Н.Нарантуяа: Хүүхдүүд эвдэрхий ширээн дээр суухгүй гэж уурладаг

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Гонгорын Хайдав, Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооров,  Яруу найрагч С.Буяннэмэх, Ягаан Гажид нэрээрээ олондоо алдаршсан Ц.Цэнд-Аюуш, “Морины” хэмээх Ж.Нансалмаа, Алиалагч Д.Батсүх, уртын дууч С.Цогтсайхан, Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах гээд урлаг соёлын алдартнуудын овоглон явдаг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуулийн сурагчид тохь тухгүй орчинд боловсрол эзэмшиж байна. Ингэж хэлэхийн учир гэвэл тус сумын 12 жилийн сургуулийн хөгжмийн танхимын сурагчдын ширээ эвдэрч, засал авахаа больсон бөгөөд сурагчид нь эвдэрхий ширээнд суухгүй гэж дургүйцэн, заримдаа бүр уйлдаг болсон тухай танхимын багш сумынхаа албан ёсны пэйж хуудсанд нийтэлсэн юм. Энэ явдлын дараа нутгийн иргэдийн дунд “Ирээдүйн алдартан төрүүлэх 1000 төгрөг” хандивын аян өрнүүлээд байгаа аж. Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн Хөгжмийн багш Н.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Таны оруулсан зургаас харахад хүүхдүүд стандартын бус орчинд хичээллэж байсан юм байна гэж бодож байлаа. Эвхэгддэг ширээн дээр сандалгүй /борхирч/ суудаг байсан юм билээ?

-2008 онд төслөөр тохижуулагдаж байхад нь уламжлалт хэлбэрийг ашиглах зорилготойгоор анхнаасаа сандалгүй байхаар төлөвлөж байсан юм. Нэгдүгээрт, завилах, борхирч суух нь хүүхдийн эрүүл мэндэд тустай. Хоёрдугаарт, ширээгээ хураагаад, талбайгаа чөлөөлж, бүжиглэх орчин бий болгож өгдөг онцлогтой. Байнга суулгаад байхгүй шүү дээ, 15 минут орчим суулгаад босгож, дуулуулж бүжиглүүлдэг.  Ер нь ийм хичээл долоо хоногт нэг л удаа ордог.

-2008 оноос гэхээр 10 гаруй жил болсон байна. Нэг ч удаа эвдрэл гэмтэл гарч, сургуулиас урсгал засвар хийж байгаагүй хэрэг үү?

-Анх 36 ширхэг ширээтэй байсан. Өнөөдөр 28 болсон байна. Мэдээж сургуулийнхаа захиргаанд хандалгүй яахав. Гэхдээ орон нутгийн сургуулийн төсөв санхүү бага байдгаас 2-3 ширээ л авч өгөхөөс хэтэрдэггүй.

-Бүх ангийнхан энэ танхимд, энэ ширээн дээр хичээллэдэг үү?

-Бага ангийнхан буюу 1-6 дугаар ангийнхан ширээтэй сууна. Харин 7-9 дүгээр ангийнхан олбог дээр сууж хичээллэдэг. Гэхдээ шаардлагатай үед ширээгээ өвөр дээрээ тааруулж тавьдаг.

-Зурган дээр бол бага ангийн хүүхэд болтой хүү уйлчихсан сууж байсан?

-Хөл нь гэмтсэн ширээ хүүхдийн суух таатай байдлыг алдагдуулаад байдаг. Охид эвийг нь олоод суучихдаг. Харин хөвгүүд ширээндээ хайр найргүй хандаж, хүчтэй дараад улам эвдэлдэг. Тэрэндээ болоод бухимдана л даа. Зурган дээр гарсан хүүхдийг найзууд нь “Чи өөрөө хүчтэй дараад гэмтээчихлээ шүү дээ” гэж шүүмжлээд, гомдоочихсон болохоор уйлсан байх. Мөн багшийнхаа ширээнд суумаар байсан байх аа.

Зурган дээр гарсан хүүхдийг найзууд нь “Чи өөрөө хүчтэй дараад гэмтээчихлээ шүү дээ” гэж шүүмжлээд гомдоочихсон болохоор уйлсан байх.

Багшийн хувьд эвхэгддэг ийм ширээ хичээл заахад тохиромжтой гэж боддог байсан юм. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байна. Тиймээс уламжлалт ёсоо алдагдуулалгүйгээр өөр ширээ хэрэглэх ёстойг мэдэрч, олон нийтэд хандсан нь тэр л дээ. Сургуулийн захиргаанд сэтгэл байвч санхүү нь байхгүй.

-Олон хүүхэд өдийг хүртэл ашигласан гэхэд бас танагтай байна гэмээр ч юм уу?

-Сурагчид маань маш авьяаслаг, манлайлагч хүүхдүүд байдаг л даа. Танхим маань ширээнээс гадна олон хөгжмийн зэмсэгтэй. Тэр бүгдийг арван жилийн турш маш ариг гамтай ашиглаж ирсэн. Өөрсдөө “Хөгжмийн танхимд баримтлах зарчим” гэж гаргаад, түүнийгээ яс баримтална.

-Таны сэтгэгдлийн дагуу “Ирээдүйн алдартан гавьяат төрүүлэх 1000 төгрөг” хандивын аян өчигдрөөс /03.13/ эхэлсэн байсан. Тантай холбогдов уу. Та тэр хүмүүст өөрийн санал, зорилгоо хэлсэн үү?

-Холбогдсон. Миний дансны дугаарыг авсан. Энэхүү аяны хүрээнд хүүхдүүд маань сурах таатай орчинтой болоосой гэж л хүсч байна даа.

Нутгийн түмэн намайг мэднэ ээ. Би энэ танхимаа байгуулагдсан цагаас хойш өөрийн гараар угааж, цэвэрлэж хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд сургах гэж цэвэрлэгч шиг ажиллаж явсан үе бий. Харин албан ёсоор цэвэрлэдэг үйлчлэгчтэй болоод нэг жил болж байна.

-Гэхдээ аяны хүрээнд дахиад л эвхэгддэг ширээ авчих юм бол хэдэн жилийн дараа асуудал буцаад л үүснэ шүү дээ?

-Өөрийг л авахыг бодож байна. Манай сум удахгүй шинэ сургуультай болно. Тэгэхээр тэр сургуулийнхаа урлаг зааланд ашиглаж болохоор байхаар төсөөлөөд байгаа.

У.УЯНГОО: ШИРЭЭГ НЬ ШИНЭЧЛЭЭД ЗОГСОХГҮЙ, ИЖ БҮРЭН ТОХИЖУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ

“Ирээдүйн алдартан, гавьяат төрүүлэх 1000 төгрөг” хандивын аяныг эхлүүлээд буй У.Уянгоогоос цөөн асуултад хариулт авсан юм. Тэрбээр 2007 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 12 жилийн сургуулийг төгссөн ажээ.

-Аян эхлүүлэх санааг Н.Нарантуяа багшийн постноос анх олов уу. Эсвэл анхнаасаа төлөвлөж байв уу?

-Би өөрөө энэ сургуулийн сурагч байсан. Тиймдээ ч нутаг орон руугаа байнга санаа чилээж, орон нутгийнхаа пэйжээр зочилж байдаг хүний нэг л дээ. Гэтэл манай хөгжмийн багш Н.Нарантуяа маань “Хүүхдүүдийн хэрэглэж ирсэн ширээ хэмхрээд хүүхдүүд маань эвдэрсэн ширээнд суухгүй гээд байх нь зөв л юм даа. Нутгийн олон минь хөгжмийн танхимын явган ширээг солиод өгөөч. Засаад засал авахгүй юм” гэсэн постыг Дэлгэрхангай сумын албан ёсны пэйж рүү оруулсан. Үүнийг хараад үнэхээр сэтгэл өвдсөн. Манай нутаг чинь алдартан, авьяас билэгтэй хүмүүсээрээ алдартай шүү дээ. Энэ сургуулиас өдөр бүр л авьяастан төрж байдаг гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Тиймээс тэрхүү авьяастнуудыг төрүүлдэг энэ танхимаа тохижуулахын тулд нутгийн иргэдээсээ тусламж хүссэн аяныг эхлүүлсэн. Хамгийн гол нь 1000 төгрөг ч багадахгүй ээ гэсэн санаа.

-Аяны хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулах вэ?

-Одоохондоо аяныг албан ёсоор эхлүүлээд, нутгийн иргэдээ уриалаад явж байна. Өөрийн бодол нутгийн иргэд, олон нийтийн тусламжтайгаар зөвхөн ширээг нь шинэчлээд зогсохгүй, иж бүрэн тохижилт хийх төлөвлөгөөтэй байгаа. Мөн бас бус зарим ажлыг хийхээр нутгийн холбогдох албан тушаалтнуудтай уулзахаар төлөвлөж байна. Бид ярилцаад "Дундговь аймгийн Дэлгэрхангай сум" пэйжийн админ Д.Наранбаатарын нэр дээрх дансыг аяны албан ёсны данс болгохоор шийдсэн. Д.Наранбаатарын хувьд өмнө нь ижил төстэй олон аяныг зохион байгуулж байсан туршлагатай нэгэн.

Нутгийн ард түмэн минь, урлаг соёлын алдартнууд маань энэхүү аянд идэвхтэй оролцоорой гэж уриалж байна.

-Аян хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Гуравдугаар сарын 27-ныг хүртэл 14 хоногийн хугацаатай байхаар төлөвлөсөн.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(66.181.178.141) 2019 оны 03 сарын 24

аргагүй энэ ширээ маш муу хэврэг ширээ.Ширээ авах гэж байснаас модыг нь авч ѳгѳѳд нутгийн мужаануудаар хийлгэвэл насны юм болно

0  |  0
зочин(202.131.245.69) 2019 оны 03 сарын 14

модон хөлтэй болгоод шруптчих. тэгвэл бүр бат бөх болохоор юм байна. нөгөө найр хийгээд байдаг нутгийн зөвлөлийнхдөө хэлсэн үү.

0  |  0
Top