Олимпийн наадам, сүмо бөхийн башё болгон дээр харагддаг, Японы спортын хамгийн том хорхойтон Олимпийн өвөө энэ сарын 9-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Ямада Наотоши өвөө 92 настай байлаа.
Олимпийн өвөөгийн албан ёсны цахим хуудсан дээр “92 жилийн спортын фэний амьдралаа дуусгаж, мөнхөд нойрсохоор одлоо. Маш их баярлалаа” гэсэн албан ёсны бичлэг орсон байна.
Олимпийн өвөөтэй салах ёслол 4-р сарын 16-нд 14 цагаас Токио хотод болно. 2020 оны олимпийн наадам зохин байгуулах эрхийг Японы нийслэл Токиод олгосны дараа Ямада Наотоши өвөө “Токиогийн олимпийг 94 насандаа үзнэ” хэмээн баярлаж байсан ч мөрөөдөл нь биелсэнгүй.
Тэрбээр 1964 онд анх Токиогийн олимпийн наадмыг үзсэнээсээ хойш “Рио-де-Жанейро 2016” олимп хүртэл бүх олимпийг газар дээр нь очин, үзэж, багаа дэмжиж байлаа. Наран орны далбаатай малгай өмсөж, дэвүүр барин тамирчдаа дэмжих түүнийг дэлхийн өнцөг булан бүрт мэддэг болсон байлаа. Японы баг оролцоогүй 1980 оны Москвагийн наадамд ч тэр ирсэн юм.
Олимпийн өвөөг “Сүмогийн өвөө” ч гэж нэрлэж болохоор. Башё тэмцээний үеэр телевизийн камерийн өмнө талын суудалд суун, дэмждэг бөхийн талруугаа дэвүүрээр даллан сууж байгааг нь монголчууд бид олон харсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Магван гуайг юм болов уу гэж бодлоо. Зүрх савлулаад хаячихлаа байна