БНСУ-ын Чэжү хотод өнөөдөр “Jeju International Ultramarathon 2019” хэт холын зайн марафон гүйлт боллоо.
18 дахь удаагаа явагдаж байгаа тус тэмцээн 50 км, 100 км, 200 км, уулын жимийн 80 км зайн төрлүүдээр явагдлаа. Өглөөний 6 цагаас 19 орны 600 гаруй тамирчин гараанаас гарсан байна.
“Цаг агаар хүйтэн, бороотой байсан ч Монголын баг тамирчдаас 100 км зайд уралдсан ОУХМ С.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 017 ангийн ахлагч) 8:07.27 цагийн амжилтаар түрүүллээ. Тус тэмцээний энэ зайд 2014, 2015, 2018 онуудад Б.Доржпалам, Д.Бадамхатан, З.Нина нар түрүүлж байсан амжилтыг манай тамирчин давтлаа” гэж Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны Гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр Чэжүгээс мэдээллээ.
С.Өнөрбаяр тэмцээний үеэр БНСУ-ын Ансан хотын хэт холын марафон гүйлтийн холбооны ерөнхийлөгч И Ёон Чольтой уулзаж, тамирчдаа хамтран бэлтгэх, клубын системийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх, хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар хэлэлцсэн байна. Ерөнхийлөагч И Ёон Чоль энэ жилийн 6-р сарын 28-нд Монгол улсад айлчлахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )