Өнөөдөр Наурызын баярын өдөр. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хөл хорионы улмаас хоёр жил гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэсэн Наурызын баяр энэ жил өргөн дэлгэр болж байна.
Казахстанд л гэхэд Наурызын баяр гуравдугаар сарын 14-нөөс эхэлжээ. Цар тахал, бослого үймээн, хатуу өвлийг давж, урин хавартай энх золгосон тэд баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна.
КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВ: БИД ШИНЭ КАЗАХСТАН УЛСЫГ БАЙГУУЛНА
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Алматы хотын төв талбайд болсон баярын арга хэмжээнд оролцож, ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлжээ.
Касым-Жомарт Токаев Алматы хотын "Астана" талбай дээрээс ард түмэндээ хандан "Энэ жил хүн бүр Наурызыг сайн сайханд итгэх онцгой итгэл найдвартайгаар угтаж байна. Нэгдүгээр сард манай хот дээрэмчид, террористуудын гол цохилтод өртсөн. Гэм буруугүй хүмүүс амиа алдаж, гэмтэж бэртлээ. Хотын дэд бүтцэд маш том гарз хохирол учирлаа. Гэхдээ алматычууд манай төрт улсын өмнө хэзээ ч тулгарч байгаагүй аюул заналхийллийн өмнө сөхрөөгүй. Казахстан улс та бүхэнтэй хамт байсан. Эв нэгдлийнхээ ачаар бид энэ хатуу сорилтыг даван тууллаа" гэлээ.
Токаев мөн "Шинэ Казахстаныг бүтээн байгуулах том шинэчлэл биднийг хүлээж байна. Та бүхэнтэй, залуустайгаа хамт бид шинэ улсыг бүтээн байгуулах болно. Шинэ Казахстаныг, хоёр дахь бүгд найрамдах улсыг бүтээн байгуулна. Бид чадна" гэв.
Казахстанчууд бусад түрэг, иран үндэстнүүдийн нэгэн адилаар Наурыз баяр буюу Шинэ оны баярыг гуравдугаар сарын 21-нд тэмдэглэдэг. Наурызын баяр нь дэлхийн хэд хэдэн орны үндэсний баяр нь болж, баярын өдрүүдэд бүх нийтээрээ амардаг. Эдгээр улс нь Тажикистан, Узбекистан, Туркменистан, Азербайжан, Албани, Киргиз, Македон, Турк, Казахстан юм. Мөн Наурыз баярыг Иракийн Курдистан, ОХУ-ын хэд хэдэн бүгд найрамдах улс (Татарстан, Башкортостан, Дагестан), Ойрх Дорнод, Иран, Афганистан, Энэтхэг, Пакистан зэрэг улсад, Балканы хойг дахь мусулман шашинтнууд, тэр дундаа Босни ба Герцеговинд тэмдэглэдэг.
НАУРЫЗЫН ТҮҮХ
2009 онд Наурызын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан билээ. Жилийн дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблей гуравдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын баяр болгон баталсан байна.
Наурыз нь олон зууны өмнөөс бидэнд өвлөгдөж ирсэн баяр юм. Наурыз баярыг Персийн эртний хаадын үеэс тэмдэглэж ирсэн. Энэ баярыг шах Жамшедийн үеэс тэмдэглэж ирсэн нь ойролцоогоор манай эриний өмнөх 4-6 дугаар зуун юм. Дундад Ази, Перстэй түүхэн холбоотой энэхүү баярыг өргөн дэлгэр, утга учиртай баяр байхад нь он цаг, үйл явдал огтхон ч саад болоогүй.
Энэхүү баярыг шинэ өдөр эхэлж байна гэж үзэн Шинэ оны баяр, мөн Хаврын баяр гэдэг. Гуравдугаар сарын 22-нд исламын шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлдэг. Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу Шинэ өдөр гэсэн утгатай үг юм.
БАЯРЫН УТГА УЧИР
Уламжлал ёсоор Наурызын баярын өмнө өртэй хүмүүс өрөө төлж, гомдлыг мартаж, бүхий л таагүй зүйлийг хуучин ондоо үлдээж, муухай дурсамжийг мартахыг хичээдэг. Наурызын баярын өдөр ах дүү, хамаатан садныдаа зочилж, тэднийг гэртээ урьдаг. Наурызын баярын агуулга нь үндэсний уламжлалаа хадгалсан байдал юм.
Наурызыг манай улсад 1940-өөд оны эцэс хүртэл Баян-Өлгий аймагт тэмдэглэдэг байсныг 1990 оны Ардчиллын дараа өргөн дэлгэр тэмдэглэх болж, төр засгийн зүгээс анхаарал хандуулан, өндөр ач холбогдол өгөх болжээ.
Нүүдэлчин ард түмэн болох казахууд хатуу өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяраа мал төллөн, амьтай бүхэн сэргэн, усны шувууд ирсэн үед тэмдэглэдгээрээ онцлогтой.
КАЗАХСТАНЫ БҮХ МУЖ, ХОТ БАЯРЛАЖ БАЙНА
Коронавирусний цар тахлын улмаас хоёр жил цахимаар, гэр бүлийн хүрээнд цомхон болсон Наурызын баярыг энэ жил казахстанчууд өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тус улсад Хаврын баярын үеэр олон цуврал арга хэмжээ болно. Баярын арга хэмжээ албан ёсоор гуравдугаар сарын 21-нд эхэлжээ.
Казахстаны нийслэл Нур-Султан хотод л гэхэд Хаврын баяраар 100 гаруй арга хэмжээг төлөвлөсөн байна. Казахстаны Тараз хотод Наурызын баярын арга хэмжээ гуравдугаар сарын 14-нд эхэлсэн. Хотын иргэд ардын дуугаа дуулж, үндэсний бүжгээ бүжиж, гудамж талбайд дэлгэгдсэн үзэсгэлэнг үзэж сонирхон, зугаалж байгаа бол Актобед Наурызыг гуравдугаар сарын 14-23-ныг хүртэл онцгой байдлаар тэмдэглэдэг. Мөн Петропавловск хотод Хаврын баярын үеэр олс татагчдын үзүүлбэр, мастер зураачдын уран зургийн үзэсгэлэн, ретро концерт зэрэг олон арга хэмжээ болно. Байконур хотод ард нийтийн өргөн зугаалга болж, Казахстаны бүх муж, хотуудаар баярын арга хэмжээ үргэлжилж байна.
Иргэдийн сэтгэгдэл:
Гульжаур Сабитова, Усть-Каменогорск хотын оршин суугч:
Казахстаны иргэн Гульжауар Сабитова амьдралаа үндэсний гар урлалд зориулсан нэгэн. Тэрбээр хэдэн мянган толгойн гоёл урлажээ. “Энэ бол манай баялаг. Залууст, ач зээ нартаа энэ сайхан зүйлийг хийж сурахад нь тусалж байна. Ач охин маань толгойн гоёл хийж чаддаг” хэмээн Гульжауар Сабитова ярих аж.
Тэрбээр “Хүмүүс Наурызын баярын уур амьсгалыг мэдрээсэй гэсэндээ орцоо чимсэн. Энэ бол дахин давтагдашгүй баяр. Казахстаны Наурызын баярт үндэстэн, шашны хязгаарлалт гэж байдаггүй. Бүгд ширээнийхээ ард суугаад баяраа тэмдэглэнэ” гэжээ.
Сергей Григорьев, Усть-Каменогорск хотын иргэн:
“Энэ бол маш сайхан баяр. Казахстанд олон үндэстэн амьдардаг. Үндэстэн бүр өөр өөрсдийнхөө баярыг тэмдэглэхдээ сэтгэл зүрхнээсээ ханддаг. Энэ нь үргэлж уяраам байдаг бөгөөд сэтгэл зүрхэнд хүрдэг”
Вячеслав Ветлугин, сурвалжлагч:
“Цар тахлын хөл хориотой холбоотойгоор бараг хоёр жил Казахстанд Наурызыг гэр бүлийн цомхон хүрээнд тэмдэглэсэн. Одоо үндэсний баяр маань дахиад өргөн хүрээнд болж байна. Төв талбайг чимэглэж, казахстанчуудад хаврын уур амьсгалыг мэдрүүлж чаджээ”
Алматы хотод Наурызын баяр өргөн дэлгэр болж, казахстанчууд үндэсний хувцасаараа гоёж, үндэсний наадгайгаа наадаж, тэмцээн уралдаанд оролцож, казах үндэсний дуу хөгжим эгшиглэсэн хотын гудамжийг нарлаг дулаахан цаг агаар чимж байв. Тус хотод Хаврын баярын хүрээнд 80 гаруй арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хотын бүх дүүрэгт зочдод зориулсан арга хэмжээ, Казахстаны урлагийн алдартнуудын тоглолт болж, жүжиг, шоуг толилуулжээ. Гол арга хэмжээнүүд гуравдугаар сарын 21-ний 11:00-17:00 цаг хүртэл Панфилов, Жибек жолы, Толе гудамжуудад болжээ. Алматы хотын явган хүмүүс явдаг гудамжуудад гэр барьж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.
Баярын өдрүүдээр Казахстанд хууль, хамгаалалтынхан бэлэн байдалд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хамгаална. Гуравдугаар сарын 23-наас орон даяар “Қайырымды Ұлт” сайн үйлсийн томоохон арга хэмжээ эхлэх бөгөөд асрамжийн газрын хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, өндөр настнуудад зориулан гадаа тоглолт хийх аж. Уг арга хэмжээнд сайн дурынхан, урлаг соёлынхны төлөөлөл, ивээн тэтгэгчид оролцоно.
Казахстанд 1999 оноос эхлэн үндэсний баярын хэмжээнд тэмдэглэж ирсэн Наурызын үеэр тус улсын иргэд гуравдугаар сарын 21, 22, 23-нд гурван өдөр амарна.
НАУРЫЗЫН БАЯРЫН ШИРЭЭ
Монгол түмний нэгээхэн хэсэг казах үндэстэн Наурызын баяраа энэ жил өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тэдний баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоон нэр төрлийн хоол байх учиртай. Түүний нэг нь шөл. Сонгино, давс зэрэг долоон төрлийн амтлагчтай, махны шөл ууна. Энэ шөлийг хүн бүр ууна. Баяраар олон айлд шөл уух тусмаа сайн байдаг гэж үздэг.
Казахуудын хувьд 7-гийн тоо чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд баярын хоолны орцонд ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос орно. Эдгээр долоон бүтээгдэхүүн нь амьдралын долоон өнгө, утгыг илэрхийлдэг.
КАЗАХ ТҮМЭНДЭЭ НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Сэтгэгдэл ( 4 )
новшнууд
Казак түмэндээ Наурызын баярын мэнд хүргьэ
дараагийн украйн болох магадлал бий шүү та нарт болгоомжтой байгаарай орост итгэж үл болно
баярын мэнд хүргэё бид санаа сэтгэл нэг байж л нэгдэж чадна