Зинедин Зидан “Реал”-д эргэн ирлээ

2019 оны 03 сарын 12

Сүүлийн үед амжилт тааруухан байгаа Испанийн Эзэн хааны баг дасгалжуулагч Солариг халж, шинэ дасгалжуулагч хайж байсан билээ. Жозе Моуриньогийн нэр хамгийн түрүүнд дуулдаж байсан ч Мадридын баг түүнийг сонгосонгүй. Учир нь багийн шилдэг тоглогчид дахин Жозетэй хамтран ажиллахаас татгалзсан байна.

Ингээд ерөнхийлөгч Флорентино Перес өчигдөр шинэ дасгалжуулагчийнхаа нэрийг зарлалаа. 2016-2018 онуудад “Реал”-д Аваргуудын лигийн 3 цом авч өгсөн алдарт Зидан эргэн иржээ. Зидан 2022 он хүртэл гэрээ байгуулсан байна.

Хэвлэлийн хурал дээр Зинедин оймсгүй, бариу жинсэн өмдтэй гарч ирэн, сэтгүүлчдийг гайхуулсан.

Түүний хэлсэн анхны үг

“Би “Реал”-д татгалзаж чадахгүй. Буцаж ирсэндээ баяртай байна. Маргаашнаас шууд ажиллаж эхлэнэ. Энэ бол миний хувьд асар том хариуцлага юм”

Ажлын төлөвлөгөө

“Улирал дуустал 11 тоглох үлдээд байна. Энэ улирлыг сайн өндөрлүүлж, ирэх улиралдаа бэлтгэх зорилготой. Би энд байгуулсан ялалтуудаа мартаагүй, гэхдээ өнгөрсөн улиралд гаргасан алдаануудаа ч мартаагүй”

Яагаад өнгөрсөн жил багаа орхисон талаараа

“Надад өөрчлөлт хэрэгтэй байлаа. 2 жилийн дотор бид бараг бүх тэмцээнд түрүүлсэн. Дасгалжуулагч, тоглогч бүгдэд нь шинэ юм хэрэгтэй байсан. Би 9 сар амарлаа, бүрэн цэнэглэгдлээ. Энэ агуу багтайгаа цуг дахин тулаанд гарахад бэлэн байна”

Өөр багууд

“Надад олон багаас урилга ирсэн. Гэхдээ би “Реал”-аас өөр багт ажиллахыг хүсээгүй”

Лопетеги, Солари

“Би тэднийг буруутгахгүй. Тэд боломжтой бүхнийг хийхийг хичээсэн. Би энэ талаар ярихгүй. Бидний зорилго ирээдүйг харах”

Багт асуудал байна уу

“Маш олон цом өргөж байсан тоглогчид дээрээ би эргэн ирлээ. Тэдний хооронд юу болсон, яаж байсан нь надад хамаагүй. Юуны өмнө би Бямба гарагийн тоглолтод бэлтгэнэ”

Роналдугийн талаар

“Энэ бол өнөөдөр ярих асуудал биш. Бид үлдсэн 11 тоглолтдоо сайн бэлтгэх хэрэгтэй. Дараа нь юу болохыг харья. Роналду бол “Реал” багийн түүх, шилдэг тоглогчдын нэг гэдгийг бүгд мэднэ. Роналдуг орлохоор хүн авах уу гэж үү? Би одоогоор арилжаа наймааны талаар бодоогүй байна. Хамгийн гол нь үлдсэн тоглолтууддаа ялалт байгуулах. Дараа нь багийн бүрэлдэхүүний талаар ярих цаг хангалттай гарна”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top