“Зуслантай зун” үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Суралцагчдын зуны амралтыг үр бүтээлтэй, сонирхолтой, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй, аюулгүй зохион байгуулах зорилгын хүрээнд “Зуслантай зун” үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тамир болон холбогдох албаны төлөөллүүд, салбарын эрдэмтэн судлаачид, зуслангуудын төлөөлөл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, суралцагчдын төлөөлөл оролцлоо.

Үйл ажиллагааны хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, талуудын санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцлээ.

“Зуслантай зун” арга хэмжээ нь хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжих нэгдсэн хөтөлбөр юм. Хөтөлбөрийг дараах 4 үндсэн чиглэлд хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:

-Эко байгаль хамгааллын боловсрол олгож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зөв дадал хэвшүүлэх;

-Эрүүл мэнд, спортын уралдаан тэмцээнээр дамжуулан бие бялдрыг нь чийрэгжүүлэх;

-Технологи ба инновацын хүрээнд «Дэлгэцгүй дижитал сургалт», робот угсралтаар логик сэтгэлгээг нь хөгжүүлэх;

-Өв соёл уламжлалын блокоор монгол ёс заншил, үндэсний тоглоом наадгайг өвлүүлэн үлдээх.

Зуслангийн хөгжлийн хөтөлбөр нь хүүхдийг нийгмийн амьдралд оролцогч байх, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, бусдыг хүндэтгэдэг, зөв иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байна.

Иймд боловсролын салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэн хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр амраах боломж нөхцөлөөр хангах, зуны амралтын хугацаанд зусланд ажиллах хүсэлтэй багш, эмч, тогооч, хоол зүйч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудыг ажлын байраар хангах зорилтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top