Японы бейсболын домог Ичиро Сүзүки зодог тайлснаа энэ сарын 21-нд зарлалаа. Америкийн “Seattle Mariners” багийн тоглогч Ичиро Токиод болсон “Major League Baseball” лигийн нээлтийн “Oakland Athletics” багтай хийсэн тоглолтын дараа зодог тайлснаа зарласан юм.
Ичиро “Өнөөдөр Японд 9, Америкт 19 жил үргэлжилсэн замналдаа цэг тавьж байна” гэж мэдэгдсэн. 50 нас хүртлээ бейсбол тоглоно гэж ярьж, хэлдэг байсан ч ийнхүү 45 настайдаа талбайгаа орхилоо. Ичиро Японы “Орикс Блювейв” (1992—2000), АНУ-ын “Сиэтл Маринерс” (2001—2012), “Нью-Йорк Янкиз” (2012—2014), “Майами Марлинс” (2015—2017), “Сиэтл Маринерс” (2018) багуудад тоглож байлаа. Түүний тогтоосон рекорд амжилтыг бүгдийг тоочих аргагүй. Зарим амжилт нь Гиннесийн номонд албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Рекорд амжилттайгаа адилхан олон шагнал хүртэж байсан ч “Японы ард түмний гавьяат” дээд хэмжээний шагналаас 2001, 2004 онд 2 удаа сайн дураар татгалзаж байлаа. Гэхдээ “Энэ шагнал нэр хүндтэй сайхан шагнал ч зодог тайлах үедээ авмаар байна” гэж хэлж байсан юм. Удахгүй Японы Засгийн газраас Ичирод энэ шагналыг олгох талаар хэлэлцэж эхлэнэ.
“Ард түмний гавьяат” цол хүртсэн тамирчид
1977 он- Садахарү Оо бейсбол (Хоомран цохилт 756. Тэр үедээ дэлхийн тэргүүн амжилт болж байв)
1984- Ясүхиро Ямашита жүдо (Жүдо бөхийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн)
1987- Сачио Кинүгаса бейсбол (17 жилийн турш 2215 тоглолт дараалан талбайд гарсан. Тэр үеийн дэлхийн дээд амжилт байлаа)
1989- Чиёонофүжи сүмо (Үндэсний сүмо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн)
2000- Наоко Такахаши марафон гүйлт (Сиднейн олимпийн наадамд түрүүлж, ард олонд эрч хүч хайрласан хэмээн олгосон)
2011- Японы эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг (Газар хөдлөлт болж, Япон орныг хямрал дайрсан хүнд хэцүү жилд дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж, ард түмэндээ итгэл хайрласан)
2012- Саори Ёшида чөлөөт бөх (Олимп, дэлхийн аваргын 13 тэмцээнд дараалан түрүүлсэн)
2013- Тайхо сүмо (Шёова үеийн их аварга тэрбээр олон жилийн турш ард түмэнд итгэл найдвар бэлэглэж, хүсэл мөрөөдөл хайрласан)
2013- Шигэо Нагашима бейсбол (Бейсболыг үндэсний спорт болтлоо хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан)
2013- Хидэки Мацүй бейсбол (Америкийн мэргэжлийн лигийн плей-оффын тоглолтын шилдэг тоглогч болсон анхны япон тамирчин)
2016- Каори Ичо чөлөөт бөх (Олимпийн 4 удаагийн аварга)
2018- Ханюү Юзүрү уран гулгалт (Олимпийн хошой аварга, Шагналыг хүртсэн хамгийн залуу хүн)
Сэтгэгдэл ( 0 )