Б.Энх-Амгалан: Төрийн албаны шинэ хуулиар сайд томилгоо хийх эрхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Ажлаа аваад удаагүй байгаа Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдож, ажлаа аваад удаагүй байна. Салбарт тань энэ ондоо багтааж дуусгах, эхлүүлэхээр төлөвлөсөн ажил хэр их байх юм бэ?

-Энэ жил бүтээн байгуулалтын нэлээн ажил бий. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд бүх аймгийг авто замаар холбох зорилготой байна. Одоо бол Говь-Алтай аймгийн 126.7 км, Завхан аймгийн 60.7 км, Тосонцэнгэлээс Сонгины чиглэлийн 167 км авто замыг тавина.

-Энэ жилдээ багтах уу?

-Тийм. Энэ жилдээ багтчихна, бүх аймгаа авто замаар холбочихно гэсэн төлөвтэй байна. Дээр нь Дархан-Уул аймгаас Улаанбаатар, Улаанбаатараас Налайх дүүргийн чиглэлийн авто замыг шинэчилж, дөрвөн урсгалтай болгоно.

-Бүтээн байгуулалтын ажил нь яг хэзээнээс эхлэх вэ?

-Энэ хавраас эхлүүлнэ. Удахгүй хурлыг нь хийж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.

-Хөрөнгө, санхүү нь хаанаас гарч байгаа вэ. Хэчнээн төгрөг шаардлагатай гэж тооцоолж байна вэ?

-Ямар ч л байсан 20.9 км-ийн авто зам дээр Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэнэ. Энэ ажлыг ондоо багтааж, ирэх арваннэгдүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй байна. Хятадын компанитай хэлэлцээрийн ширээний ард сууж байна гэж ойлгож болно.

Дархан-Уул аймгийн чиглэлийн зам одоо хоёр урсгалтай байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр урсгалыг нь, нөгөө хоёр урсгалыг нь Ёвропын сэргээн босголтын банкны зээлийн санхүүжилтээр барихаар болж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас ажлыг нь эхлүүлэхээр болж байх шиг байна.

 

ТАВАНТОЛГОЙ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ КОНЦЕССЫН ГЭРЭЭГЭЭР БАРИНА

 

-Өөр авто замын салбарт ямар бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, гүйцэтгэхээр төлөвлөж байна вэ?

-Тавантолгойн авто замын чиглэлд Концессын гэрээгээр ажлууд хийхээр ярьж байна. Энд Хятадын талын хөрөнгө оруулагчтай тохиролцооны ажил ид явж байна. Төмөр замын хувьд Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн ажлыг энэ ондоо эхлүүлэх, Хятадын талтай цэгүүд болон цаашид явах, асуудлуудыг тохиролцох тал дээр ярилцаж байна. Мөн Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн зам, Зүүнбаянгаас Хангимандал чиглэлийг ажлыг түлхүү явуулахаар ярилцаж байна. Зураг төсөл нь бараг бэлэн болж байна.

Ингэхийн бол Хангимандалын чиглэлд уул уурхайн бараа, бүтээгдэхүүнээ зөөвөрлөх боомт гаргах зорилттой байна. Хойшоогоо орон нутгийнхаа коридорыг нээх төлөвтэй байна. Баян-Өлгийгөөс Цагааннуур чиглэлийн замын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж дуусгавал баруун талын коридор нээгдэх боломж бүрдэнэ.

-“Хөшгийн хөндий” шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад хүлээлгэж өгөх хугацаа ойртож байна шүү дээ?

-Ирэх долдугаар сард эхний нээлтийн ёслол болно. Үйл ажиллагаа нь ирэх аравдугаар сард жигдэрнэ. Өөрөөр хэлбэл, ирэх оны хавар гэхэд шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа жигдэрч, хэвийн ажиллаж эхэлнэ гэж харж, тооцоолж байна.

-Ингэхэд хуучин “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлыг ямар зориулалтаар ашиглах юм бэ?  

-Олон улсын сургалт явуулах, онгоцны засвар үйлчилгээний чиглэлээр ашиглана. Түүнчлэн ерөнхий агаарын тээвэр буюу бага оврын онгоцны сургалт явуулах чиглэлээр ашиглахаар төлөвлөж байна.

 

ЖОЛООЧ БИШ ЗОРЧИГЧДООС МЭДЭЭЛЭЛ АВДАГ БОЛНО

 

-Сүүлийн үед хот хоорондын тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа автобусууд осолдох, улмаар хүний амь эрсдэх явдал ихсэх болсон. Зорчигч тээврийн асуудалд ямар зохицуулалт хийхээр төлөвлөж байна вэ?

-Онцгой анхаарч байна. Одоогоор Авто тээврийн үндэсний төвийн хэд, хэдэн зүйлд анхаарал тавьж, хяналтад оруулж байна.

-Жишээ нь?

-Жишээлбэл, цахим хяналт. Энэ бол ямар цэгээс автобус гарч, ямар чиглэлд хүрч байна гэдгийг нь хянана. Жолоочийн ажлыг хянах камер хүртэл тавьж байна. Дээр нь хурд хэмжигчийг нэмж байна. Энэ мэт ажил бол хөдөлгөөнийг хянахад тодорхой хэмжээнд нөлөөлнө. Түүнчлэн зорчиж байгаа иргэдийн мэдээллийг авч төвөөсөө хяналт тавьж байна. Жолоочтой биш зорчигчтой шууд холбогдож мэдээлэл авдаг болж байна. Цаашид орон нутгийн зорчигч тээврийн салбарт тодорхой дэвшил гарна гэж ойлгож болно.

-Жолооч нарын чадварыг дээшлүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Бид шаардлага тавьж байна. Орон нутагт явж байгаа тээвэр үйлчилгээний жолооч нарын чадварыг сайжруулах, үйлчилж байгаа автобуснуудын техникийн шаардлага дээр онцгой анхаарч байна.

-Авто машины шинэ дугаарыг үйлчилгээнд гаргах уу?

-Гарахгүй. Одоо бол УБҮ, УБН сер дуусч байна. Дахин УТ ч юм уу, УС ч юм уу шинэ сер гаргана. Жилд 98 мянган авто машин орж ирсэн байна. Энэ нь иргэдийн худалдан авалт сайжирч байна гэсэн үг. Үүнтэй холбогдуулан есөн сер гаргах шаардлагатай. Үүнийгээ бол гаргачих байх гэж бодож байна. Түүнээс шинэ дугаар бол гарахгүй.

Хоёрдугаарт, дугаарын өнгийг өөрчлөх асуудлыг ярьж байна. Жишээлбэл, зам эвддэг хүнд даацын авто машины дугаарыг хар номертой болгох зэргээр төлөвлөж байна даа. Харин шар өнгийн номер гаргахаар төлөвлөж байна. Энэ нь нийтийн тээвэрт үйлчилгээ явуулах эрх авсан байгууллагад олгоно. Эко буюу ногоон өнгөтэй номер гаргана. Энэ бол 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй авто машин хамаарна.

 

ГАШУУНСУХАЙТЫН БООМТОД БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ 13000 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БАЙНА

 

-Гашуунсухайтын боомтын нүүрс тээвэрлэлийн асуудал анхаарал татаж байгаа шүү дээ. Үүнд ямар зохицуулалт, өөрчлөлтийг хийх вэ?

-Тэнд 13 мянган тээврийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Монголын талын гурав, Хятадын талаас нэлээн хэд нийт 1313 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм билээ. Үүнийг тусгай журам, зохицуулалтад оруулахгүй бол хүндрэлтэй болсон байна. Ялангуяа тээврийн хэрэгслийн чанар, шаардлага алдагдсан байна. Тиймээс стандартаа шинэчлэх шаардлагатай. Шинэ тээврийн хэрэгслээр нүүрсээ тээвэрлэх асуудлыг судалж байна.

-Засгийн газраас хотын агаарын бохирдол, утааг багасгах чиглэлээр олон ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Үүний нэг нь ирэх тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүхий нүүрс оруулахыг хориглосон. Ингэснээр утаа, агаарын бохирдлыг 50 хувь багасна гэж тооцоолж байна. Гэсэн ч үйлчилгээнд явж байгаа авто тээврийн хэрэгслээс гарч байгаа утаа агаарын бохирдлын тодорхой хувийг эзэлдэг шүү дээ. Үүнийг багасгах тал дээр хэрхэн анхаарч, ажиллаж байна вэ?

-Улаанбаатар хоттой нийлж нийтийн тээврийн автобусыг шинэчлэх ажлыг ярьж байна. Насжилт өндөртэй автобусыг үйлчилгээнд явуулж байгаа нь агаарын бохирдолд нөлөөлж байгаа нь үнэн. Тиймээс газ, цахилгаан хөдөлгүүртэй автобусаар шинэчлэх тал дээр хоёр талдаа ярилцаж байна.

Насжилт өндөртэй тээврийн хэрэгслийг улсын үзлэг, оношилгооны үеэр цэгцлэх ажлыг эхлүүлээд байна.

Чиглэл болгож өгсөн. Тэгэхээр энэ жилээс авто тээврийн үзлэг, оношилгооны ажлыг нэлээн нарийн хийх шаардлага бий. Ер нь, авто ослоос л гэхэд энэ жил 526 иргэн амиа алдсан гэх судалгаа бий. Түүнчлэн 20 гаруй мянган хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Энэ бол том тоо. Иймд чанартай жолооч нарыг бэлтгэн гаргах ажил чухал байна. Бүрэн бус тээврийн хэрэгслээр явуулахгүй байх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байна даа. 

 

НАДАД ТОМИЛГОО ХИЙХ ЭРХ БАЙХГҮЙ

 

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗНЭ ҮҮ! 
 

-Зөвхөн зам тээврийн салбарт бүтээн байгуулалтад хэр их хөрөнгө, мөнгө төсөвлөгдсөн байдаг юм бэ?

-Яг би цээжээр мэдэхгүй байна. Зөвхөн Налайх чиглэлийн замд л гэхэд 32.6 сая ам.долларын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх гэж байна. Азийн хөгжлийн банкнаас л гэхэд 60:9 ам.долларын санхүүжилтийг Дархан-Уул аймгийн чиглэлд хийх гэж байна. Энэ мэт ажлуудыг хийх болно. 

-Ингэхэд та ажлаа аваад удаагүй байна. Яамныхаа бүтэц, зохион байгуулалтад ямар нэгэн өөрчлөлт хийх үү?

-Тодорхой бүтэц, өөрчлөлт орохгүй. 

-Халаа сэлгээ ч юм уу, ямар нэгэн томилгоо хийх үү?

-Төрийн албаны тухай шинэ хуульд зааснаар сайд ямар нэгэн томилгоо хийх эрхгүй. Зөвхөн төрийн албанд олон жил ажилласан хүмүүсийг шатлан дэвшүүлэх маягаар явж байгаа. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.125) 2019 оны 03 сарын 13

SAID er ni ymar uuregtei um salbaraa yu ch teseelekhgyi bsn ch bolokh um bna, Tomilgoo hkiikh erhkgyi um chini 5 salbariig negtgej neg TOM yamtai bolood l bsn Odoo buur 10 yamiig negtgeed neg saidtai bolnoo, Mash tom TULSH , ERCHIMHKUCH, GEOLOGI , UUL UURHKAIN n salbariig negtgeed SAID 1r said , o/ saidtai ajillaad l bsn Odoo yamnii dotorkh butstiig steel..

0  |  0
Top