Чөлөөт бөхийн “Дэлхийн Цом”-д оролцох АНУ-ын шигшээ баг ОХУ-ын Якутскт өчигдөр газардлаа. Якутын нисэх буудал дээр АНУ-ын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Билл Задик “Спорт Якутии” агентлагт ярилцлага өгсөн байна.
-Багаа танилцуулаач.
-Манайх 11 тамирчинтай. Энэ жилийн “Дэлхийн Цом”-ын тэмцээн маш өрсөлдөөнтэй болно. Бүх баг хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа учир хэн нь ч түрүүлэх боломжтой. Манай шигшээ баг маш сайн бэлтгэсэн тул тэмцээн эхлэхийг тэсэн ядан хүлээж байна.
-Түрүүлэх хамгийн магадлалтай баг гэвэл?
-Нутагтаа тэмцээн зохион байгуулж байгаа ОХУ-ын шигшээг мэдээж нэрлэнэ. Тэд өнгөрсөн ДАШТ-д багийн дүнгээр тэргүүлсэн тул одоогийн байдлаар дэлхийд хамгийн хүчирхэг баг. Гэхдээ бусад багууд ч хүчтэй гэдгийг дахин хэлмээр байна. Гүрж, Иран гээд л.
-Харамсалтай нь манай бөх сонирхогчид танай багийн олимпийн аварга Кайл Снайдер, дэлхийн аварга Дэвид Тейлор нарын барилдааныг харахгүй нь.
-Олимпийн өмнөх жил гэдгээрээ тэмцээн уралдааны хуваарь маш шахуу, хэцүү байгаа. Багийнхаа томчуудыг бид чансааны оноо олгох тэмцээнд оролцуулахаар шийдсэн. Тэд Красноярск, Болгарт барилдсан болохоор амраах хэрэгтэй байлаа.
-Бэлтгэл ханав уу? Одоо хэн багийн лидер вэ?
-Бэлтгэл ханасан. Бүгд формондоо ороод хэзээ ч барилдсан бэлэн байна. Бүгд лидер гэж хэлж болохоор сайхан багтай ирсэн. Бөхчүүд минь хурц сайхан барилдаж, амжилт гаргана гэдэгт бүрэн итгэлтэй байна.
АНУ-ын шигшээ баг
57 кг. Зак Сандерс, Зейн Ричардс
61 кг. Нико Мегалудис
65 кг. Зейн Резерфорд
70 кг. Жейсон Чемберлен
74 кг. Исайя Мартинес
79 кг. Томас Гант
86 кг. Сэм Брукс
92 кг. Хейден Зилмер
97 кг. Кивен Гадсон
125 кг. Тони Нельсон
Сэтгэгдэл ( 0 )