Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын охин хүүгийн хамтаар Лондон дахь Бейкер гудамж дахь домогт мөрдөгч Шерлок Холмсын амьдарч байсан байшинг эзэмшдэг гэж “Times” сонинд мэдээлжээ.
Тус сонины эх сурвалжийн мэдээллээр, 2015 онд Бейкер стрит дэх үл хөдлөх хөрөнгийг Дарига Назарбаева болон түүний хүү Нурали Алиев эзэмшиж байжээ.
Шерлок Хомсын 221В байшингаас гадна Назарбаевын үр хүүхдүүд Бейкер гудамжны 215 ба 237 байшингуудын хоорондох газар болон хэд хэдэн байшинтай аж. Тэдний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөний нийт өртөг 140 сая фунттэй тэнцэх гэнэ. Санхүүгийн тунгалаг байдлын төлөө тэмцдэг “Global Witness” төрийн бус байгууллага 2015 онд Бейкер стрит дэх үл хөдлөх хөрөнгө Нуралигийн эцэг Рахат Алиевын эзэмшлийнх байсныг тогтоосон байна. Хожим нь Рахат Алиев гэмт бүлэглэл зохион байгуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан, улсын мөнгө завшсан хэрэгт буруутгагдаж, 2015 онд Австрийн шоронд байхдаа амиа хорлосон байна.
2018 онд Их Британи Тодорхойгүй эх үүсвэртэй хөрөнгийг хураах тухай хууль хүчин төгөлдөр болжээ. Энэ хуулийн дагуу гаднын иргэд 50 мянгаас дээш фунтын активын эх үүсвэрийн тайлбарлах үүрэгтэй юм. Тус хуулийн дагуу хамгийн түрүүнд Азербайжаны Олон улсын банкны тэргүүн асны эхнэр Замира Гажиеваг шалгаж байсан бол хоёр дахь хэрэгт нь Нурали Алиевтай холбоотой. Тэрбээр Британийн нийслэлийн хойд Хэмпстед дүүрэгт газар доор усан сантай, кино театртай хувин эдлэн худалдан аван байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Лондонгийн өндөр шүүх эл үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэргийг Нурали Алиевын талд шийдэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )