Майкл Садовски - Монгол наадмын тухай нийтлэл
Монгол наадам нь их хаадын үеэс эхлэлтэй олон зуун дамжсан уламжлалт баяр. Бөхийн барилдаан, нум сум харвах, морь уралдуулахыг Чингис хаан монгол дайчин бүрийн эзэмших ёстой амин чухал чадвар гэж үздэг байжээ. Эл гурван чадварыг өнөө үед Монголын хамгийн том үндэсний баяр болох Эрийн гурван наадмаар үзүүлдэг.
Орчин цагийн Наадам нь эрт дээр үед байсан шиг байхаа больжээ. Орчин үед Наадам нь жуулчин, гаднын зочид төлөөлөгчдөд зориулсан урлагийн үзүүлбэр болсон мэт санагдана. Ихэнх монголчууд хөдөөг зорьж, Наадмын арга хэмжээг гэр бүлтэйгээр зурагтаар үздэг болсон энэ үед харин олон мянган гаднын жуулчин жил бүрийн долоодугаар сард болдог гурван өдрийн баярыг үзэхээр Монголд “сүрэглэнэ”. Жуулчид Монголын өвөрмөц соёлыг үзэхээр ирдэг бол зарим нь баяр наадмын түүхэн амин сүнс болох спортын тэмцээн нь урлаг, уран сайхны үзүүлбэрийн сүрд дарагдсан гэж ярих нь бий. Наадмын нээлтийн ажиллагаанд илүү их ач холбогдол өгч, багт наадмын ижил уур амьсгал оруулахад илүү анхаардаг болжээ.
Гэсэн хэдий ч жинхэнэ Монгол Наадмыг үзэж, мэдрэхийг хүссэн аялагчдын урам хугарахгүй. Тэд хаана эл баярыг үзэх ёстойгоо л мэдэхэд болно. Нийслэл Улаанбаатар хотод болдог гол арга хэмжээтэй зэрэгцэн Монголын аймаг бүр нутгийнхны нэрлэдгээр “бичил Наадам” зохион байгуулдаг. Цэнгэлдэх хүрээлэнгийн хурц тод гэрэл, тасалбар, телевизийн зураг авалтгүй ногоон зүлгэн дээр болох бичил баяр наадам нь жинхэнэ монгол мөн чанарыг мэдрүүлнэ. Сумын наадамтай таарах нь ховор аз завшаан ч мартахын аргагүй мэдрэмж. Өндөр уулсын дунд, өргөн уудам, номин ногоон хөндийд болох Наадмыг харалгүй өнгөрөх нь бий. Харин сумын наадамтай таарах тэр мөч...
Монголд гурван долоо хоног өнгөрүүлэхдээ хоёр ч сумын наадам үзэх завшаан тохиосон би азтай аялагч. Нэг нь Архангай аймгийн Ихтамир сум, нөгөө нь Төвшрүүлэх суманд болсон наадам. Хэдийгээр би Монголд ирэхдээ Улаанбаатар хотод болох гол Наадмыг үзэх зорилготой байсан ч сумын хоёр наадам дээр л энэхүү гайхамшигтай баярыг жинхэнэ утгаар нь ойлгосон юм.
Манай аяллын баг Сибирьтэй залгаа үргэлжлэх үзэсгэлэнт уулархаг бүс нутаг Хөвсгөл нуураас хөдөлж, Шинэ-Идэрт буудаллахаар зүүн зүг чиглэсэн. Таван цаг автомашинаар давхисны эцэст замаас холгүй олон бужигнасан газрыг манай жолооч анзаарч, бидний анхаарлыг тэр даруй татав. Салхи л хөндлөн гулд гатлах Монголын уудам зэлүүд талд олон км явсны эцэст автомашин эсвэл хүнтэй таарвал азтай гэсэн үг.
Бид замаас гарч, зогсов. Автомашинаас буун, бид уулын бэл рүү чулуу ихтэй жимээр дээш алхлаа. Хэдхэн минутын дараа бидний нүдийг Ихтамир сумын наадам хужирлав. Хаа сайгүй хүүхдүүд гүйлдэж, худалдаа наймаа эрхлэгчид үндэсний бэлэг дурсгалын зүйлсээс авхуулаад хуушуур зарж, эртний андууд гэрт цугларан зун цагийн дуртай ундаа болох айраг шимнэ. Энэ газарт нэг тийм онцгой уур амьсгал, ауратай байх. Ногоон зүлгэн дээр суусан мөчөөс эхлэн ямар нэгэн онцгой зүйлийн нэгэн хэсэг болсон мэт санагдана.
Хөтлөгч микрофон авав. Бөхийн барилдаан эхлэх гэж байлаа. Бид нутгийн үзэгчдийн автомашинуудын үүсгэсэн тойрог дотор захлан сууцгаав. Автомашинаасаа барилдаан үзэх зарим нутгийн иргэд хэн нэгэн босвол даруй шүгэлдэж, суулгана. Бид ч тэдний нүднээс хол байхыг хичээж байв. Удалгүй найман бөх дэвжээн дээр гарч ирж, газар доргим хүнд алхаа бүрээрээ үзэгчдийн анхаарлыг татна. Барилдаан эхлэхээс өмнө бөхчүүд дэвэх буюу бүргэдийн бүжиг хийх зан үйл үйлдэнэ. Энэ нь хүч, зоригийг билэгддэг байна. Бөхчүүд хоёр хоёроороо нэгэн зэрэг барилдана.
Наадмын бөхийн тэмцээнд жингийн ангилал гэж байдаггүй. Залуу бөхчүүд хоорондоо барилдаж, дараагийн шатанд бадриун эрд унана. Бид нэгэн зэрэг дөрвөн барилдаан үзлээ. Уламжлалт өмсгөлтэй бөхчүүд бие биетэйгээ золгон, барилдах үед аль барилдааныг нь харах ёстойг ойлгоход бэрх байв. Гурван барилдаан хоромхон зуур болж дууссан бол хоёр бөх барилдсаар л байв. Тэдний залуу бөх нь том байх тусмаа сайн гэсэн ойлголтыг үгүйсгэсэндээ сэтгэл хангалуун байгаа харагдана. Түүнийг Буянбаатар гэдэг аж. Дэвжээний голд тэр өөрөөс нь мэдэгдэхүйц ах, өргөн учраатай золгов. Тэр хоёрын барилдаан цугларсан олны анхааралд оров. Хэдэн минут хүч үзсэний эцэст Буянбаатар өрсөлдөгчөө газарт унагалаа. Тэр даруй цугларсан олон шүгэлдэж эхлэв. Алга таших нь энэ нутагт түгээмэл биш.
Ялалт байгуулсан Буянбаатар даруухан гэгчээр бүргэдийн бүжиг хийж /дэвж/, хүндэтгэл илэрхийлэн, унасан өрсөлдөгчийнхөө хонгон дээр зөөлөн алгадав. Ингээд тэр дараагийн барилдаанаа хүлээхээр дэвжээнээс холдов. Энэ үед бид орчуулагчаасаа гуйж, залуу авьяаслаг бөхийн талаар илүү мэдэхийг хүсэж, түүнтэй ярилцлаа.
Уламжлалт зодог шуудаг гэгддэг өмсгөлтэй Буянбаатар өрсөлдөгч нь 35 настай гэж хэлэв. Нас, жингийн ангилалгүй барилдаанд хэнтэй ч учирч магадгүй гэдгийг эхнээсээ л хүлээн зөвшөөрдөг. Буянбаатар үүнийг багаасаа л мэддэг байсан. Тэр бөхчүүдийн дунд өсөж, Улаанбаатар хотод биеийн тамирын их сургуульд суралцжээ. Түүний нэр хүртэл бөх болохын тулд төрснийг билэгдэх мэт. Ээж, аав нь түүгээр ихэд бахархдаг. Залуу бөхийн хувьд нэгэн өдөр үндэсний хэмжээний тэмцээнд зодоглоно гэж итгэдэг хэмээн бидэнд хуучлав. Бороо орж эхлэхэд наадам түр завсарлав. Энэ үед би хаана байгаагаа, юу үзсэн тухай бодлоо. Ихтамир сумын наадам монгол соёлын нэгэн гайхалтай хэсэг, түүхэн тэмцээний жинхэнэ амин сүнс гэдгийг ойлгосон юм. Эдгээр бөх, нум сум харваачид, морь унаачид жуулчдад өөрсдийгөө үзүүлэх гэж энд ирээгүй. Тэд монгол соёлын амин зүрх болсон уламжлалд оролцохоор ирсэн нутгийн баатрууд. Тэд шагнал урамшууллын төлөө өрсөлдөөгүй. Тэд омог бахдал, өөрсдийнхөө болон эх нутгийнхаа төлөө өрсөлдөж буй дайчид.
Монгол наадам нь дэлхийн аль ч улс оронд миний үзэж байсан баярын арга хэмжээнээс хамгийн шударга, нандин нь. Жуулчид цэнгэлдэх хүрээлэнгийн суудлаас олон мянган үзэгчтэй хамт энэ баярыг үзэхийг илүүд үзэж магадгүй. Гэхдээ танд наадмыг эхний эгнээнээс, хөдөө нутгийн эрч хүчтэй, золбоолог хүмүүстэй зэрэгцэн уулсын дундах уудам талд үзэх сонголт бас бий. Хэрэв та надтай төстэй зүйл мэдрэхийг хүсэж байгаа бол хоёр замын өмнө зогсохдоо илүү зэлүүд тэр л замыг нь сонгоорой.
Сэтгэгдэл ( 0 )