Назарбаевын том охин Сенатын танхимын дарга болов

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын том охин Дарига Назарбаева тус улсын Сенатын танхимын дарга болжээ. “Назарбаевын охин Бүгд найрамдах Казахстан улсын төрийн хоёр дахь том хүн боллоо” гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Казахстаны улс төрийн тогтолцооны хоёр дахь том албан тушаалд түүний нэрийг шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэвшүүлжээ. Казахстаны Сенатын танхимын гишүүд 55 настай Дарига Назарбаеваг даргын албан тушаалд томилохыг санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Дарига Назарбаева 2016 онд Сенатын дээд танхимын гишүүнээр сонгогдож байжээ. Тэрбээр Казахстаны хоёр дахь Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бүх мэдлэг чадвараа ашиглан ажиллах болно гэдгээ амалсан байна.

Назарбаевын том охин 2003 онд улс төрийн нам байгуулж, орлогч даргаар нь томилогдож байв. Харин 2006 онд намаа эцгийнхээ Нур Отан намтай нэгтгэжээ. Дарига Назарбаева мөн Казах, ОХУ-д мэдээгээ цацдаг “Хабар” агентлагийг хариуцан ажиллаж байв.

Назарбаеваг 2007 онд парламентын даргын орлогчоор ажиллаж байхад нь гэр бүлтэй нь холбоотой том дуулиан дэгдсэн билээ. Үүнээс болж Дарига улс төрийн карьераа орхиж байгаад дахин улс төрд хөл тавьсан байдаг.

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев гурван охинтой юм. Тэд бүгд тэрбумтнууд гэж олон улсын хэвлэлүүд бичдэг. Том охин, өдгөө улсынхаа хоёр дахь том хүн болоод байгаа Дарига нь 20 настайдаа Рахмат Алиевтай гэрлэж, гурван хүүхэд төрүүлсэн ч түүний нөхөр Ерөнхийлөгч хадамтайгаа муудалцаж, Казахстанаас зугтсан гэгддэг. Тэрээр 2015 онд Австрийн шоронд нас баржээ.

Казахстаны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Касым-Жомарт Токаев өчигдөр /2019.03.20/ тангарагаа өргөсөн. Тэрбээр “Казахстаны ард түмэнд үнэнчээр үйлчилж, Үндсэн хуулиа чандлан мөрдөж, ард иргэдийнхээ эрх чөлөөг дээдэлж, Ерөнхийлөгчийн үүргээ чин сэтгэлээсээ биелүүлэхээ амалж байна” гэсэн юм.

Өдгөө 65 настай Касым-Жомарт Токаев нь улс төрийн арвин их туршлагатай. Тухайлбал, тэрбээр 2003-2007 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд, 2007-2011 онд Сенатын гишүүн, дарга, 2011-2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Женев хот дахь НҮБ-ын Европын салбарын тэргүүнээр ажиллаж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top