Чөлөөт бөх: Монголын шигшээ багийг Якутскт угтан авлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Чөлөөт бөхийн “Дэлхийн Цом”-ын тэмцээнд оролцох манай эрэгтэйчүүдийн шигшээ баг ОХУ-ын Якутск хотод өчигдөр шөнө 01.30 цагт хүрэлцэн очлоо.

Манай баг оролцогчдоос хамгийн түрүүнд ирж байгаа нь энэ бөгөөд Якутын нисэх буудал дээр манай багийг талх, давс, айрагтай ёслол төгөлдөр хүлээн авсан байна.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном сэтгүүлчдэд “Бид “Иван Ярыгин Гран При” тэмцээний дараа шигшээ багаа тодруулсан. Энэ тэмцээнийг бид удаан хүлээсэн. Маргаашнаас шууд бэлтгэлдээ орно. Якутын бөхчүүдтэй бид хамтарсан бэлтгэл байнга хийдэг, энд болдог бараг бүх тэмцээнд тогтмол оролцдог тул Якут, Якутын чөлөөт бөхийг сайн мэднэ. Манай багт Азийн наадмын аварга, ДАШТ-ий медальт Э.Бэхбаяр, дэлхийн аваргын мөнгөн медальт П.Өнөрбат нарын шилдгүүд багтсан. Багийн ахлагчаар хашир бөх Г.Мандахнаран ажиллана. Гол өрсөлдөгчөө АНУ, Гүрж, Иран, мэдээж ОХУ-ын шигшээ баг гэж үзэж байна” гэж мэдээллээ.

Багийн ахлагч, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран “Маш хүчирхэг баг бүрдсэн гэж бодож байгаа. 4 жинд дэлхийн медальтай бөх барилдана. Бидний зорилго бол финалд ОХУ-ын шигшээ багтай өрсөлдөх” гэж хэлсэн байна.

Эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн “Дэлхийн Цом” тэмцээн энэ сарын 16-17-нд Якутскт болно.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 61 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Г.Отгонбаатар, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, спортын мастер Э.Бямбадорж, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, спортын мастер Э.Батмагнай, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, М.Лхагвагэрэл нар багтсан. Монголын багийн ахлагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Адъяахүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадас, эмчээр Ж.Баатар нар ажиллана.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Магалжав(66.181.161.49) 2019 оны 03 сарын 12

Номин яасан бэ

0  |  0
ойдов(202.21.106.129) 2019 оны 03 сарын 12

АДЪЯА ХҮҮ ЧӨЛӨӨТ МЭДЭХГҮЙ БАЙХАА МАНДАХ ТОМ АМ ГАРЧЭЭ

0  |  0
Top