Казахстан улс Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын үед түүхээ эргэн харж, брэндээ шинэчлэх (ребрэндинг хийх) үндэсний хэмжээний кампанит ажлыг өрнүүлээд байна. Казах улс өдгөө өөрийгөө дотооддоо төдийгүй олон улсын тавцанд “Алтан ордны улсын залгамжлагч” хэмээн танилцуулах болов.
Казахстаны эрх баригчид 1991 онд Оросоос тусгаар тогтносноор өөрийн түүхийг бие даан эргэн харах эрхтэй болсон гэж үзэж байна.
Түүхийн энэхүү шинэ бодлого нь Орост дэлгэрсэн "казахууд Оросын эзэнт гүрэн, хожим нь ЗХУ-д нэгдэхээс өмнө төрт улсгүй нүүдэлчид байсан" гэх түүхийн хувилбарын эсрэг чиглэсэн нь тодорхой юм. Үүний сацуу түүхийг ийнхүү шинээр харж буйг Казахстаныг “Middle Power” буюу олон улсын тавцанд нөлөө бүхий дундаж гүрэн гэсэн имижийг бүрдүүлж буй Токаевын гадаад бодлогын нэг хэсэг гэж авч үзэж болно.
Алтан ордны шууд залгамжлагч
Токаев 2019 онд Ерөнхийлөгч болсныхоо дараа Астана хот болон Чингис хааны Их Монгол улсын зүүн жигүүр болох Зүчийн улс (Алтан ордны улс)-ын түүхийн судалгааг идэвхтэй дэмжиж эхэлжээ.
2021 онд тэрбээр Зүчийн улсыг судлах хүрээлэн байгуулах санаачилга гаргаж, Казахстаны төв хэсэг болох Улытау муж дахь Зүчи хааны бунхныг сэргээн засварлах чиглэл өгч байв. Саяхан хэвлэгдэн гарсан Казахстаны түүхийн долоон ботид Алтан ордны түүхийг 1465 онд байгуулагдсан Казахын хант улсын өмнөх үеийн төр улс хэмээн дэлгэрэнгүй бичжээ.
Энэ оны тавдугаар сард Астана хотод Алтан ордны улсын түүхийн талаарх олон улсын симпозиум болсон бөгөөд хурлыг Токаев өөрөө нээсэн байна. Тэрбээр хэлсэн үгэндээ Алтан ордны үеийг соёл иргэншлийн хувьслын чухал хэсэг хэмээн тодорхойлж, гуравдугаар сард баталсан Казахстаны шинэ Үндсэн хуульд "Их тал нутаг болон түүний мянган жилийн түүхийн залгамж чанарыг хадгалах нь казахуудын эрхэм үүрэг" гэж заасныг дурдав. Мөн тэрбээр “Манай улс бол Алтан ордны шууд залгамжлагч” хэмээн мэдэгджээ.
Токаев "Зүчийн улс нь Өрнө, Дорныг холбож байсан эзэнт гүрэн бөгөөд олон соёл иргэншил, төрт улс үүсэн хөгжихөд ихээхэн нөлөө үзүүлсэн улс төрийн чухал систем байсан" гэв. Тэрбээр Казахстан улс өдгөө, нэгэн цагт хүчирхэг байсан талын эзэнт гүрнийг хагас улс хэмээн дорд үзэж, нүүдэлчдийг дэлхийн түүхээс ангид оршин байсан зэрлэг бүдүүлэг ард түмэн гэж үздэг байсан хуучирсан хэвшмэл ойлголтыг эргэн харж буйг онцолжээ.
.jpg)
Бодит хэрэг дээр Төв Азийн оюун санааны хувьсал нь нүүдэлчдийн ертөнцийн эрчим, Түрэг, Монголын өвд суурилсан болохыг Токаев дурдаад, Алтан ордны эдийн засаг нь нүүдэлчин соёлын хэв маягийг хотын гар урлалын уламжлалтай хослуулж, Торгоны замын умард хэсгийг хянаж байсныг хэлэв.
Токаевын ойлголтоор Алтан ордын улс нь олон янзын соёлыг хүмүүнлэгийн болон улс төрийн түншлэлийн нэгдсэн системд нэгтгэж байсан бөгөөд өдгөө Еврази нь энэхүү түүхэн үүргийнхээ дагуу дэлхийн соёл иргэншил болон геополитикийн чухал цэг болох ёстой аж.
Крымийг нэгтгэсэн нь эргэлтийн үе болов
“Азаттык Азия” хэвлэлд өгсөн ярилцлагадаа Зүчийн улсыг судлах хүрээлэнгийн тэргүүн Жаксылык Сабитов "1990-ээд онд Казахстан дахь нөхцөл байдал маш ярвигтай, үндэсний ухамсрыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа санаа иргэний дайнд хүргэж мэдэхээр байсан үе" гэж ярьжээ. Тиймээс Казахстаны эрх баригчид казахуудын түүх болон үндэсний ухамсрын сэдвийг хөндөхөөс зайлсхийдэг байв. Нурсултан Назарбаевын үед орчин үеийн тусгаар тогтносон Казахстан улс гэсэн санааг голчлон чухалчилдаг байжээ.
Сабитовын хэлснээр, “Орос улс 2014 онд Крымийг нэгтгэсэн нь эргэлтийн мөч болсон. Нурсултан Абишевичийг Казахстан улсыг үндэслэгч гэдэгт ганцхан итгээд суух нь маш өрөөсгөл гэсэн ойлголт эрх баригчдад төрсөн тул Крымийг нэгтгэснээс хойш Назарбаевын өмнөх үеийн түүхийг илүү сонирхох болсон. Ингээд 2019 оноос түүхэн үнэнийг сэргээж, Алтан ордны улсад анхаарлаа хандуулсан. Учир нь Алтан ордны улс нь Казахын хант улсын өмнөх суурь бөгөөд үүнгүйгээр Казахын хант улсын түүхийг ойлгох боломжгүй” гэж Сабитов ярьжээ.
Бахархах зүйл үгүй
Ингэхдээ Казахстаныг Алтан ордны улсын үеэс эхэлсэн улс хэмээн сурталчлах гэсэн эрмэлзэл нь Оросын дургүйцлийг хүргэх нь дамжиггүй. Орост Алтан ордыг татар-монголын дарлалын үеийн зовлон зүдгүүрээр төсөөлөн хардаг байна.
Токаев улс орон, ард түмнүүдийн хоорондын найрсаг харилцаанд сэв суулгахгүйн тулд түүхийг бодитоор, улс төрийн хувьд төвийг сахисан байр сууринаас судлахыг уриалж байв. Гэвч ийм уриалга Оросыг тайвшруулсангүй. “Военно-политическая аналитика” сэтгүүлийн тоймч Никита Мендкович Астанагийн симпозиумын дараа "Казахуудад Алтан ордны өвөөр бахархах үндэслэл байхгүй" гэж бичиж байв. Учир нь байлдан дагуулалтынхаа үед Алтан ордны улс казахуудын өвөг дээдсийг хомроглон устгаж, тэднийг алба гувчуур өгдөг нийгмийн доод давхарга гэж үздэг байсан хэмээн Мендкович онцолжээ.

Оросын зарим тоймчид Казахстаны Алтан ордны улстай түүхэн холбоог тодотгох эрмэлзэл нь Зүчийн улсын бүрэлдэхүүнд орж байсан Оросын зарим нутаг дэвсгэрт далдуур санаархаж буй хэрэг гэж тайлбарласан байна.
Алтан ордны улсын залгамжлагч болох гэсэн Казахстаны эрмэлзэл нь Төв Азид хурцадмал байдал үүсгэж болзошгүй гэж Узбекийн антропологич, улс төрийн философи судлаач Бахтиер Алимжанов болгоомжилж байна. Тэрбээр "Узбекистан улс 1990-ээд оны эхээр узбекуудыг Доголон Төмөр хааны үр сад гэсэн үзэл санааг гаргаж эхэлсэн. Эзэнт гүрний ийм үзэл сэргэсэн нь Төв Азийн интеграцид саад болсон" гэж Алимжанов онцолжээ. Тухайн үед Узбекистанаас өөр хөрш улсуудад ийм амбиц байгаагүй бол өдгөө Казахстан үүгээр “өвчлөөд” байна. Казахстаны Алтан ордны улсын залгамжлагч, үр сад гэсэн үзэл нь бүс нутагт хурцадмал байдлыг бий болгож байна гэж тэрбээр үзэв.
Эргэлт буцалтгүй үйл явц
Казахстаны олон түүхч, улс төрийн тоймчид Токаевын энэ бодлогыг идэвхтэй дэмжиж байгаа юм.
Exclusive.kz сайтын тоймч Марлен Зиманов "Казахын хант улс хоосон газарт бий болоогүй" гэж бичжээ. Тус хант улс нь Зүчийн улс нуран унасны дараа Зүчийн төрт ёсыг шууд үргэлжлүүлэн залгамжилсан. Казахын хаад Алтан ордны улсыг захирч байсан Чингисийн алтан ургийн төлөөлөл байв. Улс төрийн байгууллагууд, төрийн эрх мэдлийн хэм хэмжээ, цэргийн байгуулалт, төрт ёсны тухай ойлголт нь Ордны ертөнц дотор бүрэлдэн бий болсон гэж Зиманов тайлбарлажээ.
Алтан ордны өвийг ухамсарлах, эргэн харах үйл явц тус бүс нутгийн түүхэн бодит байдлын нэг хэсэг болсон гэж Казахстаны улс төр судлаач Аскат Дукенбаев үзэж байна. Үүнийг гаднынхны тайлбар, үзэл баримтлалын хүрээгээр хааж боох эсвэл зогсоох боломжгүй гэж Дүкенбаев дүгнэжээ. (Эх сурвалж: BBC)
Сэтгэгдэл ( 0 )