Н.Назарбаевын ач дүүг саатуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын ач дүү Карайт Сатыбалдыулыг хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр Казахстанд саатуулжээ.

Тус улсын Авлигатай тэмцэх газрын мэдээлснээр, түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, "Казахтелеком" хувьцаат нийгэмлэгээс их хэмжээний мөнгө шамшигдуулан гэж буруутган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Үүнээс гадна Сатыбалдыулыг үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан бусад гэмт хэрэгтэй холбоотой гэх мэдээллийг шалгаж байгаа аж.

Назарбаевын гэр бүлийн гишүүн, Нурсултан Назарбаевын дүүгийн хүү Кайрат Сатыбалдыулыг “Forbes Kazakhstan” сэтгүүл тус улсын хамгийн нөлөө бүхий бизнесменүүдийн нэгээр нэрлэж байв. 2018 онд түүний хөрөнгө 163 сая ам.доллароор үнэлэгдэж байжээ. 2015-2018 оны хооронд тэрбээр Казахстаны томоохон банкнуудын нэг болох “Kaspi” банкны хувьцааг эзэмшиж байжээ. 2016 онд Кайрат өөрийн “Alatau Capital Invest” компаниар дамжуулан "Казахтелеком" хувьцаат нийгэмлэгийн хувьцааны дөрвөн хувийг худалдан авсан байна. Казахстаны хэвлэлүүдийн мэдээллээр, Казахстаны Ерөнхийлөгч асны ач дүү “Skyline Investment Company S.A.” оффшор компанийн цорын ганц үүсгэн байгуулагч гэнэ. Тус компани "Казахтелеком" харилцаа холбооны компанийн хувьцааны 24 гаруй хувийг эзэмшдэг байна.

Байгалийн хийн үнэ хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотой нэгдүгээр сард Казахстанд үүссэн олон нийтийн хамарсан жагсаал, үймээний дараа тус улсад албан тушаалтны цуврал халаа сэлгээ, баривчилгаа явж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top