Америкийн холимог тулаанч TJ Диллашоугийн хувьд 2019 он тун хэцүү жил болж байна. Нэгдүгээр сарын 19-нд тэр доод жиндээ бууж, аваргын бүснийх нь төлөө үзэлцсэн билээ. Бээжингийн олимпийн аварга Генри Сехудо тэр хоёрын тулаан эхний минутад л Сехудогийн ялалтаар өндөрлөсөн.
Гэвч Диллашоу шүүгчийг болоогүй байхад зогсоолоо, би хүнд цохилт аваагүй байсан гэж заргалдсан. Тэдний даагаа нэхэх тулааныг зохион байгуулах хэрэгтэй гэж шинжээчид үзэн, энэ удаад TJ Диллашоугийн жинд зохион байгуулах яриа гарч байсан ч сэргээшийн асуудал бүхнийг эргүүллээ. Дээр дурдсан тулааны өмнө тамирчдаас авсан сэргээшний шинжилгээгээр TJ Диллашоугаас хориотой бодис илэрчээ. Яг ямар сэргээш хэрэглэсэн байсныг Америкийн сэргээшийн эсрэг комисс (USADA) мэдээлээгүй ч ямар ч гэсэн TJ Диллашоу шийтгүүлэх нь тодорхой байна.
TJ Диллашоу инстаграм хуудсаараа дамжуулан, “USADA болон Нью-Йорк мужийн спортын комиссоос сэргээшийн шинжилгээний дүнг мэдэгдсэн. Манай баг яагаад хориотой бодис илэрсэн, юу болсныг тодруулах талаар бүхнийг хийх болно. Бусад тамирчдаа хүндлэх үүднээс аваргын бүснээсээ сайн дураар татгалзлаа гэдгээ би UFC холбоонд мэдэгдсэн” гэж мэдээлжээ.
Түүнийг 10 мянган доллараар торгож, Нью-Йорк мужийн Спортын комиссоос (NYSAC) тулалдах эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасах болсон байна. Харин USADA ямар шийтгэл оноох нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )