Өөрөө Казахстан байсан Назарбаев өдгөө зүгээр л ЕЛБАСЫ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Нурсултан Назарбаев Диснейлендийн Микки Маусын адил Казахстанд хаана л бол хаана тааралдана. Түүний нэрээр гудамж, хотуудыг нэрлэсэн бол харин өөрөө тэрбээр елбасы буюу ард түмний удирдагч, үндэстний эцэг хэмээн нэрлэгджээ.

Тусгаар тогтносон Казахстаны анхны ерөнхийлөгч 1989 оносоо хойш төрийн жолоог атгасан. Гэвч ард түмний дунд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан эхэлмэгц 81 настай эцэг ор сураггүй алга болов.

Шинэ жилийн дараа үүссэн үймээн самууны улмаас олон арван мянган хүний амь үрэгдэв. Эмх замбараагүй байдал намжаагүй байгаа ч Казахстан дахь эрх мэдэл шилжих үйл явцыг түргэтгэв. Назарбаев одоогийн төрийн удирдлага дахь цорын ганц албан ёсны үүргээсээ салав. Тэрбээр Аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэхээ болив.

Назарбаев зүгээр л елбасы-гаараа үлдэв

2019 онд Назарбаеваас Казахстаны ерөнхийлөгчийн албан тушаалыг авч байсан Касым-Жомарт Токаев өөрийгөө Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр томилов. 2021 онд Токаев Назарбаеваас Казахстаны ард түмний ассамблейн дарга, эрх баригч “Нур Отан” намын даргын албан тушаалыг шилжүүлэн авч байв.

Гэсэн хэдий ч “үндэстний эцэг” гэх цол үүргээ гүйцэтгэсээр. Тус улсад болж буй бүхий л явдлыг Назарбаев, түүний гэр бүл, тойрон хүрээлэгчидтэй нь холбоно. Жагсагчид “Өвгөн, зайл” хэмээн хашхирна. Түүний хөшөөнүүдийг буулгана. Учир нь

одоогийн Казахстан Назарбаевын үед ийм болжээ.  

Асар уудам нутаг дэвсгэр, том амбицтай, түүхий эдийн асар их нөөцтэй Казахстан хүн ам багатай, дэлхийн болон олон улсын тавцанд түүнээс ч бага нөлөөтэй. Назарбаевын үед олон ургалч үзэл, иргэний нийгмийн эмзэг нахиаг хатуу хучилттай замын дор булшилсан. Харин ядуу, хоосны хооронд асар их ялгаа бий болжээ.

Гэр бүл, эд хөрөнгө, баруун

Казахстанд 20 сая орчим хүн амьдардаг. Ингэхдээ тус улсын эд баялгийн тал хувь нь 200 хүний гарт төвлөрчээ. “Credit Suisse Research Institute” байгууллагын шинжээчдийн тооцоолсноор, хүн амын 0.2 хувь нь л саятнууд. Тэд хилийн чанадад амьдрахыг илүүд үзнэ. Тэд баруунд, ялангуяа Лондонд дуртай.

Их Британи өгөөмөр хөрөнгө оруулагчиддаа иргэншил олгож байсан 2008-2015 оны хооронд “алтан виз”-ийн дарааллын эхний эгнээнд казахстанчууд зогсож байв. Энэ хугацаанд 200 гаруй казах саятан тус улсад амьдрах эрх олж авчээ. Тэдний Лондонгийн үл хөдлөх хөрөнгөнүүдийг улангассан мэт худалдан авч буй байдал олон түмний, улмаар хууль хяналтынхны анхаарлыг татав.

Британичууд Назарбаевын охин Дарига, зээ хүү Нурали Алиевын хоёр хаус, орон сууцнуудыг битүүмжлэхийг оролдож байжээ. Гэвч тэд үл хөдлөх хөрөнгөө Даригагийн хуучин  нөхөр болох Австрийн шоронд нас барсан Рахат Алиевын бус өөрсдийнхөө мөнгөөр худалдан авснаа нотолж чадсан. Сүүлийн жилүүдэд Назарбаевын гэр бүл Европт тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө хэрхэн худалдан авч буй талаарх мэдээлэл байнга гарч ирэх болсон. Магадгүй энэ бүгд ард түмний уур хилэнг улам бүр дэвэргэсэн байх талтай. Харин одоо Назарбаев үүний төлөө улс төрийн өндөр үнэ төлөх болж байна гэж АНУ-аас Казахстанд сууж байсан элчин сайд Уильям Куртни үзэж байна.

Энэ бүх таагүй зүйлийг үл тоон, Назарбаевын гэр бүл ч тэр, тухайн үеийн элитүүд ч тэр үргэлж баруун руу тэмүүлж байв. АНУ болон Европын томоохон хэвлэлүүдэд Казахстаны ололт, амжилтын талаар сурталчилгааны бүхэл бүтэн материалууд байнга шахам гарах нь атаархмаар. Казахстаны томоохон компаниуд Лондонгийн бирж дээр хувьцаагаа арилжина.

Нийслэл Нур-Султан хотыг барууны од болсон архитекторууд барьж, улмаар арилжаа, иргэн, арбитрын хэргүүдээ шударгаар шүүлгэхээр өндөр цалинтай англи шүүгчдийн урин залжээ.

Үндэсний хөлбөмбөгийн багаа хүртэл 2002 онд Азийн холбооноос Европын хөлбөмбөгийн холбооны харьяанд шилжүүлсэн. Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ ийнхүү авсан ч өнөөг хүртэл ЕАШТ-нд оролцох эрхээ авч чадаагүй л байна.

Ядуурал, авлига, хоосон мөрөөдөл

Барууны хэв маягт багтах хүслээрээ Назарбаев хөрш Узбекистан, Туркмен,Тажикстаны авторитар удирдагчдаас ялгаатай. Гэвч улс төр болон нийгмийн амьдралын эрчлээс чангарах тоолонд Казахстан барууны эсрэг чиглэлд улам бүр зүтгэнэ. Эдийн засгийн хувьд Хятад, улс төрийн хувьд Оросоос улам бүр хамааралатай болно. Оросын тусламжгүйгээр дотоодынхоо аюулгүй байдал, хэв журмыг хүртэл хангаж чадахгүй нь өнөөгийн хямралаас харагдана.

Токаев үймээн самуун дэгдээгчдийг алан хядагч хэмээн цоллон, үймэн самууныг шийдэмгий дарах амлалт өгч, хилийн чанадаас хууль хүчнийхний тусламж хүсэв. Хэрэв эрх баригчид амласан шинэчлэлийнхээ оронд дотоод бодлогоо чангатгавал Назарбаевын хагас цагаан хоолтны үеийн барууныг дэмжсэн сүүлчийн мөрөөдөл елбасы-гийн араас арилж одно. “Казахстаны элитүүд нэлээд даяарчлагдсан үзэлтэй. Тэд хэлмэгдүүлэлт, тусгаарлалтын Орос-Беларусийн хувилбарыг таашаадаггүй” гэж Харвардын их сургуулийн Орос, Еврази судлалын төвийн судлаач Наргис Касенова ярьжээ. Гэхдээ тус улс элитүүдийн мөрөөдлөөсөө сайн дураараа ухрах тэр мөчид тулж ирээд байна.

Касеновагийн үзэж буйгаар, Казахстан улс нь системийн ноцтой асуудалтай нүүр тулсан бөгөөд удаан хугацаанд шийдэлгүй хойшлуулах боломжгүй болсон. Үүнийг бүгд ойлгож байгаа.

Назарбаев 30 гаруй жилийн турш ард түмэндээ хөгжил, цэцэглэлтийг амласан ч амжилт нь дэндүү дулимаг. Энэ бүх хугацаанд эдийн засаг нь зогсолтгүй өссөн ч орлого нь тэгш бус хуваарилагдсан. Казахстан түүхий эдийн экспорт, Хятад дахь эрэлт, Орос дахь нөхцөл байдлаас хамааралтай хэвээр байна.

Эл хамаарлыг эхлээд дэлхийн санхүүгийн хямрал тодорхой харуулсан. Үүнтэй зэрэгцэн авлига цэцэглэсээр. Назарбаев Казахстан-2020 төлөвлөгөөндөө улс орноо авлигагүй улс орнуудын жагсаалтын эхний эгнээ рүү аваачихыг амласан. Гэвч энэ үзүүлэлтээр Казахстан нь 180 орноос 94-т жагсаж байна.

Өөрчлөлтийн цаг нь ирсэн талаар шинжээчид олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Назарбаев гэнэт өөрийнхөө суудлыг Токаевт тавьж өгөх үед залгамжлагчийг нь “нийгмийн камиказе” гэж нэрлэж байв. Назарбаев түүнийг зодуурыг хүү болгож, хамаг бохир ажлаа үлдээж, өөрөө үндэстний эцгийн өндөр сэнтийд заларсан гэж үзэж байв. Түүнээс  хойш хоёр жил хагас өнгөрсөн. Үүнээс хоёр жил нь ковидын жилүүд. Цар тахал нийгмийн халамж, эрүүл мэндийн системийн асуудлыг ил гаргаж, нийгмийн эрчлээсийг улам чангатгав. Үр дүнд нь олны дургүйцэл улам ихсэв.

Өдгөө хүүг зодох цаг нь иржээ. Харин энэ үүргийг хэн гүйцэтгэх вэ гэсэн асуулт тавигдаж байна. Токаев уу эсвэл Казахстаныг тайван бус 2022 он руу хөтлөн оруулсан солигдошгүй эцэг нь үү? Эх сурвалж: ВВС 
 

Top