Такакэйшёо: Озэки бол бариа биш

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Японы Осака хотноо өчигдөр өндөрлөсөн мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээнд 10 давж, озэки цолны болзол биелүүлсэн 22 настай Такакэйшёод ирэх Лхагва гарагт Сүмогийн холбооноос албан ёсоор “ОЗЭКИ” цол олгоно. 22 настай шинэ озэки Хэйсэй эринд төрсөн сүүлийн озэки болж байгаа юм. Такакэйшёо озэки болох нь тодорхой болсныхоо дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Яг одоо юу бодогдож байна?

-Өнөөдөр хамаг хүчээ гаргаж, харамсах юмгүй барилдана гэж шийдсэн байлаа. Маш олон хүний тусламж дэмжлэгээр өдий хүрсэн. Тэр хүмүүс болон аав ээжийнхээ төлөө хичээж зүтгэх ёстой гэж бодогдож байна. 

-Урьд шөнө нь юу бодож байв?

-Хүмүүст шүүмжлүүлэхээр муу барилдаад байгаа хэрэг биш болохоор дүгнэлт, шинжилгээгээ тэмцээний дараа хийе, харин одоо маргааш болох ганц барилдаандаа л анхаарлаа хандуулья гэж шийдсэн.

-Заавал ялж байж озэки болох байсан...

-Бага ангиасаа хичээж, зорьж ирсэн зүйл маань юу вэ гэдгээ эргэн санаж, сэтгэлээ чангалсан. Багаасаа л дандаа өөрөөсөө том хүүхдүүдтэй барилддаг байсан. Гэхдээ энэ жижигхэн биеэ харин эсрэгээр илүү тал болгон ашиглахыг хүсдэг. Анх сүмогийн дэвжээнд орохдоо дээд зиндааны бөхчүүдийг хараад ийм том хүмүүстэй барилдана гэж үү гэж гайхаж, балмагдаж байсан ч болилгүй барилдсаар байсандаа баяртай байна.
 

-Жижиг биетэй ч сүмо барилдаж байгаа хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Би мэргэжлийн сүмогийн жижиг биетэй бөхчүүдийн барилдааныг судлаж, тэдэн шиг болохсон гэж бодож, хичээж ирсэн.

-Хаврын тэмцээний 15 хоногийг эргэн санахад?

-Сайн, муу янз янз л байлаа. 

-Цаашдын зорилго?

-Сэтгэл ханалгүй улам хичээх болно.
 

-Аав тань Ордонд ирсэн харагдсан...

-Энэ тэмцээнд аав ирсэн өдөр бүгдэд нь ялагдаад байлаа. Аав минь сүүлдээ намайг ирэхээр нь хүү ялагдаад байна гэж боддог болоод. Харин сүүлийн өдөр аавынхаа өмнө ялсандаа баяртай байгаа.

-Уран барилдааны шагнал авлаа?

-Барилдаан дуустал шагнал авснаа мэдээгүй. Уран барилддаг хүн биш болохоор их баяртай байна.

-Давчихаад дохён дор сууж байхдаа уйлж байх шиг харагдсан?

-Уйлаагүй, гэхдээ их баяртай байлаа. Би хүний өмнө нулимсаа харуулахгүй гэж аавдаа амалсан.

-Шүүгчдийн зөвлөлөөс Холбооны тэргүүн Хаккакү оякатад танд озэки цол олгох саналыг хүргүүлсэн байна?

-Хичээж зүтгэнэ гэж бодож байна.

-Озэки цолны талаар хэлэх үг?

-Огт өөр ертөнц гэж бодож байлаа.

-Удахгүй албан ёсоор зарлах болно. Ямар озэки болохыг зорьж байна вэ?

-Жижиг биетэй болохоор хав золголгүй, түлхэн довтолдог, сэтгэлийн хүчтэй озэки болохыг хүсч байна. Хоёрхон башё барилдаад цолоо алдвал ямар ч утгагүй. Озэки бол бариа биш тул улам дээш гарахыг хичээнэ л гэж хэлье.     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top