Сайтиев байна. 1995 онд Дэлхийд түрүүлээд, хамгийн сүүлд 2005 онд түрүүлсэн. Хоорондын зөрүү нь 10 жил 46 хоног болж буй юм байна.

Гуравт, Орос танк хэмээх Абдулрашид Садулаев бичигдэнэ. 2014 онд Дэлхийн аварга болоод 2024 онд сүүлд түрүүлэх хооронд 10 жил 50 хоногийн зааг байна. Бувайсар Сайтиеваас ердөө 5 хоногоор илүү гэсэн үг.

Аман хүзүүнд АНУ-ын Жордан Барроуз орж байна. 2011 онд Дэлхийд түрүүлээд сүүлд 2022 онд түрүүлсэн. Энэ хоёрын дунд 11 жил өнгөрчээ.

Тэгвэл тэргүүн байрыг Болгарын домогт аварга Валентин Йорданов эзэлнэ. 1983 оны ДАШТ-д түрүүлээд хамгийн сүүлд 1995 онд мөн түрүүлжээ. Дундаа 11 жил 10 сарын зайтай байна. Жижиг жингийн буюу 52 кг-ын бөх гэхэд энэ олон жилийн турш барилдаж, амжилтаа давтана гэдэг үнэхээр аугаа амжилт.

Ирэх жилийн ДАШТ Бахрэйнд есдүгээр сарын 5-13-нд болно. Абдулрашид Садулаевын хувьд визийн зөрчилтэй гэлгүйгээр шууд оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл, Садулаев түрүүлбэл, Валентин Йордановын хамгийн олон жилийн зайтай Дэлхийд түрүүлсэн дээд амжилтыг эвдэх боломж байна. Харин Кайл Снайдер түрүүлбэл Жордан Барроузын өмнө буюу хоёрдугаар байрт бичигдэх болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top