Энэ сарын 18-нд "Нью-Йорк Никс” багт ялагдсаныхаа дараа “Лейкерс”-ийн Леброн Жеймс “Тоглолтын сүүл хэсэгт муу тоглосондоо би харамсаж байна. Шийдвэрлэх мөчид алдаа гаргасан минь муу хэрэг. Сүүлчийн довтолгоонд бөмбөг шидэж чадаагүйдээ харамсаж байгаа. Мэдээж энэ бүхэн надад таалагдахгүй байна. Гэхдээ “Лейкерс”, “Нью-Йорк” хоёр ямар ч ялгаа байхгүй хоёр баг. Хэн хэн нь хасагдсан болохоор хэн хэн нь ирэх улиралд анхаарлаа хандуулж байгаа” гэж хэлжээ.
Уг нь Леброн Жеймс энэ тоглолтод их бэлтгэсэн. “Детройт”-той хийх тоглолтоос чөлөөлөгдөж, амраад авсан. “Никс”-ийн эсрэг ч 35 минутын дотор 33 оноо авч, 8 оновчтой дамжуулалт өгөн, 6 удаа самбараас бөмбөг авч, бүх юм төлөвлөгөө ёсоор болж байлаа.
“Лейкерс” тоглолт дуусахаас 3 минутын өмнө 11 оноо, 2 минутын өмнө 7 оноогоор тэргүүлж явсан. Жеймс ч гайхалтай сайхан дамжуулалт өгч байлаа. Гэвч энэ ялагдлын гол буруутан нь тэр болсон. Сүүлийн 2 минутад 4 шидэхдээ бүгдийг нь алдаж, сүүлийн мөчид довтлох гээд хорват хамгаалагч Марио Хезонид даруулж орхисон. “Лейкерс” ахиад л ялагдлаа – 123:124.
Сэтгэгдэл ( 0 )