Дэлхий даяар сая, сая хөгжөөн дэмжигчтэй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө долоон хоног үлдлээ. Хөлбөмбөгийн спортын ноён оргил болсон энэ баяр наадамд дэлхийн 48 улсын шигшээ баг алтан дагины төлөө өрсөлдөнө. Анх 1930 онд Уругвай улсад зохион байгуулснаас хойш дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдсөн хамгийн шилдэг хослолуудыг та бүхэнд танилцуулъя.
Пеле + Гарринча /Бразил/
(1958, 1962)

Энэ хоёр хамт талбайд гарахад Бразилын шигшээ хожигдол гээчийг амсдаггүй байлаа. Тэд хамтдаа 40 тоглолтод оролцож, 36 ялж, ердөө дөрөвхөн л тэнцсэн. Ердөө хожигдож байгаагүй. Пеле бол гайхалтай ур чадвартай төгсгөгч, Гарринча бол хэний ч зогсоож үл чадах ур чадвартай бөмбөг эзэмшигч байсан юм. Тэд хамтдаа ДАШТ-ний цомыг хоёр удаа өргөсөн. Хөлбөмбөгийн ДАШТ-ний түүхэнд хамгийн хүчирхэг хослол гэдэгтэй хэн ч маргахгүй.
Кройфф + Нийскенс /Нидерланд/
(1974)

Нидерландын Тотал хөлбөмбөгийн ноён оргил нь угтаа энэ хоёр л байсан юм. Кройффын тархи энэ хөлбөмбөгийг илүү чамин болгож, бөмбөгний ард Нийскенс найдвартай байлаа. Хэрэв тэр пенальт цохих л юм бол алдана гэдгийг бараг мэддэггүй байв. Тэд энэ спортын тоглолтын ур маягийг үүрд өөрчилсөн ч харамсалтай нь алтан дагиныг өргөх хувь дутсан юм.
Зико + Сократес /Бразил/
(1982)
Хагас хамгаалалтын шугамд тэдэн шиг авьяастнууд ДАШТ-нд тодрох нь өдрийн од гэлтэй. Чухамдаа тэд хамтдаа байснаар ДАШТ-нийг илүү үзүүштэй болгож, цом өргөх магадлалтай баг нь Бразилын шигшээ болдог байв. Гэсэн ч тэд Италид 3-2 харьцаагаар хожигдон харамсалтайгаар нутаг буцсан. Магадгүй тэд түрүүлж чадаагүй гайхалтай авьяас төдийгүй, гайхалтай баг ч байж мэдэх юм.
Марадона + Валдано /Аргентин/
(1986)

Тэр жилийн ДАШТ-нд Марадона таван гоол, таван дамжуулалт өгч Валдано дөрвөн гоол оруулсан юм. Тэр дундаа шигшээ тоглолтын хоёр дахь гоолыг оруулж, түүхэнд нэрээ үлдээсэн билээ. Тэд бол ДАШТ-ний түүхэнд хамгийн зогсоогдошгүй хослол юм. Хамтдаа олдсон бүх боломжоо ашигладаг гэдгээрээ алдартай.
Ромарио + Бебето /Бразил/
(1994)

Тэд хамтдаа байхад Бразилын шигшээ хожигдож байгаагүй юм. Тэр жилийн ДАШТ-нд Ромарио, Бебето тус бүр таван гоол оруулсан. Нидерландын эсрэг гайхалтай гоол оруулсныхаа дараа хамтдаа хүүхэд бүүвэйлж байгаа мэт баяр тэмдэглэсэн нь ДАШТ-ний түүхэн мөч болон үлджээ. Тэд бол хөлбөмбөгийн ДАШТ-ний түүхэнд хамгийн үр нөлөөтэй хослол юм.
Фёллер + Клинсманн /Баруун Герман/
(1990)

Баруун Германы шигшээгээс 1990 оны ДАШТ-нд Фёллер, Клинсманн нар тус бүр гурван гоол оруулсан түүхтэй. Тэд хамтдаа эсрэг багийн хамгаалагчдын хар дарсан зүүд мэт байж, олон ч тоглолтод ялалт байгуулсан юм. Тэдний ур маяг хоорондоо харилцан адилгүй ч гоол оруулах тал дээр ижил ур чадвартай байлаа. Чухам тэд л байсан учраас ДАШТ-нд түрүүлж, энэ спортын хамгийн нөлөө бүхий хослол болж түүхэнд үлдсэн юм.
Зидан + Вьера /Франц/
(1998, 2006)

Зидан бол бөмбөг эзэмшиж, түүнийгээ удирдах тал дээр хосгүй нэгэн. Харин Вьера бол хагас хамгаалалтын жанжин байлаа. Учраа таарсан ямар ч багийн тоглогч тэднийг нэвтэлж, хаалга руу цохино гэдэг бэрхтэй. Чухам тэд л байсан учраас 1998 оны ДАШТ-нд түрүүлсэн юм. Магадгүй тэд ДАШТ-ний түүхэнд хамгийн аюултай хагас хамгаалалтын хослол байж мэднэ.
Роналдо + Ривалдо /Бразил/
(2002)

Тэд хамтдаа талбайд гарсан л бол Бразилын шигшээ хэний ч өмнөх бөхийхөөргүй байсан юм. Чухам тэд л хөлбөмбөгийг амархан мэт харагдуулж, тэмцээн бүрээ уран тансаг үзүүлбэр болгодог байсан билээ. Бразилын шигшээгээс 2002 онд Роналдо найман гоол оруулж, алтан шаахай шагнал хүртсэн бол Ривалдо таван гоол оруулсан юм. Тэр дундаа хасагдах шатанд Англи, Бельгийн эсрэг чухал гоол оруулсан юм. Тэд хасагдах шатны бүх тоглолтод ялалт байгуулсаар ДАШТ-ний цомыг бахархалтайгаар өргөсөн түүхтэй. Тэд бол 21 дүгээр зууны хамгийн аюултай довтолгооны хослол юм.
Шави + Иньеста /Испани/
(2010)

Яг 16 жилийн өмнөх ДАШТ-нд Шавигийн дамжуулалтын 91% нь оновчтой болж байсан баримт бий. Энэ бол ДАШТ-ний түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт. Харин Иньеста бол Испанийн шигшээ багийн баатар. Чухам тэр л Нидерландтай таарсан шигшээ тоглолтод 116 дахь минутад гоол оруулснаар дэлхийн аварга болж байсан юм. Тэд хамтдаа бөмбөгийг удирдаж, довтолгооныг зохион байгуулж, эсрэг багийн хамгаалалтыг нурууж байлаа. Магадгүй 21 дүгээр зууны хагас хамгаалалтын уураг тархи байсан гэвэл үнэнээс хол зөрөхгүй л болов уу.
Кафу + Роберто Карлос /Бразил/
(2002)

Тэд бол энэ спортын, энэ тэмцээний түүхэнд тодорсон хамгаалалтын хамгийн аугаа хослол юм. Кафу бол зүүн, баруунгүй гүйж бөмбөгийг холдуулж, Роберто Карлосын зүүн хөлний гайхалтай цохилт эсрэг багийн зүрхэнд шар ус хуруулдаг байлаа. Тэд байсан тулдаа Бразилын шигшээ 2002 оны ДАШТ-нд түрүүлсэн гэж ихэнх судлаачид үздэг.
Месси + Ди Мариа /Аргентин/
(2022)

Дөрвөн жилийн өмнөх ДАШТ-нд Месси долоон гоол оруулж, гурван дамжуулалт өгсөн. Ди Мариагийн тухайд Францтай таарсан шигшээ тоглолтод хоёр гоол оруулсан юм. Мессигийн дамжуулалтаар оруулсан хоёр дахь гоол нь ДАШТ-ний түүхэнд тодоор тэмдэглэх гоол байсан билээ. Тэд Аргентины шигшээ багийн төлөө 15 жил хамтдаа зүтгэсэн юм.
Мбаппе + Гриезманн /Франц/
(2018)

ОХУ-д болсон ДАШТ-нд Гриезманн гурван гоол оруулж, шигшээ тэмцээний шилдэг тоглогч болсон юм. Залуу авьяастан Мбаппегийн тухайд дөрвөн гоол оруулж, шигшээ тэмцээнд гоол оруулсан нь Пелегээс хойш анхны тохиолдол болж түүхэнд үлдсэн. Тэд хамтдаа Францын шигшээ багийн алтан үеийн гол дүр байгаад зогсохгүй, энэ алтан үеийн өнгө гундах яагаа ч үгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )