ФОТО МЭДЭЭ: Наурызын баярын мэнд

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Хаврын урь орж, шинэ жил эхэлснийг казах түмэн өргөн дэлгэр тэмдэглэдэг эртний уламжлалт баяр Наурыз өнөөдөр /2019.03.22/ тохиож байна. Наурызын баяраар казах айлууд "көже” хэмээх идээ бэлтгэж, ах дүү, төрөл садан, айл хотлоороо зочлон, бие биеэ дайлан баярладаг заншилтай.

Өдөр, шөнө хоёр тэнцдэг гуравдугаар сарын 22-ныг лалын шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна.

Наурыз гэдэг нь монголчилбол "Шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо цэвэрлэгээ хийж, хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлздэг. 

Баярын өмнөх орой айл бүр идээгээ арвин бэлтгэх ба баярын ширээ идээ будаагаар дүүрэн, хэдий чинээ тансаг байна тэр жилийн амьдрал төдий чинээ өнгөлөг, ажил үйлс өөдрөг байдаг хэмээн үздэг. 

Көже нь баярын гол зоог, ихээхэн хүндэтгэлтэй идээ гэхэд орц нь тун энгийн. Ус, мах, давс, үр тариа (Энэ нь цагаан будаа, улаан буудай, эрдэнэ шишийн аль нь ч байж болно), цагаан идээ, тос, гурил гэсэн долоон зүйл ордог. Мөн хонины сүүж, чанасан толгой заавал тавьдаг байна. Эдгээр нь баяр баясгалан, амжилт ололт, цэцэн ухаан, эрүүл энх, хангалуун амьдрал, овсгоо самбаа, агуу их хийгээд тэнгэр бурхны авралыг билгэддэг гэдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top