Н.Назарбаев яагаад албан тушаалаа өгөв?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсууд болон гуравдагч ертөнцийн улс орнуудад төрийн дээд албан тушаалтайгаа эцсээ хүртэл зууралдах үзэгдэл ёс мэт бий. Бараг үхлийн ирмэгт тулж ирээд байгаа Алжирын өнөөгийн удирдагч Бутефлика энэ жил тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх гэж оролдсон бол 2017 онд Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе  төрийн эргэлтийн дүнд огцорч байхдаа 93 настай байсан. Нурсултан Назарбаев гэтэл хуучин социалист орны эсвэл гуравдагч ертөнцийн улсын удирдагчийн хувьд хэзээ ч эгэл байгаагүй. 29 жил тасралтгүй Казахстан улсыг удирдсан тэрбээр албан тушаалаа өгөх болсноо мэдэгдсэн нь тус улсыг төдийгүй бүс нутаг, олон улсыг шоконд оруулав.

Нурсултан Назарбаев Ельцины замаар явж байна гэж зарим шинжээчид дүгнэж эхлэв. Ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ тэрбээр “Зөвлөлтийн гэгдэж байсан эзэнт улс нурсны дараа” Казахстан улсын олсон амжилтыг дурдаж, Казахстан улсын ирээдүйг хэрхэн харж буй талаар ярив.  Тэрбээр Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, өөрийн “Нур Отан” намын даргын албан тушаалыг өөртөө хадгалж үлдээв. Харин тэр албан тушаалаасаа татгалзах болсон шалтгааны талаар нэг ч үг унагасангүй.

Казахстаны ард түмэнд эрх баригчид солигдох нь гэсэн дохио энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр ирсэн гэхэд болно. Учир нь Н.Назарбаев Үндсэн хуулийн цэцэд хандаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох үндэслэлийн талаар гэнэт асуулга тавьжээ. Тэр үед Казахстаны ихэнх улс төр судлаачид Назарбаев өөрийн ирээдүйг баталгаажуулахаар шийджээ гэж тайлбарлаж байв. 2020 онд дуусгавар болох бүрэн эрхээсээ татгалзах болсон шалтгаан нь юу вэ гэдэгт шинжээчид өөр өөрсдийн дүгнэлтийг хийж эхэлжээ.

Казахстаны нэгэн улс төр судлаачийн хэлснээр өнөөдөр Казахстан улс нийгэм, эдийн засгийн асуудалтай тулгараад байгаа бөгөөд магадгүй үүнийг шийдвэрлэхэд Назарбаевт хүнд байсан байх. Нуруун дээрээ үүрч буй хариуцлагаас залхсан ч байж болох. Сүүлийн үед түүний нэр хүнд унаж эхэлсэн бөгөөд залуучуудын дунд түүнийг эсэргүүцэх уур амьсгал бий болсон. Гэхдээ тэрбээр улс төрд хэвээр үлдэж, чухал албан тушаалуудаа хадгалан үлдсэн гэж дүгнэсэн бол зарим судлаачид Назарбаев огцорсон нь бус харин эрх мэдлээ Сенатын спикер Касын-Жомар Токаевт шилжүүлсэн нь анхаарал татаж байна гэж онцолжээ. Энэ бүхэн Ельцин Путинд эрх мэдлээ шилжүүлж байсан тэр үйл явдлыг санагдуулж байна. Казахстаны хамгийн нэр нөлөөтэй, хүчтэй улстөрчдийн нэг болох Токаев урьд нь Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын албан тушаал хашиж байсан ба тэрбээр харьцангуй залуу, мөн нэр хүндтэй. Магадгүй Казахстаны ирээдүйн ерөнхийлөгчийн нэр нь Токаев байх талтай гэж судлаачид таамаглаж байна. Назарбаев охиндоо эрх мэдлээ шилжүүлэх бий гэж бүгд айж байсан. Энэ тохиолдолд улс оронд жинхэнэ эмх замбараагүй байдал үүсэх байлаа. Харин Токаев гарч ирснээр Казахстаны “хувьцаа” маргаангүй өснө.

Нурсултан Назарбаев өөрөө Төв Азийн бусад улс орны удирдагчидтай өөрийг нь жишихэд ихэд дургүйцдэг байжээ. Тэтгэврийн насанд хүрсэн хамгийн дотнын хамтран зүтгэгчдээ хайр найргүй гавьяаных нь амралтад гаргадаг байв. Энэ оны хоёрдугаар сарын 21-нд тэрбээр Казахстаны орчин үеийн түүхэнд анх удаа засгийн газраа огцруулсан. Казахстаны удирдагч өөртөө багагүй хатуу хандав. “Казахстаны Брежнев” болохыг хүсээгүй тэрбээр Казахстаны Дэн Сяопины дүрийг сонгов. Тэрбээр төрийн жолоог мэргэжлийн дипломат, зөөлөн, ухаалаг хүнд шилжүүлэв. Гэсэн хэдий ч “Елбасы” буюу үндэстний удирдагч статустай Назарбаев явсан ч мөн үлдсэн. Одоогийн байдлаар нөхцөл байдал ингэж харагдаж байна.
 

 

Назарбаевын огцрох өөр бодит шалтгааныг олохын тулд өнгөрсөн цагийг эргэн дурсъя. Нурсултан Назарбаевын хүргэн агсан Назарбаевын өвчний тухай мэдээллийг анх түгээсэн. Казахстаны ерөнхийлөгч асан түрүү булчирхайн хавдартай бөгөөд мэс ажилбарт орж байжээ. Нас болон эрүүл мэндийн хүчин зүйлс энэхүү зоригтой шийдвэр гаргахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байх магадлал өндөр байна.

НАЗАРБАЕВЫН ГАВЬЯА

1991 онд Казахстаны анхны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Назарбаев 98.7 хувийн дэмжлэг авч, сонгогдсоноос хойш өнөөг хүртэл тасралтгүй таван удаа сонгогджээ. Түүний рейтинг 92 хувиас доош бууж байгаагүй.  30 жилийн турш Казахстаныг удирдахдаа Назарбаев улс орноо бусад хуучин социалист улс орнууд дундаас эдийн засгийн дээд үзүүлэлттэй, хамгийн амжилттай улс орон болгожээ.

Өөрийн гэсэн эдийн засгийн хөгжлийн моделийг бий болгосон, нийгмийн салбарт шинэчлэл хийсэг, төрийн удирдлагын системийг боловсронгуй болгосон, ястан хоорондын нэгдмэл байдлыг бэхжүүлсэн, олон улсын тавцан дахь тус улсын нэр хүнд, үүргийг нэмэгдүүлсэн гээд Назарбаевын байгуулсан гавьяа их.
 

Тэрбээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бараг бүх улсын нэрвэгдсэн үндэстэн хоорондын мөргөлдөөнөөс өөрийн улсаа аварч чадсан. Назарбаев тэнцвэртэй гадаад бодлого явуулсны үрээр ОХУ-тай найрсаг харилцаагаа авч үлдсэний зэрэгцээ баруунтай амжилттай хамтран ажилласан.

Эцэст нь ойрын жилүүдэд тус улсад хувьсгалт өөрчлөлт гарахгүй нь тодорхой байна. Түүнд “Элбасы” буюу үндэстний удирдагч хэмээн статусыг бүх насаар нь олгосон бөгөөд Аюулгүй байдлын зөвлөл, эрх баригч намын тэргүүний албан тушаалаа авч үлдсэн. Түүний олон жил итгэж явсан хүн, сенатын спикер Касым-Жомар Токаев Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэх болсон.
 

Касым-Жомар Токаев Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль, Бээжингийн хэл судлалын дээд сургуулийг төгссөн. Казахстан улсын ерөнхий сайд, гадаад хэргийн сайдын албан тушаал хашиж байсан тэрбээр 2007 оноос Казахстаны парламентын дээд танхимын дарга, 2013 оноос хойш сенатын спикерээр ажиллаж байна.

Касым-Жомар Токаевт ерөнхийлөгчийн эрх мэдлийг шилжүүлэн өгсөн нь тус улсын улс төрийн талбарт хуучин үе шинэ, залуу үеэр солигдох үйл явц эхэлж буйг илтгэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шгаошаоанроөаро(64.119.20.107) 2019 оны 03 сарын 20

токаев улсын нийслэлээ нурсултан гэж нэрлэе гэж санал гаргажээ. казахууд хөөрхийс амьтад юм аа

0  |  0
Top