Дэлхийн адууны өдрийг Үндэсний их баяр наадамтай уялдуулан зохион байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Х.Ганхуяг Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах 9 салбар хорооны үйл ажиллагаа, баяр наадмын зохион байгуулах төлөвлөгөө, найруулагчийн сонгон шалгаруулалт, төсөв болон шууд дамжуулалтын талаар танилцлаа.

Хурлын үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах урлаг соёлын арга хэмжээний салбар хорооноос Монгол Улсыг гадаад болон дотоодын наадамчин олонд сурталчлан таниулах, түүхэн үзэсгэлэн, үндэсний хэмжээний томоохон соёл, урлагийн тоглолт арга хэмжээнүүдийн санал, шууд дамжуулалт, хэв журам, тохижилт үйлчилгээ зэрэг зохион байгуулалтын ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулав.

Түүнчлэн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан удирдамжийн дагуу нээлт, хаалтын арга хэмжээний зохиолын агуулга, төсвийн задаргаа, баг бүрэлдэхүүн, найруулгын төслийг танилцууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг Үндэсний их баяр наадамтай уялдуулан зохион байгуулах талаар харилцан санал солилцов.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмын НЭЭЛТ, ХААЛТ-ын тоглолтын найруулга, агуулга, уран бүтээлчдийн талаар дахин нарийвчлан танилцуулах, ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТИЙН найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, салбар хороодын төлөвлөгөө, төсвийн зардлын төслийг дахин хянан боловсруулах, гадаадад зохион байгуулагдах баяр наадмын бэлтгэл ажлыг сайтар хангаж, төлөвлөгөөний төслийг Зохион байгуулах хорооны хуралд танилцуулж, хэлэлцүүлэх үүрэг, чиглэлийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top