Азийн хөгжлийн банктай онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
59 минутын өмнө

 

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.04/ Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн асуудлаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. 

 

 

Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов.

Мөн Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулж байгаагаа тодотголоо. 

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв. 

 

 

Түүнчлэн Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт татах, ерөнхий төлөвлөгөө боловсруулах болон шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банк үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top